Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр, уул уурхайн салбарын өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс давж, бизнесийн зээл тогтвортой өсөж, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засаг тэлж буйг тус банкныхан тэмдэглэв. Цаашид гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй бөгөөд уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлж дуусах, гадаад өрийн өндөр дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байгаа аж. Иймээс макро эдийн засгийн бодлогыг дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага тавигдаж буйг мөн дурдлаа. Гадаад орчны болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат, банкны салбарын эрсдэл даах чадвар чухал гэв. Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзсанаар бодлогын хүүг ийн хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ.