Монгол эрдэмтэд шилмүүст модноос эфирийн тос гарган авчээ. Уг бүтээгдэхүүн эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой нь судалгаагаар нотлогдсон байна. Төслийн удирдагч, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Жавзмаатай ярилцлаа.
-Хэдэн жилийн судалгааныхаа үр дүнд эфирийн тос гарган авсан бэ?
-Энэ төрлийн судалгаа Монголд шинэ биш л дээ. 60 орчим жилийн түүхтэй. Миний багш, доктор, профессор С.Шатар санаачлан хөгжүүлсэн юм. Би 11 дэх жилдээ судалж байна. Монгол орны онцлох үнэрт ургамлуудаас эфирийн тос олборлох чиглэлээр дагнан ажилладаг. Эхний ээлжид шилмүүст модноос тос олборлож буй. Гарган авсан бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад таван сар орчим боллоо.
Ирэх намраас илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Эфирийн тос гэдэг бол үнэрт ургамалд агуулагддаг дэгдэмхий нэгдлүүд. Товчхондоо, үнэрийн нэгдлүүд гэсэн үг. Нэг ургамлын үнэр дунджаар 20-300 дэгдэмхий нэгдэл агуулдаг. Түү нийг нь ялгаж авснаа л эфирийн тос гээд байгаа юм. Үнэр нь ердөө хоёрхон секундийн дотор тархинд хүрч, хүнд мэдрэгддэг. Цаашлаад 20 минутын дотор бүх эд, эсэд хүрч үйлчилдэг. Тосорхог бүтэцтэй учраас хүний эд, эсэд богино хугацаанд нэвтэрдэг юм.
-Шилмүүст модноос гарган авсан эфирийн тос ямар ач холбогдолтой вэ. Иргэд хэрхэн ашиглаж болох юм бол?
-Үнэрээр эмчлэх аргад ашиглаж болно. Эфирийн тос нь тайвшруулах, цэр ховхлох, ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг олон ашиг тустай. Гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний гол түүхий эд болдог. Мөн шууд хэрэглэх боломжтой. Жишээ нь, ууж, үнэрлэж, биедээ түрхэж ч болно. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох хүн олширсонтой холбоотойгоор эфирийн тосны эрэлт дэлхий дахинд тогтмол өсөж буй. Цаашид ч хурдацтай нэмэгдэх хандлагатай. Монголчуудын эфирийн тосны хэрэглээ ч ихэссэн.
Манай улс 2017 онд 3400 кг эфирийн тос импортолсон. Энэ үзүүлэлт 2018 онд 29 000 кг болж нэмэгдсэн. 8.5 дахин өссөн байгаа биз. Тиймээс уг бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэвэл импортын бараа бүтээгдэхүүний хэмжээг багасгах давуу талтай. Хамгийн гол нь Монгол орны шилмүүс модноос гаргаж авсан эфирийн тос импортынхоос чанартай нь батлагдсан.
-Энэ нь манай орны байгаль, цаг уурын онцлогтой холбоотой юу?
-Манай оронд зун 40 градус хүрч халдаг. Өвөл 40 градус хүрч хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай. Мөн далайн түвшнээс нэлээд өндөрт оршдог. Байгаль, цаг уурын энэхүү онцлог нь ургамлын чанарт нөлөөлж л дээ.
-Монголд үйлдвэрлэсэн эфирийн тос импортынхоос юугаараа илүү юм бол?
-Эхний шатны судалгаанууд хийсэн. Бактери дарангуйлж чадах, эсэхийг нь судалсан. Гадаад орчны сөрөг нөлөө, бодисын солилцооны үр дүнд хүний биед чөлөөт радикал хэмээх бодис үүсдэг. Чөлөөт радикал хуримтлагдахаараа зүрх, судасны өвчин, хавдар үүсгэдэг. Гоо сайханд ч халтай. Арьсанд нөсөө толбо, үрчлээ үүсгэж, үс унах гол шалтгаан болно. 40 гаруй өвчний эх үүсвэр болдог чөлөөт радикалуудыг зайлуулж, саармагжуулах чадвар эфирийн тосонд бий.
