2026 оны өвлийн Олимп Италийн Милан болон Кортина-д'Ампеццо хотуудад болох тухай Олон улсын Олимпын хороо өнөөдөр мэдэгдлээ. Итали улстай Шведийн Стокгольм, Аре хотууд өрсөлдсөн ч хорооны гишүүдийн 47:34 харьцаагаар Милан, Кортина Д’aмпеццо хоёр хотод илүү санал өгчээ. Итали улс Олимпын тоглолтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулах боллоо. Анх Кортина-д'Ампеццо хотод 1956 онд, дараа нь 1960 онд Ром зуны Олимпын бамбарыг хүлээж авсан бол 2006 онд Туринд өвлийн наадам болсон юм. Харин Швед улс 1912 онд Олимпын эзэн болж байсан байна. 2026 оны Олимпын наадмаар Италийн эдийн засаг 5,0 тэрбум еврогийн орлого олж, 20 мянган ажлын байр бий болно гэсэн тооцоо гаргажээ. Тус Олимпын тоглолт 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болох аж.