Манай улс төмснийхөө хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг. Хүнсний ногооны хувьд нийт хэрэгцээний 60 хувийг дотоодоосоо хангадаг болоод нэлээд хэдэн жил өнгөрсөн. Сүүлийн гурван жилд, жил бүр дунджаар 100 000 тонн төмс, 70 000-80 000 тонн хүнсний ногоо хураан авчээ. Хүнсний ногооны үнэ жил бүрийн 9-10 дугаар сард хамгийн хямд, харин 5-7 дугаар сард үнэд ордог аж. Тэгвэл өдгөө төмс, хүнсний ногоо болон импортын жимсний үнэ ямар байгааг сонирхлоо.
“Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг төмсийг 1000 төгрөгөөр борлуулж байв. Нэг кг шар манжин 1800, хүрэн манжин 3000, сонгино 1800 төгрөгийн үнэтэй. Мөн шинэ ургацын лууванг 2500, байцайг 3000 төгрөгөөр зарж байлаа. Түүнчлэн нэг кг амтат чинжүү 5000, өргөст хэмх 5000-8000, улаан лооль 5000-7000 төгрөгийн ханштай. Үүнээс гадна нэг боодол буюу таван ширхэг сармисыг 2000 төгрөгөөр худалдав.
Тус худалдааны төвд таван жил гаруй ногоо борлуулж буй Г.Ононтуул “Энэ зун ногооны үнэ тогтвортой байх төлөвтэй. Өнгөрсөн жилийн мөн үеийнхийг бодвол нэлээд хямдарсан. Жишээ нь, өнгөрсөн зуны өдийд бид нэг кг төмсийг 2000-2500 төгрөгөөр борлуулж байсан шүү дээ. Сонгино кг нь 2000, байцай, лууванг 3000 орчим төгрөгөөр зарсан. Үүнээс гадна түрүү жил шар манжингийн үнэ огцом өсөж, нэг кг нь 6000 төгрөгт хүрсэн. Харин энэ жил хүнсний ногоо элбэг, үнэ нь ч тогтвортой байна” гэж ярилаа.
“Баянзүрх” захад борлуулж буй хүнсний ногооны ханш “Бөмбөгөр”-ийнхтэй ойролцоо байв. Тухайлбал, нэг кг төмс 1200-1300, шар манжин 2000, хүрэн манжин 3000, сонгино кг нь 1600-1800 төгрөгийн ханштай. Шинэ ургацын ногооны хувьд байцай кг нь 3300 төгрөгийн үнэтэй. Харин өнгөрсөн жил хурааж авсныг нь 2000 төгрөгөөр борлуулж байв. Шинэ ургацын лууван 2800 төгрөгийн үнэтэй. Амтат чинжүү 5500, өргөст хэмхийг 6000 орчим төгрөгөөр борлуулж буй бол сармис нэг боодол нь 1800, хүрэн манжин 3500 төгрөгийн ханштай байлаа. Тус захаас хүнсний ногоо худалдан авсан иргэн Б.Оюунбилэг “Төмс, манжин, сонгинын үнэ хямдарчээ. Өргөст хэмх, улаан лоолийн үнэ ч өнгөрсөн өвлийнхтэй харьцуулахад буурсан байна. Харин шинэ ургацын байцай, луувангийн үнэ санасныг бодвол өндөр юм. Энэ жил зуншлага сайн, хур бороо ч элбэг учраас ахиу ургац авч, ногооны үнэ нэлээд хямдарна гэж найдаж буй” гэв.
Баянгол дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван эрдэнэ” захад борлуулж буй хүнсний ногооны үнэ дээр дурдсан хоёр захынхаас ахиу байна. Тодруулбал, нэг кг төмс 1500, манжин 2300, шинэ ургацын лууван 3000 төгрөгийн үнэтэй. Нэг кг шар сонгиныг 1800, улааныг нь 3000, цоортой сонгинын нэг боодлыг 2000 төгрөгөөр үнэлжээ. Харин өргөст хэмх кг нь 6000-9000, улаан лооль 6000, амтат чинжүүг 5000 төгрөгөөр борлуулдаг юм билээ.
Үүнээс гадна импортын зарим жимсний үнэ ханшийг сонирхлоо. “Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг усан үзэм, манго хамгийн өндөр үнэтэй байв. Тодруулбал, нэг кг усан үзэм 10 000-12 000, манго 12 000 төгрөгийн ханштай. Түүнчлэн тоор кг-ыг нь 6000-8000, лийрийг 4000-5000 төгрөгөөр зарж байсан юм. Алим кг нь 5000-6000, хан боргоцой 4500, бэрсүүт жүржийг 10 000 төгрөгөөр үнэлжээ.