Ялангуяа мөнх ногоон модноос гаргаж авсан тосны чөлөөт радикал дарангуйлах чадавх нь импортын бүтээгдэхүүнийхээс илүү гарсан. Маш өндөр гэж тодотгосон ч болно. Жишээ нь, хушнаас гаргасан тос чөлөөт радикал дарангуйлах чадвар өндөртэй. Мөн нарсны эфирийн тосыг импортынхтой харьцуулахад бактери дарангуйлах чанар нь илүү байсан. Үүнээс гадна бид эфирийн тос хорт хавдрын эсрэг үйлчлэх, эсэхийг судалсан.
Анхан шатны судалгаагаар бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хорт хавдрын эсрэг идэвхтэй нь тогтоогдсон. Үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай. Нарийвчилсан судалгааг ойрын хугацаанд эхлүүлнэ.
Шилмүүст ойд хоёр цаг явахад уушги цэвэрлэгддэг гэдэг. Энэ нь модны үнэрийн ач тус шүү дээ. Модны үнэр үрэвслийг дарангуйлж, бактерийг устгаж, уушгийг цэвэрлэж буй хэрэг. Бас стресс, ядаргааг тайлдаг. Цусан дахь стрессийн даавруудыг модны үнэр дарангуйлж, дархлааны эсийг идэвхжүүлдэг. Үүнийг Японы эрдэмтэд судалж тогтоосон юм. Эфирийн тос гэж сонссон хэрнээ энэ мэт ач холбогдлыг нь мэддэггүй хүн цөөнгүй. Монголын зах зээлд одоохондоо цоо шинэ шахуу бүтээгдэхүүнийг л бид нийлүүлж байна.
-Эфирийн тос гарган авах арга хялбар уу, эсвэл төвөгтэй юү?
-Хамгийн энгийн, дэлхий дахинд түгээмэл, уураар нэрэх аргыг хэрэглэдэг. Эрсдэлгүй, химийн уусгагч огт ашигладаггүй давуу талтай арга л даа.
-Бүх төрлийн ургамалд эфирийн тос агуулагддаг уу?
-Тухайн ургамлаас үнэр гарч л байвал эфирийн тос агуулсан гэсэн үг. Дэлхий дахинд дулаан орны ургамлуудаас их хэмжээний тос гарган авч байна. Үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсуудтай монголчууд өрсөлдөх хэцүү. Тиймээс Монгол Улс өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахуйц, сонин содон бүтээгдэхүүнийг л олон улсад таниулах ёстой.
-Тийм өвөрмөц бүтээгдэхүүнийг Монгол орны ямар ургамлуудаас гарган авах вэ?
-Зөвхөн манай орон болон Сибирьт л ургадаг шилмүүст моднууд байна. Түүнчлэн ганга, шимэлдэг зэрэг өвөрмөц ургамлууд бий. Гэхдээ эдгээр ургамлаас эфирийн тос гаргаж авахын тулд зайлшгүй тарималжуулах ёстой. Тэгж байж л үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Дотоодын хэрэгцээнд бол сард 10-20 литрийг үйлдвэрлэхэд л хангалттай. Одоохондоо бид бага хэмжээний бүтээгдэхүүнийг туршилтын журмаар үйлдвэрлэж байгаа юм.
Дөрвөн төрлийн тосыг зах зээлд нийлүүлээд буй. Тухайлбал, нарс, хуш, арцнаас эфирийн тос гаргаж авсан. Үүнээс гадна гацуураас тос гаргаж авахаар туршиж байна. Мөн нарс, хуш, гацуурын тосыг тодорхой найрлагын дагуу хольсон бүтээгдэхүүн худалдаанд гаргасан. Моднуудын нэгдмэл үнэр гэж ойлгож болно. Энэ нь нэг ургамлаас гарган авсан бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй юм.
-Цаашид өөр ямар ургамлаас эфирийн тос гаргаж авахаар төлөвлөсөн бэ?
-Ирэх он гэхэд найман төрлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Жишээ нь, агь, гангаас эфирийн тос ялгаж авна. Мөн хэдэн зүйлийн шарилжийг судалж, туршина.
-Үйлдвэрлэл явуулахад багагүй хөрөнгө шаардагдана. ШУА-ийн санхүүжилтээр ажилладаг уу, эсвэл бусад төсөл, хөтөлбөрөөс дэмжлэг авсан уу?
