Хөдөлмөрийн баатар, “Багануур” компанийн уулын нэгдүгээр хэсгийн экскаваторын машинч, бригадын дарга Нямцэрэнгийн Мөнхбаярыг “Хоймор” буландаа урьж ярилцлаа. 1981 оноос Багануурын уурхайтай ажил, амьдралаа холбосон тэрбээр 2012 онд Хөдөлмөрийн баатар болсон юм.
Гурван давхар байшинтай тэнцэх өндөртэй, сум нь 90 метр хүрэх алхагч экскаваторын машинч түүнийг Гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв “Дуу цөөтэй, шаардлага өндөртэй” хэмээн тодорхойлсон нь үнэн байлаа. Багануурын уурхайд алхагч экскаватор зургаа бий бөгөөд хамгийн “ахмад” нь Н.Мөнхбаярын жолооддог “ЭШ 15/90” аж.
ОХУ-аас ачааны 270 вагоноор авчирсан, цагт 80 метр “хурдалдаг” уг экскаваторын жин 1670 тонн гэхээр хэр аварга гэдэг нь төсөөлөгдөх биз ээ. Эдний бригадынхан үйлдвэрийнхээ аваргаар 14 удаа шалгарч байжээ.
-Таны бага нас Дундговь аймагт өнгөрсөн юм билээ. Бага нас, аав, ээжийнхээ талаар ярихгүй юу.
-Миний бага нас Дундговь аймгийн Сайнцагаан сумын энгэр, Бор-Өндөр, Урсахын гол, Хонгор, Эхэн, дунд Даравгай гэх газарт өнгөрсөн. Би хурдны морь унаж өссөн. Миний ээж Д.Нямцэрэн Сайнцагаан сумын нарийн боов, айраг, хиамны цехийн даргаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, малчин болсон хүн бий. Одоо Багануурт амьдарч байна. Эцэг М.Адъяабазар минь Дэлгэрцогт сумын Сум дундын үйлдвэрт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Бид эхээс зургуулаа, би хоёр дахь хүү нь.
-Экскаваторын машинч хэрхэн болж, Багануурын уурхайтай яаж анх холбогдсон бэ. Таны сонголт байв уу, эсвэл ямар нэгэн тохиолдол байв уу?
-Би 1981 онд Дундговь аймагт аравдугаар ангиа төгсөөд, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны (тухайн үеийн) илгээлтээр Багануурын уурхайд анх ирж байлаа. 1980, 1981 онд ерөнхий боловсролын сургууль, барилгын ТМС төгсөж байсан хүүхдүүд, цэргийн алба хаагчдыг халагдаж байхад нь зохион байгуулалттайгаар илгээлтээр явуулсан.
Намайг аравдугаар ангиа төгсдөг жил Багануурын уурхайн анхны дарга Д.Дондов (одоо Аж үйлдвэрийн гавьяат ажилтан), сургууль курсийн кабинетын захирал Д.Түмэннасан гэдэг хүнтэй хамт яриа хийж, “Илгээлтээр хүүхэд элсүүлнэ” гэсэн юм.
Манай Дундговийн нэгдүгээр арван жилийн сургуулийг ЗХУ-ын бэлгээр барьсан, аймагтаа томд тооцогдох, хоёр давхар байшин байв. Экскаваторыг манай сургуультай зүйрлэхэд нь тийм том машин, техник байдаг юм байх даа гэж гайхаж билээ. Би техник сонирхдог, унадаг дугуй, мотоциклтой “ноцолддог” хүүхэд байсныг ч хэлэх үү.
Тэгээд ангийн багш Ц.Сумъяадорждоо “Би илгээлт авч, Багануурын уурхайд ажиллая” гэхэд зөвшөөрч, “Би бүртгүүлж өгье” гэсэн. Тэр жил манай сургуульд аравдугаар ангийг 360 гаруй сурагч төгсөж байснаас олон хүүхэд бүртгүүлж, ердөө 30-ийг нь авсан юм.
-Илгээлт аваагүй бол ямар мэргэжлээр сурахаа төлөвлөж байв уу, аль эсвэл нутагтаа үлдэж малчин болох байсан уу?
