Эрдэмтэн Этторе Майорана 1906 оны наймдугаар сарын 5-нд Италийн Сицилд төржээ. Тэрбээр гэнэт сураг чимээгүй алга болж, тиймээс түүнийг 1938 оны гуравдугаар сарын 27-нд 32 насандаа өөд болсон гэлцэх болсон байна. Палермогоос Неаполь орохоор хөлөг онгоцоор явж байх замдаа учир битүүлгээр алга болсон гэж үзэхээс аргагүйд хүрсэн аж. Гэтэл 20 жилийн дараа түүнийг яг 1938 онд байсан шигээ төрх байдалтай Аргентинд байж байхыг нь хэн нэгэн гэрэл зургийн хальсанд буулгаж авчээ.
Дайны дараа Майоранатай уулзсан тухай, тэр үед эрдэмтэн өөрийн шинжлэх ухааны хэд хэдэн нээлтийн талаар ярьсан гэх мэдээллийг мөрдөн шалгаж эхэлснийг 2011 оны гуравдугаар сард зарлав. Майоранатай хоёр дахь удаагаа уулзахаар очиход эрдэмтэн алга байсан тул түүний нээлтийн тухайд илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авч чадаагүй гэж нэгэн гэрчлэгч хэлсэн байна.
1955 онд Аргентинд авсан хүний гэрэл зургийг шинжээчид үзээд Майоранагийн нүүр царайтай төстэй юм олон байна гэж үзжээ хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байв. Майорана 1955 онд байгаа нь 20 жилийн өмнөхтэйгөө бараг ижил буй нь үнэхээр гайхал төрүүлсэн байна.
Этторе Майорана нь авьяаслаг эрдэмтэн, инженер, математикч, онолын физикч байжээ. Түүний нэрийг авсан тэгшитгэл, Майоранагийн фермион гэж ч бий болгосон аж. Нобелийн шагналт Ферми “Этторе бол маш ухаантай хүн. Хэрэв тэр алга болохоор нэгэнт шийдсэн бол түүнийг хэн ч олж чадахгүй” гэж Майоранаг алга болсныг дуулаад хэлсэн байна. Түүний хэлсэн үг үнэн бололтой.
Бидний олсон нэг мэдээллээр бол Майорана Неаполь хотоос шуудангийн хөлөг онгоцонд суун Сициль дэх Палермо хотыг зорьж яваад сураггүй болсон байна. Италийн тухайн үеийн дарангуйлагч Муссолини агсны биечлэн өгсөн шийдвэрээр Майоранаг хагас жил хэртэй эрээд үр дүнд хүрсэнгүй. Одоо цагийн хүмүүсийн нэгэн дугаар хүлээн зөвшөөрснөөр Майорана эгэлгүй ухаантай нэгэн байжээ. Тиймээс багш, Нобелийн шагналт Энрико Ферми нь шавиа Галилео Галилей, Исаак Ньютон нартай энэ зэрэгцүүлж үздэг байсан аж.
Майорана 1932 оны эхээр протон, нейтроноос бүтдэг атомын цөмийн онолыг анхлан үндэслэсэн байна. Тэрбээр нейтроныг нээхээс өмнө энэ онол дээр ажиллаж эхэлсэн аж. Майорана 1937 онд харьцангуй саармаг “неитрино”-г онолын хувьд бий болгосон бөгөөд одоо түүнийг “Майоранагийн” гэж нэрлэдэг байна. Харин физикийн шинжлэх ухаан нейтриног 40 жилийн дараа л хүлээн зөвшөөрсөн гэдэг. Майорана физикийн шинжлэх ухааны хөгжилд үлэмж нөлөө үзүүлсэн, түүнийг сураггүй болоод 70 жил өнгөрсөн хойно ч нөлөө нь хэвээр байгаа юм. Майоранагийн хүч, Майоранагийн нейтрино, Майоранагийн спинор… гэх мэт нэр томьёо физикийн шинжлэх ухаанд нэгэнт өөрийн гэсэн бат бөх байр суурьтай болжээ. Саяхан бас нэг нэр томьёо гарч ирсэн нь “майорон” юм. Энэ нь эгэл бөөмийн тухай таамаглал юм.
