Банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сар тутам буурсаар байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлжээ. Тодруулбал, 2017 оны эхний хагас хүртэл жилд дунджаар 21-23 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүү мөн оны есдүгээр сард 20 хувьд хүрч буурсан аж.
Улмаар сар бүр бүх төрлийн зээлийн жигнэсэн дундаж хүү 0.5 хүртэлх пунктээр буурсаар өнгөрсөн тавдугаар сард шинээр олгосон зээлийн хүү 17.3 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн хоёр жилд зээлийн хүү 2.7 хувиар хямдарсан дүн юм. Ташрамд дурдахад, одоогийн байдлаар банкууд дахь нийт хадгаламж 14.2, олгосон цэвэр зээл 16.3, чанаргүй зээлийн хэмжээ 1.9 орчим их наяд төгрөг байна.