-Би орос хэлний, эсвэл биеийн тамирын багш болохоор конкурст бэлдэж байсан. Сургуульд байхдаа 1500, 3000 метрийн зайн гүйлтийн III зэрэгтэй, сагсан бөмбөг, бөхөөр хичээллэдэг бай лаа. Багануурт ирээд спортыг бүрмөсөн хаяж, ажлын мөр хөөсөн дөө.
1981 оны наймдугаар сарын 1-нд бид Багануурт ирсэн. Тэгэхэд хэдхэн байшин, энэ тал хөндий байлаа шүү дээ. Биднийг ирсэн даруйд курст сургаж, мэргэжил эзэмшүүлээд, уурхайд ажиллуулна гэж ярьсан ч сургууль курсийн кабинет бэлэн болоогүй байсан. Бидэнд “Есдүгээр сарын 1-нээс курс албан ёсоор эхэлтэл барилга дээр дагалдангаар ажиллаж бай” гэсэн. Багануурын уурхайн бүх объект, байшин барилгыг барихад гар бие оролцсондоо бахархдаг.
“Барилга дээр сайн ажиллаж байгааг нь зарим мэргэжлээр гадаадад сургана” гэдэг юм байна. Тэгэхээр нь ерөөсөө гадаадад мэргэжил эзэмшье гээд барилга дээр бүтэн нэг жил ажилласан. Гадаад руу явж, курст мэргэжил эзэмшихийн тулд тэр шүү дээ. Би уг нь барилгын ямар ч мэргэжилгүй, уурхай үзээгүй ирсэн юм шүү дээ. Дундговь уурхайтай. Гэхдээ нутагтаа уурхай гэж юу байдгийг үзээгүй хэрнээ техник сонирхоод л хүрээд ирсэн хэрэг.
Оросуудыг дагалдаж ажиллан, барилгын тавдугаар зэрэгтэй өрлөгчин болоод барилгачин ч болдог юм бил үү гэж бодоод, нэг жил ажиллачихаад ээлжийн амралтаа аваад байтал дуудаад, “Курст яв” гэсэн. 1982 онд Ук раины Александрия хотод очиж, зургаан сар сургалтад сууж, курс дадлага хийгээд экскаваторын цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин мэргэжил эзэмшсэн.
Энэ мэргэжил экскаваторын машинч болох хүнд хамгийн хэрэгтэй. Ирээд нэг сар болж байхад цэрэг татлага эхэлсэн. Тэгээд албаа хаахаар мордсон.
-Мэргэжил эзэмшээд ирсэн хүнээ Багануурын уурхайнхан цэрэгт шууд л явуулчихсан хэрэг үү?
-Явуулахгүй гэж байсан л даа. Тэр үед цэрэгт зайлшгүй татахгүй байх тогтоол ч бил үү байсан юм. Цэрэг татлагын комиссарын дарга “За яахав, та нарыг одоо цэрэгт татахгүй байж болно. 27, 28-тай хөгширсөн хойно чинь авна даа” гэдэг юм байна. Цэргийн алба хаах нь монгол эр хүний заавал биелүүлэх үүрэг. Хөгширсөн хойноо явснаас залуудаа яваад ирье гээд бидний хэсэг нөхөр явсан.
-Халагдаж ирснээсээ хойш Багануурын уурхайд тасралтгүй ажиллаж буй байх аа?
-Тийм ээ. Эрдэнэт хотод гурван жил цэргийн алба хаагаад ирсэн. Анх илгээлт авсан гол хүсэл маань энэ экскаватор дээр ажиллах. 1986 онд ирэхэд яг энэ экскаватор дээр орон тоо гарч таарсан. Нэг ээлждээ найман монгол, гурван орос гээд олуулаа ажилладаг байв.
Намайг 1981 онд анх Багануурт ирэхэд энэ экскаваторыг угсарч байсан юм шүү дээ. Тухайн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж байхад би барилга дээр ажиллаж байсан хэрэг.
НЭГ ЭКСКАВАТОРААР 90 САЯ ШОО МЕТР УУЛЫН ЦУЛЫН АЖИЛ ХИЙЖЭЭ
-Энэ экскаваторыг 38 жил тасралтгүй ашиглаж буй юм байна шүү дээ. Тэгэхээр та техникээ их гамтай эдэлжээ.