Эцэг, эх нь Этторе Майоранаг эхлээд гэрээр сургаж байгаад, Ромд дунд боловсрол эзэмшүүлжээ. Дараа нь лицейд орохдоо тэрбээр 17 нас хүрээгүй байлаа. 1923 оны намар Ромын их сургуулийн техникийн салбарт элсэж, ах Лучано, Эмилио Сегре нартайгаа хамт сурчээ. Чухам тэд л дүүгээ хожим физикч болох үндсийг тавьсан аж. 1928 онд Майорана Онолын физикийн дээд сургуульд шилжжээ. Уг сургуулийг алдарт Энрико Ферми удирдаж байв. 1928 онд Майорана радио идэвхт цөмийн сэдвээр диплом хамгаалж, докторын зэргийг онц хамгаалж, цаашдаа цөмийн физикийн асуудлыг судлан Фермитэй таван жил хамт ажиллажээ. Тэрбээр шугамын бус хэцүү тэгшитгэлийн хариуг төвөггүй гаргаж математикийн хосгүй авьяастай болохоо анхны уулзалтаараа л харуулж Фермигийн урмыг сэргээсэн аж.
Майоранагийн эрдэм шинжилгээний бүтээл гэж 1928-1937 онд хэвлэлд гарсан аравхан өгүүллийг үздэг. Хэдийгээр цөөн ч гэсэн одоо хэр нь эрдэмтдийн гайхлыг төрүүлж, талархлыг хүлээдэг аж. Туршилтын үр дүнг ширхэгчлэн мэддэг, аливаа төвөгтэй зүйлийг ойлгомжтой, энгийн өгүүлэх гойд авьяастай, ухаалаг, юмыг эцэст нь тулгах онцгой эрмэлзэлтэй нь бичсэн өгүүллүүдээс нь тод харагддаг байна.
Хамтран зүтгэгчдийнхээ ажилд өгдөг үнэлгээ нь түүнд “Аугаа шүүгч” гэх хочтой болгожээ. Тэрбээр бусдад төдийгүй өөртөө ч өндөр шаардлага тавьдаг байсан нь хөнгөн хуумгай ханддаггүй, доктор цолтой болсноосоо хойш эрдэм шинжилгээний харьцангуй цөөн материал бичсэн зэргээр нь тайлбарлагддаг байна.
Эрдэм судлалын асуудлаар маргаан мэтгэлцээн болж байхад Майорана янжуурын хайрцаг дээр чухал санаагаа тэмдэглээд, дараа нь хогийн сав руу чулуудчихдаг байсан гэдэг. Тэрбээр тамхи их татдаг байж.
Үндэсний эрдмийн зөвлөлийн тэтгэлэг авмагцаа 1933 онд Ферми багшийнхаа санал болгосноор Майорана хилийн чанад руу явав. Лайпциг хотод Нобелийн бас нэг шагналтан Вернер Гейзенбергтэй танилцжээ. Хожим нь Майоранагийн бичсэн захидлаас үзвэл шинжлэх ухаанаас гадна найрсаг, халуун дотно харилцаа тэднийг холбож байжээ. Тэрбээр бас Данийн Копенгаген хотод алдарт Нильс Бортай хамтарч ажиллаж байсан аж.
1933 оны намар Майорана өвчний улмаас Ромдоо буцаж ирэв. Түүнийг ходоодны хурц үрэвсэл өвчин шаналгаж байсны зэрэгцээ мэдрэлийн ихээхэн хямралтай байв. Хоолны нарийн дэглэм барих шаардлагатай болсон Этторе зожиг нэгэн болж хувирчээ. Түүнд төрөл садан гэх хүн ч цөөн байлаа.
Хүрээлэнд ирэх нь цөөрсөөр, яваандаа гэрээсээ ч гарахаа больсон аж. Гялалзсан ирээдүй хүлээж байсан залуу эрдэмтэн ийнхүү даяанч болж орхив. Бараг дөрвөн жил найз нөхдийнхөө хэнтэй нь ч холбогдсонгүй, ганц ч өгүүлэл бичиж хэвлүүлсэнгүй.
Тэгснээ 1934 онд Майорана “хэвийн” гэж хэлж болохоор амьдралд эргэн оржээ. Эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж, физикийн шинжлэх ухааны профессорын албанд очихоор өргөдөл өгөв. Тэгээд 1937 оны арваннэгдүгээр сард Неаполийн их сургуулийн онолын физикийн профессор боллоо. Харин түүний лекцийг сонсох оюутан цөөрчээ. Тэдний олонх нь түүний хэлж, тайлбарлаж буйг ухаж ойлгож чадахгүй байлаа. Энэ байдал түүний нэр хүндэд тээг болж байв.