-Байгалийн химийн нэгдлийн лабораторидоо бага хэмжээний тос үйлдвэрлэдэг. Төслөө цаашид өргөжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд их хэмжээгээр нийлүүлэхийн тулд хүрээлэнгийнхээ дэргэд гарааны компани байгуулах бодол бий. Академийн удирдлага, салбарын яамнаас ч дэмжинэ гэсэн.
-Түүхий эдээ өөрсдөө ойгоос түүж авчирдаг уу?
-Голдуу л ойн нөхөрлөлүүдээс авдаг. Гэхдээ түүхий эд бэлтгэх үйл явц маш удаан байна. Бид үйлдвэрлэлээ өнгөрсөн өвөл эхлүүлсэн юм. Гэтэл мод бэлтгэх хүн хүч олдохгүй нэлээд сандарсан. Орон нутагт ажиллах хүч хомсодсоныг анзаарлаа. Бид түүхий эд бэлтгэгчдэд нэг их өндөр цалин өгч чадахгүй л дээ. Хэдий тийм ч үнэ хөлсийг нь өгнө гэсэн ч ажиллах хүн олддоггүй.
Ийм асуудал тулгардаг учраас түүхий эд бэлтгэх системийг боловсронгуй болгох нь чухал. Цаашид модоо тарималжуулах шаардлагатай. Уг нь модыг тайрч огтлохгүй, хаягдал шилмүүсээс нь ч тос гарган авч болдог шүү дээ. Хугарч унасан навч, мөчрүүдээс нь ч бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.
-Нэг литр эфирийн тосыг хэр их түүхий эдээс гарган авдаг вэ?
-Нийт түүхий эдийн ердөө 2-4 хувь нь л эфирийн тос болдог. Тэгэхээр 100 кг түүхий эдээс 0.2-0.3 кг тос гарна. Эфирийн тос өндөр үнэтэй байдгийн шалтгаан үүнтэй л холбоотой. Ургамалд маш бага хэмжээгээр агуулагддаг.
Манайхан ач холбогдлыг нь мэдэхгүй хэрнээ үүнийг ардын эмчилгээнд хэрэглэдэг юм чинь ашигтай л байж таарна гээд зарим ургамлыг замбараагүй түүж байна. Ингэхдээ ихэнх тохиолдолд үндсээр нь тасалж, ахин ургах боломжийг нь хязгаарладаг. Мөн дур мэдэн, их хэмжээгээр ууж хэрэглэх нь ч түгээмэл. Уг нь ашигт бодисыг нь судалгааны үндсэн дээр, зориулалтын аргаар гарган авч ашиглах ёстой.
-Өмнө нь манайд эфирийн тосны үйлдвэр байсан гэж сонслоо. Яагаад өдий хүртэл үйл ажиллагаа явуулаагүй юм бол?
-С.Шатар багш социализмын үед Сэлэнгэ аймгийн нутаг, Бугантын мод бэлтгэлийн аж ахуйн дэргэд нарсны буюу шилмүүст модны тос олборлох цех байгуулсан юм билээ. Мод бэлтгэх аж ахуйд түшиглэсэн цех учраас түүхий эдээр гачигдах асуудал тулгардаггүй байж. Харамсалтай нь, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үйл ажиллагаа нь доголдож, үүдээ барихад хүрсэн гэсэн.
-Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд бизнесийн байгууллагатай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах санал хүсэлт тавьж байв уу?
-Үгүй. Уг нь эдийн засгийн үр өгөөжтэй, өндөр ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулалт олоход нэг үеэ бодвол амар болсон юм шиг санагддаг. Үйлдвэрлэлийг тогтвортой явуулна гэвэл түүхий эдийн нийлүүлэлт тасрах ёсгүй. Нэг байгууллагатай гэрээ байгуулчихаад “Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж амжихгүй нь” гэж хэлж болохгүй.
Тиймээс түүхий эдийн дутагдалд орохгүйн тулд ургамлуудаа тарималжуулах хэрэгтэй гэж дахин дахин яриад байгаа юм. Тэгвэл үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтойгоос гадна тос олборлох явцад хаягдсан, ханд, өвс зэрэг хаягдал бүрийг боловсруулна. Ямар ч хаягдалгүй үйлдвэрлэл явуулна гэсэн үг.