-38 жил ашиглах хугацаанд нэг ч удаа их засвар хийлгүй, урсгал засвар хийж ирсэн. Орост бол өчнөөн их засвар хийж, шинэчилсэн байгаа даа. Манай экскаваторын зарим тоног төхөөрөмж 38 жил тасралтгүй ажиллаж байна. Ийм экскаваторын ашиглалтын хугацаа нь 23-25 жил, дараа нь актлах ёстой.
38 жил гэхээр бид бараг хоёр экскаватор элээх хугацаанд ашигласан болж таарах нь. Энэ бол техникээ сайхан арчилж, эзний ёсоор хандсан хамт олны маань ач гавьяа. Манай хамт олны бусдаас ялгарах онцлог нь тоног төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, тосолгоог цаг хугацаанд нь графикийн дагуу хийж сурсан, түүнийгээ залуу үедээ сургаж, дадал болгодог. 2009 онд “ЭШ 15/90” экскаваторын цахилгаан удирдлага болох хагас дамжуулагчийн аналоги системийг тоон системд шилжүүлсэн нь экскаваторын удирдлагын уян хатан байдлыг сайжруулж, техникийн хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлсэн.
2004 оноос манай компани “Өөрчлөлтийн менежмент” хэрэгжүүлж эхэлсэн нь бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах хандлагыг уурхайчдад бий болгосон. Манай хамт олон ч энэ ажилд манлайлан оролцож, жил бүр зардлаа хэмнэж, бүтээмжээ дээшлүүлж байна. 2017 онд зөвхөн канатнаас (тороос) 169, 2018 онд 349 сая төгрөгийн хэмнэлт гарган ажилласан.
-Та бүхэн өөрсдөө засаж сэлбээд явдаг уу?
-Урсгал засвараа өөрсдөө хийнэ. Жилийн засварыг мэргэжлийн хүмүүс хийж өгдөг.
-Олон жил өнгөрсөн ч ашиглаж болоод байгаа болохоор нь уу ашигласаар байна уу, эсвэл төрөөс анхаарахгүй байна уу?
-Манай компанийн 75 хувийг төр эзэмшдэг. Тэгсэн мөртлөө бага л анхаарах юм байна шүү дээ. Одоо гэхэд тэсэлгээний материалгүйгээс сул зогсож байна. Манай уурхай Улаанбаатарын нүүрсний хэрэглээний 70 хувийг дангаар хангадаг, ДЦС-уудад нүүрс нийлүүлдэг. Одоо ч яахав зун ДЦС-уудын ачаалал багасчихаад байна. Сарын дараа өвлийн бэлтгэл эхэлнэ гэдгийг мартчихаад байгаа бололтой. Уг нь бид нүүрсээ нөөцөлж байх ёстой. Ирэх өвөл ямар ч болох юм билээ.
Экскаватор маань уг нь маш өндөр бүтээмжтэй, уурхайчид дөрвөн ээлжээр, 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байх ёстой. Энэ экскаватораар сүүлийн жилүүдэд дандаа гурван сая шоо метр уулын цулын ажил хийж ирлээ. Манайх 2016 онд хамгийн дээд амжилтаа гаргаж, 3 568 200 шоо метр уулын цулын ажил хийсэн. Зургадугаар сарын 3-нд буюу энэ экскаваторыг ашиглалтад оруулснаас хойш 37 жил зургаан сарын хугацаанд 90 сая шоо метр уулын цулын ажил хийлээ. Энэ төрлийн экскаватораар ийм ажил хийнэ гэдэг бол түүхэн амжилт.
Экскаваторын шанага нэг удаадаа 15 шоо метр буюу дунджаар 36 тонн шороо хутгадаг. 16 тонн гидрийн шингэн ордог гэхээр хүмүүс худлаа ярьж байна гэх нь ч бий. Хоёр талдаа найм, найман тоннын бактай юм шүү дээ. Бид төлөвлөөгөөгөө байнга давуулан биелүүлдэг.
Энэ экскаваторын бүхээгээс Хөдөлмөрийн баатар хоёр, гавьяат цолтон хоёр төрлөө. Мөн төрийн дээд шагнал “Алтангадас”, Хөдөлмөрийн хүндэт медальтан олон гарсан. Бид экскаваторынхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж байгаа. Манай компани ер нь уул уурхайн салбар дахь шинэлэг технологийг аль болох нэвтрүүлэхийг зорьдог. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зарим ажил саатдаг тал бий.
-Анх экскаватор жолоодоход хэцүү байв уу. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?
-Шинэ хүн II туслах машинчаар томилогдон ажилладаг. II туслах машинч экскаваторын механик эд ангийг хариуцан, тосолгоо, үзлэг үйлчилгээ, цэвэрлэгээ хийнэ. Тодорхой хугацаанд экскаваторын бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчмыг судалж мэдсэний дараа I туслах машинчийн шалгалт өгнө. I туслах машинч экскаваторын цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай тасралтгүй ажиллагааг хариуцан ажилладаг.
Машинч бол туслахууддаа ашиглалтын үеийн зааварчилгаа өгч, үзлэг, үйл чилгээг туслахуудаа дагуулаад хийнэ. Экскаваторыг удирдан, хөрс хуулна. Би I, II тус лах машинчаар тус бүр хоёр жил ажиллаад, машинчийн шалгалт өгөөд тэнцсэн. Тэр үед оросууд буцаж таарсан л даа. Экскаватор жолоодох хэ цүү. Бригадын дарга, Ардын их хурлын депутат байсан В.Хашхүүг байхад ажилд ороод удаагүй нэг нөхөр “Алив би наад экскаваторыг чинь ажиллуулъя” гэсэн байгаа юм. В.Хашхүү дарга хариуд нь “Шанагаа олж харах уу” гэж асуухад “Ийм том “юм”-ыг харахгүй байна гэж юу байх вэ дээ” гэхэд нь босоод, “Ажилла” гээд суулгаж л дээ.
Тэр нөхөр тоормос тавиад шороо хутгах гээд шанагаа татсан чинь хоосон татаад, нэг бол шанагаа зоочихоод чадахгүй болохоор нь “Хаана байна вэ, шанагаа харж байгаа чинь” гээд, хөөгөөд босгосон юм гэсэн. Хүн харахад амархан юм шиг боловч яг ажиллахад эхний үед хэцүү. Миний багш В.Н.Берников гэдэг орос хүн байлаа. Намайг туслахаараа авч, бие даан ажиллах чадвартай болгосон.
-Уурхайдаа ийм олон жил үнэнч байхад юу нөлөөлөв?
-Энд миний гэр орон, эхнэр, үр хүүхдүүд байна. Манай уурхай шиг ийм сайхан орчин, ажиллах нөхцөлтэй уурхай Монголд цөөн. Ганц нэг газраас өндөр цалин амлаж, “Ирж ажиллаач” гэдэг. Би энэ сайхан хамт олноос явах талаар хэзээ ч бодож байгаагүй.
Ер нь Багануурын уурхайд ажиллаж байсан жолооч нар, бульдозерын операторууд хаа очсон газраа хамгийн чадвартай нь байдаг гэж дуулсан. Анхнаасаа л оросуудын дэг сургуулиар явчихсан, ахмадууд нь залуу үедээ сайн заадаг болохоор тэр байх. Хэдэн жилийн өмнө бол өөр уурхайнхан CAT, “Komatsu”-ныхаа дугуйг сольж чадахгүй хэдэн сар болж байхад нь манайхаас очсон жолооч хэдхэн цагийн дотор л сольж, ажиллуулсан гэсэн яриа бий.
Манайханд ажлын санал их тавьдаг юм билээ. “Багануур” компани “Эрүүл уурхайчин” хөтөлбөр хэрэгжүүлж, ажилчдынхаа эрүүл мэндэд анхаардаг. Мөн нөхөн сэргээлтээр Монголд номер нэг нь манай уурхай.