Ромын нэг банканд байгаа бүх мөнгийг нь Неаполь руу шилжүүлэхийг 1938 оны нэгдүгээр сарын 22-нд ахаасаа гуйгаад, хэдэн сар хуримтлагдсан бүх цалинг нь бөөнөөр өгөхийг гуравдугаар сард хүссэн аж. Ингээд иргэний үнэмлэх, мөнгөө аваад, гуравдугаар сарын 25-нд хөлөг онгоцонд суужээ.
Явахын өмнө “Болонья” зочид буудалд байхдаа Майорана хоёр захидал бичсэн байна. Өрөөндөө үлдээсэн захидал нь ойр садныхаа хүмүүст зориулсан бөгөөд “Надад ганцхан хүсэлт байна. Надаас болж та бүхэн хар хувцас битгий өмсөөрэй. Ёс заншлаа баримтална гэвэл гашуудаж буйгаа өөр ямар ч хэлбэрээр илэрхийлж болно. Тэгэхдээ гурван өдрөөс илүү хугацаагаар илэрхийлэх хэрэггүй. Дараа нь миний тухай дурсамжаа зүрхэндээ хадгалаарай. Болбол намайг өршөөгөөрэй” гэсэн байв. Бичсэн өнгө аяс нь амиа хорлосон хүмүүсийн үлдээдэгтэй тун төстэй байна. Өөрийн багшилж байсан Неаполийн их сургуулийн Физикийн дээд сургуулийн захирал Антонио Карреллийд шуудангаар илгээсэн хоёр дахь захидал нь тэрбээр амиа хорлохоор шийдсэнийг нотлох мэт. Түүнд “Зайлшгүй гаргах ёстой шийдвэр би гаргалаа. Би гэнэт алга болсноор танд болон оюутнуудад таатай байхгүй гэдгийг би ойлгож байна. Тиймээс таны итгэл, үнэнч нөхөрлөл, сайхан сэтгэлийг хүндэтгэж үзээгүйг минь уучлаарай” гэж бичсэн байжээ.
Каррелли энэ захидлыг хүлээж авч амжаагүй байтал Палермо хотоос Майоранагийн явуулсан цахилгаан хүрээд иржээ. Неаполиос илгээсэн захидалд анхаарлаа хандуулахгүй байхыг хүссэн байв. Араас нь гуравдугаар сарын 26-нд бичсэн бас нэг захидал ирлээ. “Эрхэм Каррелли минь, тэнгис намайг хүлээж авсангүй. Маргааш би “Болонья” зочид буудалд буцаж очно. Харин би багшлах ажлаа орхимоор байна” гэж түүнд бичсэн байлаа.
Ингээд л Каррелли ч, төрөл садныхан нь ч түүний барааг дахин харсангүй, түүний талаар ямар нэг мэдээлэл, сураг ч сонссонгүй.
Байдлаас үзвэл, Майорана цахилгаан зурвас болон хоёр дахь захидлаа Карреллид явуулсан гуравдугаар сарын 25-нд Палермогоос Неаполийг зорьсон хөлөг онгоцонд суужээ. Түүнийг онгоцноос буухад нэр дээр нь бичсэн тасалбарыг шалгуулсан байна. Харин “Тасалбараа үзүүлнэ үү” гэж хүсэхэд “алга болчихсон” гэж усан тээврийн компанийн хүмүүс хэлсэн байна.
Нэгэн гэрчлэгч Майоранатай онгоцны нэг өрөөнд хамт явсан гэснээ сүүлдээ будилж замын хань нь алга болсон физикч мөн, эсэхэд эргэлзжээ. Майоранаг сайн мэдэх нэг сувилагч бүсгүй гуравдугаар сарын 26-нд усан онгоц буцаж ирсний дараа түүнийг Неапольд харсан гэж хэлсэн байна.
