- Төсвийн зарлагын үр ашигтай байдлын үнэлгээгээр 140 орноос 124-т жагсжээ -
Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх Төсвийн зардлын тойм судалгаа хийснээ Дэлхийн банк өчигдөр танилцууллаа. Манай улс 2016-2026 онд дунджаас дээш орлоготой орон болох зорилт тавин, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичиг баталсан. Уг зорилтод хүрэхийн тулд макро эдийн засаг, төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, эдийн засаг дахь уул уурхайн салбарын нөлөөг бууруулах, аажмаар төрөлжүүлэх бодлого баримталж буй. Тэгвэл эл бодлогын хэрэгжилт болон төсвийн орлого, зарлага, сахилга бат хэр байгааг дээрх судалгаагаар харуулахыг зорьжээ. Одоогоор манай улсын гадаад өр өндөр түвшинд хүрсэн, бүх төрлийн татварын хувь хэмжээ бага, мөн хөнгөлөлт чөлөөлөлт их байгаа гэв. Түүнчлэн эдийн засаг гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн зардалд эмзэг хэвээр байгааг дурдлаа. Сүүлийн 10 жилд дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаасшалтгаалж манай улсын эдийн засгийн өсөлт хоёр удаа огцом буурсан. Үүнийг сааруулахынтулд төсвийг их хэмжээгээр тэлсэн нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлжээ. Зүй нь дээрх тохиолдолд төсвийг тэлэх бус “агшаах”, зардлуудаа танах, шаардлагатай салбар, бүтээн байгуулалтад л хөрөнгө оруулахыг чухалчлах ёстой байсан гэнэ. Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн тулгуур хөдөлгөгч хүч, мөнгөний нийлүүлэлтийн гол сурвалж юм. Эл салбараас бид чамгүй хөрөнгө олдог. Гэхдээ уул уурхайн баялаг олборлолт, борлуулалт нь сүүлийн жилүүдэд л нэмэгдсэн ба эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, сайн институц бий болгоход цаг хугацаа шаардлагатайг онцолсон юм. Тиймээс ч түүхий эдийн үнэ өндөр, эрэлт их байсан тааламжтай үед хөрөнгө хуримтлуулж чадалгүй, улмаар төсвийг хүндрүүлэх, эдийн засгийн өсөлтийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад бэрхшээл дагуулсан хэвээр байгааг Дэлхийн банкны мэргэжилтнүүд онцлов.
Эдгээрээс гадна эдийн засгийг тэлэхгүй, төсвийг үргүй зарцуулсан хэвээр, нийт иргэдийн амьжиргаанд төдийлөн ахиц гарахгүй байгаад өмнө нь хэрэгжүүлсэн зарим бодлого, шийдвэр нөлөөлжээ.
Тодруулбал, 2010 онд УИХ-аар баталсан төсвийн тогтвортой байдлын хэрэгжилтийн зорилт нь сүүлийн 17 жилийн түүхий эдийн дундаж ханшид суурилан, төсвийн алдагдлын дээд хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Уг зорилтыг хатуу мөрдсөн бол тааламжтай үед хуримтлал бүрдүүлэн, уналтын үеийн эдийн засаг, төсөвт учруулах дарамтыг сааруулах байв. Харин Засгийн газраас төсвийн гадуурх санхүүжилтийг ашиглах замаар дээрх шаардлагаас зайлсхийж, зардлаа өсгөжээ. Ингэснээр 2010 онд ДНБ-ий 23.1 хувьтай тэнцэж байсан төсвийн урсгал зардал зургаан жилийн дотор 27.4 хувиас давсан байна. Хөрөнгө оруулалтын зардлын ДНБ-д эзлэх хувь ч 5-6 жилийн дотор таван хувиар нэмэгджээ. Мөн 2015 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх явцад Засгийн газрын санал болгосон төсвийн зардлыг бууруулах (Хүүхдийн мөнгө болон бусад халамжаас100 тэрбум хүртэлх төгрөг хэмнэх) санал дэмжигдээгүй юм байна. Тухайн үед Сангийн яамнаас санал болгосон 6.3 их наядаар тогтоосон төсвийн орлогын таамаглалыг өсгөн, 6.7 их наяд төгрөгт хүргэн баталсан нь орлогын бодитой байдлыг алдагдуулж, өдий хүртэл сөрөг нөлөөгөө хадгалсаар, төсвийг “доголдуулахад” хүргэжээ. Үүнээс гадна Засгийн газрын зүгээс зарим компанид өр төлбөр төлөх шийдвэр гаргасан, төдийлөн шаардлагагүй салбарт зарцуулсан хөрөнгө оруулалтуудын зардлаа төлсөн, “Сайн” хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн зэрэг нэг удаагийн шинжтэй зардал нь дунд хугацаанд эдийн засгийг сэргээхгүй байх шалтгаан болсныг мэргэжилтнүүд дурдсан юм.
Тэгвэл Дэлхийн банкныхны мэдээлснээр өдгөө төсвийн зардлыг нэмэгдүүлж буй, цаашид эдийн засагт хүндрэл учруулж болохуйц ямар салбар байгаа болон эрсдэлийг хэрхэн дүгнэж буйг сонирхлоо. Сүүлийн жилүүдэд урсгал болон хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр өсжээ. Урсгал зардлын өсөлтөд цалингийн сангийн зардал хамгийн их хувийг эзэлж буй аж. Гэхдээ энэ нь төрийн албан хаагчдын цалинг бодитоор өсгөсөн гэхээс илүүтэйгээр төрийн албыг “данхайлгаж”, орон тоог нэмэгдүүлж, нийт салбарт зарцуулах хөрөнгийг ихэсгэсэн хэрэг юм байна. Үүнээс гадна гадаад өрийн хүү өссөөр буй нь төсвийн зардлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсон аж.