ТОСТОЙ ДААВУУГААР БАМБАР АСААГААД ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЭКСКАВАТОРЫНХАА ГЭМТЛИЙГ ЗАСДАГ БАЙЛАА
-Улаанбаатарыг харанхуй, хөлдөөчихгүйн тулд олон хүнд үе туулж байв уу?
-1990-ээд оны эхэн, оросууд буцчихсан үед хүнд байсан. Зах зээлд шилжсэн, хойд хөрш сэлбэг материал нийлүүлэхээ больсон үе л дээ. 1992 оны өвөл сэлбэггүй, отвал (овоолго), хөрсний зузаан ихэсчихсэн их хүнд байсан юм даг. Сэлбэггүй учраас “монголчлохоос” өөр аргагүй. Тухайн үед салбарын сайд Жигжид, дэд сайд Төмөрбаатар бараг манай уурхайд өнжиж байсан байх шүү. Монгол Улсыг цахилгаанаар таслахгүй, нийслэлийг хөлдөөхгүйн төлөө Багануурын уурхайнхан ажилласан.
Тэр үед энэ экскаватораар нүүрс нээхгүй бол Багануурын уурхай нүүрсгүй болж байсан үе. Дэд сайд Төмөрбаатар “Та нар зогсож болохгүй шүү. Танайх л зогсвол Монгол Улс цахилгаангүй, Улаанбаатар хөлдөнө” гэж байсан. Манай бригад тонн нүүрс нээхийн төлөө ажиллаж байлаа. Ер нь бидэнд өвөл болгон хүнд.
Бидний ажлын онцлог гэвэл халуунд халж, хүйтэнд хөрж, салхи шуургыг үл ажран тасралтгүй үргэлжилдэг. Өвөл 40 градус хүйтэрч, хүчтэй салхи, шуургатай үед агаарын шугам хоорондоо хавирч, хүчдэлгүй болох нь бий. Хүйтрэхээр кабель буудаж, гэмтэл гарна. Ихэнхдээ шөнийн цагаар кабель их буудна. Бидэнд хүйтэн, харанхуй байна, маргааш, эсвэл дараа болъё гэх ойлголт байхгүй. Эвдрэл гарсан л бол хэчнээн хүйтэн байсан ч хувцсаа өмсөөд л гарна.
Уурхайн талбайд гулгалт гарна, нурна. Нөгөө жаахан, нээсэн нүүрсийг чинь дарчихна. Экскаватор өөрөө гулгах аюул ч бий. Манайх 60 метрийн зузаантай хөрс хуулж байна. Гэтэл манай өрмийн хүчин чадал 50 метр тул 40-45 метрт тэсэлгээ хийнэ. Тэгэхээр түүнээс доош тэслээгүй, хатуу хөрс хуулж буй хэрэг. Ийм үед шанага эвдрэх нь их.
-Хамгийн хэцүү нь хэзээ байв?
-1980-аад онд өвлийн тэсгим хүйтэнд кабель буудахад шөнө, хүйтэнд тостой даавуугаар бамбар асааж байгаад засна шүү дээ. Кабелиа үзүүрлэнэ, залгана. Бамбартаа гараа ээж байгаад л зүтгэдэг байлаа. Тэр үед гар чийдэн тэр бүр байсангүй. Ямар гараашид чирж аваачаад засуулна гэх биш.
-Социализмаас ардчилалд шилжих үед та уурхайд ажиллаж байсан. Хэр ялгаатай санагдаж байв?
-1990 оноос өмнөх буюу социализмын үед сайхан л байсан. “Энэ болохоо байлаа” гэхэд л агуулахаас бэлэн сэлбэг авчирч тавиад л ажилладаг. Зах зээлд шилжсэнээс хойш хөрөнгө мөнгө улам л хэцүү болоод байна. Уг нь нэг гайгүй болж эхэлснээ энэ жилээс бүр хэцүүдлээ. Манай уурхай дээрээ хэдэн ч “толгойтой” юм.