Этторе Майорана алга болсон тухай зарлал, зурагтай нь хэвлэлд гарснаас хойш зургадугаар сард гэр бүлийнхэнд нь хариу иржээ. Хэвлэлд гарсан зурагтай маш төстэй залуу хүн гуравдугаар сарын эцсээр сүмд нь ирж зочны ёсоор хүлээж авахыг хүссэн гэж Неаполийн номлогч Жезу Нуово бичсэн байв. Хүсэлтийг нь хүлээж аваагүй тул нөгөө залуу яваад буцаж ирээгүй аж. Тэр залуу ирсэн өдрийг номлогч тодорхой бичээгүй болохоор энэ явдал Палермо руу явахаас өмнө юм уу, хойно болсныг тогтоох аргагүй.
Дөрөвдүгээр сарын 12-нд Майоранатай төстэй хүн Сан Паскуале де Портичи сүмд ирж мөн л татгалзсан хариу сонсоод яваад өгчээ. 40 шахам жилийн дараа сонирхол татам ч бүрэн дүүрэн нотолгоо болж чадахгүй эдгээр мэдээлэл зохиолч Леонард Шашигийн дэвшүүлсэн онолын үндэс болжээ. Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа нь түүнд үүрүүлсэн хорвоогийн явдлаас, хариуцлагаас залхаж, магадгүй өөрт нь илт тохирохгүй байгаа багшлах хөдөлмөрт урам хугарснаас шашныг орогнох газраа болгохоор шийдсэн байх гэсэн таамаглал хийсэн байна. Тэгээд үлдсэн амьдралаа өөр нэрээр залбирал мөргөл, бодож тунгаахад зориулахаар тийм газрыг хаа нэгтээгээс олсон байх… Майорана атомын эрчим хүчний сүйтгэх асар их хүчийг гайхалтай ой ухааныхаа ачаар олон хамтран зүтгэгчээсээ түрүүлж мэдрээд Муссолинигийн фашист дэглэмд зориулж атомын зэвсэг хийж өгөхөд оролцохыг хүсээгүй гэж Шаши үзсэн байна.
Этторе Майоранагийн сүүлчийн, магадгүй хамгийн сонирхол татсан мөр Өмнөд Америк руу хөтлөв. Чилийн физикч Карлос Ривера 1950 онд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод байхдаа хижээл насны нэгэн авгайн гэрт буудалжээ. Нэгэнтээ Риверийн олон хуудас бичвэрийн дотор Майорана гэсэн нэр байхыг олж үзсэн авгай “Ийм нэртэй хүнийг хүү маань таньдаг” гэж хэлсэн байна. Үүнээс хойш Ривера тун удалгүй явсан учраас илүү юм мэдэж амжсангүй. Гэсэн ч мөнхүү Карлос Ривера 1960 онд Буэнос-Айресын нэгэн зочид буудлын зоогийн газарт хооллож байхдаа ам арчдаг цаасан дээр математикийн томьёо бичиж суутал нэг үйлчлэгч ирээд “Яг тань шиг ийм цаасан дээр томьёо бичдэг бас нэг хүнийг би мэднэ. Хааяа энд ирдэг юм. Түүнийг Этторе Майорана гэдэг. Дайнаас өмнө Италид том физикч байсан юм гэнэ лээ” гэх нь тэр. Ривера энэ удаа ч нууцыг тайлж чадалгүй нутаг буцсан байна.
Гватемалын зохиолч Мигель Анхель Астуриасын бэлэвсэн гэргий Италид ирээд Этторе Майорана алга болсон нууцыг тайлахаар шинэ хүчин чармайлт гаргаж буйг дуулжээ. Энэ эмэгтэй 1960-аад онд эгч дүү Элеонора, Лило Монцани нарын гэрт Италийн нэг физикчтэй уулзсан тухайгаа ярьжээ. Түүний ярьснаар бол Майорана нь математикч мэргэжилтэй Элеонорагийн ойрын анд байсан аж. Астуриас өөрөө Майоранатай биечлэн уулзаагүй, харин Элеоноратай дотно нөхөрлөдгийг нь бусдын амнаас дуулсан төдий юмсанж.
Эцэст нь дүгнэхэд, өөр хоорондоо огт холбоо хэлхээгүй хоёр зам Аргентин руу зүглэж байна. Италийн физикч Этторе Майорана 1938 онд сүмд лам болоогүй, амиа хорлоогүй, үнэхээр Аргентин руу гарсан, гагцхүү ийш зугтсан шалтгаан нь хэзээ ч тодорхойгүй үлдэж ч мэдэх юм.