Хүүгийн зардал 2010 онд ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэж байсан бол 2016 онд дөрвөн хувьд хүрч, өдгөө ч өссөөр буй гэнэ. Түүнчлэн нэг талаас хөрөнгө оруулалт боловч урсгал зардлыг өсгөхөд нөлөөлж буй хүчин зүйлд шинэ төсөл, хөтөлбөрхэрэгжүүлэхэд зарцуулж буй санхүүжилтийг багтаажээ. Тодруулбал, төрийн зүгээс анхаарах шаардлагатай аж ахуйн нэгж, үйлдвэр, зам, барилгад засвар, арчилгаа, шинэчлэл зэргийг хийснээр зардлыг хэмнэж болох атал шинээр бүтээн байгуулах, барихад ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа хэрэг гэв. Салбарын яамд хөрөнгөө ашиглах, байгаагаа тордох, их засварт санхүүжилт хийлгүйгээр шинэ төслүүдэд мөнгө үрж байгааг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану тэмдэглэв.
Тэрбээр “Товчхондоо, Монгол Улсын эдийн засаг уул уурхайн баялгийн үнэ ханшаас хамааралтай, төрөлжилт муу, эмзэг хэвээр байна.
Эдгээрийг арилгах, дунд болон урт хугацаанд эдийн засгийг тогтвортой өсгөхөд юуны түрүүнд төсвийн сахилга батыг чангатгах, шаардлагатай салбарт хөрөнгө оруулах, төрөөс үзүүлдэг зарим халамжийн зардлыг танах, зарим татварыг нэмэх, татварын хөнгөлөлт,урамшууллыг хязгаарлах хэрэгтэй. Тухайлбал,НӨАТ-ын 50 орчим хувь нь чөлөөлөгддөг, уулуурхайн салбарын шууд хөрөнгө оруулагч, үйл чилгээ үзүүлэгчдэд ашгийн болон НӨАТ-ын татварын хөнгөлөлт эдлүүлдэг зэргийг дурдъя.
Эдгээрийг эргэн харж нарийвчилсан судалгаа хийн, хөнгөлөлт, чөлөөлөлт бүрийн зорилго, үр дүн, эдийн засагт үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөг нягтлах шаардлагатай. Мөн хувь хүний орлогын албан татварын хэмжээг өсгөх санаачилгаа хэрэгжүүлбэл сайн сан. Гэхдээ иргэдийн орлогоос хамаарч олон шатлал бүхий тогтолцоог нэвтрүүлбэл илүү үр дүнтэй болов уу” хэмээв. Шинээр боловсруулан, батлуулахаар зэхэж буй татварын багц хуулийн шинэчлэлийн хэрэгжилт эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Жийн Паскаль Нгану “Уг хуулийн шинэчлэлийг бид судалсан. Татварын хувь хэмжээг төдийлөн нэмээгүй, харин хамрах хүрээг нь ихэсгэх буюу татварын бааз суурийг өргөжүүлэхэд түлхэц болох боломжтой юм билээ. Мөн татварын тооцоолол, татвар төлөлтийн ажиллагааг хялбаршуулж, татвар төлөгч болон холбогдох албад хоорондын уялдааг сайжруулж, үйлчилгээг хөнгөвчлөх боломж бүрдүүлжээ.
Ер нь татвар төлөлтийг хялбаршуулж, татвартай холбоотой иргэдийн мэдлэгийг сайжруулж, бааз суурийг нь өсгөснөөр татварын санд төвлөрүүлэх хөрөнгийг арвижуулдаг дэлхийн жишиг бий” гэв.
Дэлхийн банкны мэргэжилтнүүд нийгмийн салбар дахь зарим онцлог үр дүнг дурдлаа.
Манай улсын хувьд иргэддээ суурь боловсрол олгох чадамжаараа хөгжлийн түвшин ижил бусад оронтой хөл нийлүүлж байгаа аж. Үүнд бага боловсролын чанар, хүртээмж, сургуульд элсэн орогчдын тоо, бичиг үсэгт тайлагдсан хүний тоо, 1000 хүн амд ногдох ахисан түвшний боловсролтой хүмүүсийн эзлэх хувь зэргийг хамруулж ойлгож болох гэнэ. Харин сүүлийн таван жилд боловсролын салбар дахь зардал тогтмол өссөн ч уг салбарын нэг ажилтанд ногдох цалингийн хэмжээ буурсан дүн гарчээ. Бүх шатны сургууль, цэцэрлэгт өндөр өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авахад ихээхэн хөрөнгө зарцуулж буй бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамруулах хүүхдийн тоо, хамрагдвал зохих хүүхдээс ямагт цөөн байгааг ч тэмдэглэсэн юм. Эцэст нь төрөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг нямбай судлан, зарлагыг оновчтой болгох үүднээс үндэсний болон салбар бүрийн стратегийг боловсруулахыг зөвлөсөн юм.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус байдлыг эргэн харж, төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж, холбогдох албадын чадавхыг бэхжүүлэх, гадаад орчинтой уялдуулан, ирээдүйн хуримтлалыг бий болгох, Ирээдүйн өв санг үүсгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, илүү нээлттэй, хүчтэй, санхүүгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхийг зорих хэрэгтэйг ч тайланд дуржээ. Эдгээрээс гадна юуны түрүүнд төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэхэд салбар бүрт анхаарах хэрэгтэй гэлээ. Учир нь манай улс төсвийн зарлагын үр ашигтай байдлын 2018 оны олон улсын үнэлгээгээр 140 орчим улсаас 124-т жагсаж, олж болохоосоо илүүг үрдэг, төсвийн сахилга бат, төлөвлөлт муутай улсын тоонд багтсан аж.