“Эрдэнэс Монгол” гээд нэг “толгой” байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Эрчим хүчний гээд хоёр яам байна, хоёуланд нь харьяалагддаг. Тэгээд Засгийн газар байна. Болдог бол нэг яаманд л харьяалагддаг баймаар. Өмнө нь манайх Уул уурхайн яаманд харьяалагддаг байсан. Бидний бодлоор “Эрдэнэс Монгол” гэж хэрэггүй газар байх юм. Манай толгой компани юм гэсэн. Ажилчид бидэнд толгой компанийн ач тус мэдэгдэхгүй л байгаа шүү.
Харин дарамт л сонсогдоод байгаа. Үнэхээр “толгой” юм бол яг одоо Багануурын уурхайн санхүүгийн нөхцөлийг сайжруулах тодорхой ажил зохион байгуулаач, нүүрсний үнийг хатуу барьж байгаа бодлогыг өөрчлөөч. Нийгмийн сүлжээгээр шуугиад байгаачлан өөрсдийнхөө үргүй зардлаа багасгаад, шахмал түлшний үйлдвэр барихад дэмжлэг үзүүлээч гэж хүсэх байна.
Манай компанийн өр замбараагүй их, ажилчдынхаа нийгмийн даатгал, татвараа төлж чадахгүй, дансаа хаалгачихаад байгаа дуулдсан. ДЦС-ууд өр төлбөрөө гүйцэд өгөхгүй байгаагаас ийм байдалд хүрсэн гэх юм. Нүүрсний үнийг чөлөөлөхгүй, бариад байгаа атлаа цахилгаан, дулааныхаа үнийг нэмээд байгаа. Нүүрсний үнийг хатуу бариад байгаа нь уурхайн хөгжилд маш их саад учруулдаг.
МОНГОЛ УЛСЫГ ГАЛТАЙ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ
-Багануурын уурхайн ирээдүй хэрхэхийг та төсөөлдөг л биз дээ. Одоо ажиллах нөхцөл улам хэцүү болж байна гэж ойлголоо.
-Уурхайгаас нүүрс олборлоход улам хэцүү боллоо. Хуулах хөрс улам зузаарч байгаа. Уг нь шинэ технологиор уурхайг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулсан гэсэн. Түүнийг ашиглавал уурхай арай өөр технологиор ажиллах юм билээ. Ингэснээр хуулах хөрс нимгэн, нүүрсний давхарга зузаан хэсэг рүүгээ орох юм. Гулсалт ч гарахгүй. Одоо бол дандаа гулсалттай байгаагаас нэг хийснээ ахиж хийж байна.
Дээд давхаргын нүүрс шатаж, гал гарч байгаа нь бидэнд бас нэг асуудал болдог. Чадлынхаа хэрээр л унтрааж байна. Техник хүрэлцэхгүй, заримдаа дийлдэхгүй. Нүүрс наранд халж, бороонд норж сийрэгжээд амархан асчихдаг юм.
Уг нь манай уурхайн нүүрснээс химийн аргаар түлш, бензин, хий гаргах боломжтой гэдэг. Үнэртэй уснаас авхуулаад маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий юм билээ. Нөөц бол хангалттай. Батлагдсан нөөц нь 812 сая тонн. Улаанбаатар луу манай нүүрсийг оруулахаа байлаа. Манай уурхайн нүүрсээр сайн гээд байгаа шахмал түлштэй эн зэрэгцэх, илчлэгтэйг үйлдвэрлэх боломжтойг туршилтаар баталсан. Гэтэл ашиглахгүй юм.
Дээрээсээ л энэ уурхайг дампууруулах бодлого “яваад” байгаа юм уу гэж боддог. Улаанбаатараас 120 км зайтай манай уурхайгаас нүүрс авч ашиглахгүй, хэчнээн зуун км газраас зардал гаргаж, зөөж буйг ойлгодоггүй. Засаг, төр манай уурхайг дэмжихгүй байгаа юм болов уу. Манайх уг нь шахмал түлш үйлдвэрлэх ТЭЗҮ-ээ боловсруулж, Улаанбаатарын гэр хорооллын хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой байтал дэмжихгүй байгаа гэсэн.
-Танай экскаваторын машинч хөрсөө хуулж байхад нь туслах нь маани уншаад, “Би биш шүү” гэж хэлдэг юм гэж дуулсан. Өөр нэг нь “Би ух гээгүй шүү. Талхныхаа мөнгийг л олох гэж байна. Дарга л ух гэсэн” гэдэг гэж сонссон. Газар ухахдаа энэ мэтээр боддог уу?
