Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар Осака хотноо өнөөдөр уулзана гэж “Reuters” мэдээлэв. Тэд Японы 14.00 (Москвагийн 08.00) цагт уулзах аж. Үүнээс илүү тодорхой мэдээлэл түгээгээгүй байна. Владимир Путинтэй хийх уулзалтаас юу хүлээж буйгаа Трамп урьд нь ярьсан байдаг. “Бид сайхан яриа хөөрөө хийнэ, гэхдээ би юу хэлэх нь та нарт хамаагүй” хэмээн Япон руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд хэлжээ.
Америкийн удирдагч 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцох төлөвлөгөөний талаар Путинтэй ярилцана гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тэмдэглэхдээ, хоёр талын ажил хэрэг, улс төрийн тогтвортой байдал болон Сири, Афганистан, Украин, Венесуэл, Ираны талаар ярилцана гэсэн байна. Путин, Трамп хоёрын анхны бүрэн хэмжээний уулзалт 2018 оны долдугаар сард Хельсинки хотод болж, бараг дөрвөн цаг үргэлжилсэн.
Р.ЖАРГАЛАНТ