-Энэ бол уурхайчдын дунд бие биенээ цаашлуулдаг наргиа яриа. Олон жилийн өмнө тэсэлгээний инженер найздаа “Чи хамгийн түрүүнд энэ газар шорооны лус савдгийг цочоож газар шороог хөндөх юм” гэж тоглоом шоглоомоор хэлсэн чинь “Би даргын тушаал гүйцэтгэж байна. Уучлаарай гэж хэлээд тэсэлдэг” гэж байж билээ. Энэ бол наргиа л даа. Бид газар шороотой ажилладаг учраас шүтлэгтэй хандах нь бий бий, жилдээ нэг удаа засал хийлгэхээс авхуулаад. Газар, уул овоондоо цайныхаа дээжийг өргөнө. Арц, хүж уугиулна. Бидний ажил улс, эх орон, түмний сайн сайхны, галтай байлгахын төлөө учраас янз бүрийн дэмий юм боддоггүй.
Энэ үеэр Гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв “Энийг цайруулсан үг байгаа шүү дээ” гэсэн юм. Тэр нь:
Нүх ухаж нүгэл үйлдэвч
Нүүрс гаргаж буян үйлдлээ гэсэн үг аж. Энэ нь нүгэл, буян хоёр минь тэнцэж явна гэсэн утгаар уурхайчид өөрийгөө цайруулж буй хэрэг бололтой.
-Гэр бүлийнхэн тань таны ажлын хүнд хэцүүг ойлгоно биз?
-Тэгэлгүй яах вэ. Миний гэргийг Г.Пагмадулам гэдэг. Хань маань нийтийн хоолны технологич мэргэжилтэй. Монгол Улсын мастер тогооч. Манайх хоёр хүү, нэг охинтой.
Залуу байхад эхнэр минь хүүхдээ тэргэнд түрээд, хоол барьчихсан, гэр хороолол руу явдаг автобусанд суугаад ирсэн байж билээ. Түүнээс хойш “Аюултай” гээд болиулсан. Амжилттай яваа эр хүний ард эмэгтэй хүн байдаг гэдэг үг ортой байх шүү.
Зүүн гар талаас Н.Эрдэнэбаяр, Н.Мөнхбаяр, Г.Отгонпүрэв
-Тантай ажиллахаар ирж буй залуусыг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Их сургууль, Налайх дахь МСҮТ төгсөөд ирж буй хоёр хүний бодол санаа, хандлага их ялгаатай байдаг. Дээд сургууль төгсөж ирсэн хүүхэд түр зуур, хэдэн сар байж байгаад л “Би хэзээд мастер болчихно” гэсэн ойлголттой. Тэр хүний хийж байгаа ажил нь хуурамч, ээлж өнгөрөөх, хүн хуурах төдий нь анзаарагддаг. Аа харин, МСҮТ төгсөөд ирж байгаа хүүхэд бол “Энэ миний ажил, ирээдүйн амьдрал минь” гэсэн ойлголттой ирдэг. Хийж байгаа ажил нь огт өөр, сэтгэлээсээ ханддаг.
Хөдөлмөрийн баатар Н.Мөнхбаяртай цуг илгээлтээр ирсэн хоёр хүний нэг нь дээр нэр дурдсан, Гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв. Тэрбээр “Төөрөг, хувь тавилангаар ч юм уу бидний ажил, амьдралын зам 1981 оноос хойш салаагүй. Бид нэг сургууль төгсөж, илгээлтээр ирж, мэргэжлийн курст хамт явахдаа нэг өрөөнд цуг амьдарч, цэрэгт хамт явж, Багануурын уурхайд 30 гаруй жил нэг бригадад, нэг зорилготой мөр зэрэгцэн ажиллаж байна.
Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт авч ирэхдээ бид бахиал, даалимбан тэрлэгтэй хүүхдүүд ирж байсан. Таван давхар байшин харчихаад оройг нь олж харахгүй байлаа шүү дээ. Хөдөөний бид чинь тэр үед сумынхаа төвөөс цөөхөн гардаг, аймгийнхаа төвөөр жилдээ ганц ордог уу, үгүй юү байсан. “Танай энэ сургууль шиг том экскаватор ажилладаг. Та нарыг мэргэжил эзэмшүүлж, тэр машиныг барьдаг болгоно” гэж ярихыг сонсоод ирцгээсэн.
Цэрэгт татагдан, Тавантолгой ороод бид хоёр ч бие биенээ танихааргүй болсон. Нүцгэн толгойтой, нэгэн жигд ногоон хувцастай хүмүүсийн дундаас нэрээрээ дуудаж байж нэг нэгнээ олж байгаа юм. Бид хоёрыг нэг салаанд хуваарилсан. Би удалгүй хөгжмийн цэрэг боллоо. Тэгсэн мань хүнийг бас хөгжмийн цэрэг болгоод аваад ирлээ. Хоёулаа тэнд гурван жил бүрээ үлээсэн. 1986 онд уурхайдаа буцаж ирэхэд Боловсон хүчний дарга Шагдаржавтай уулз гэлээ. Шаагаа дарга хүлээж авах тун дургүй, “Хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ. Төмөр замын цэвэрлэгч хий” гэдэг юм байна.
Тэгээд бид хоёр вагонд нүүрс ачихад унасан нүүрсийг долоо хоног түүсэн. Тэгсэн нэг өдөр дуудаад, нэг бригадад ажилла гэснээс хойш салаагүй өдий хүрлээ. Хөдөлмөрийн баатар экскаватораа сайн мэднэ. Манай экскаватор цахилгаан хөдөлгүүртэй, 6000 вольтоор ажилладаг. Үүний цахилгаан схем гэдэг чинь ёстой түмэн “юм” бий. Учрыг нь барагтай хүн олохгүй. Одоогийнх шиг засварчин дуудна гэж байсан биш, бид өөрсдөө л засдаг байлаа. Засвар, үйлчилгээг ч өөрсдөө хийдэг байсан” хэмээн сонирхуулав.
Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медальт, Монголын анхны цахилгаан галт тэргийг жолоодож байсан, тэргүүний уурхайчин Н.Эрдэнэбаяр “Бид дунд сургуульд хамт сурдаг байлаа. Биднийг илгээлтээр ирдэг жил манай сургуулийг 360 гаруй хүүхэд төгссөн. Илгээлт авахаар 30 минутад 200 гаруй хүүхэд бүртгүүлснээс сонгогдоод ирж байлаа. Н.Мөнхбаяр уулын ажлын технологийн талдаа ямар ч инженерээс дутахгүй. Өндөр мэдрэмжтэй.
Нөхөр бол бараг хоёр сар орчим амарна шүү дээ. Тэр хооронд нэг амнаас нөгөөд шилжих тохиолдол олон байсан. Тэгэхэд технологийн горим бага зэрэг зөрчигдчихсөн (яг төдөн метрт огтлох ёстой байсныг жаахан зөрчих ч юм уу) байвал ирээд л “Ингэх байсан юм” гээд, засаж ажилладаг.
Н.Мөнхбаярын хувьд хамт олноо удирдана, сайн зохион байгуулна. Зах зээлийн хүнд үед бригад, хамт олноо ажилтай, орлоготой байлгах гэж өдөр, шөнөгүй ажиллаж байж өдий зэрэгтэй авч үлдсэн. Зах зээлийн үед удирдлагууд ч ийш тийшээ явж, наймаа хөөгөөд л боловсон хүчин, ажилчин, мастер хийх хүн ч олдохгүй хүнд байсан. Чин сэтгэлээсээ ажиллая гэсэн хүмүүс л үлдэж, сайндаж, муудаж явсаар уурхайгаа авч үлдсэн.
Н.Мөнхбаяр хүүхэд байхаасаа л дуу цөөтэй, сурлага сайтай, урлаг, спортоор хичээллэдэг байсан. Илгээлтээр ирэлгүй хуваарь авсан бол аль нэг их, дээд сургуульд тэнцэх л байсан. Яахав, тэглээ гээд буруудаагүй” хэмээн ярилаа.