Өчигдөр Францад алдарт хөлбөмбөгчин, UEFA-ийн Ерөнхийлөгч асан Мишель Платинийг баривчилсан явдал нийгэмд шуугиан тариад байна. Түүнийг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ явуулах орныг сонгоход авилга авсан хэрэгт буруутган саатуулсан тухай CNN мэдээлсэн юм. Гэтэл удалгүй түүний өмгөөлөгч эл мэдээллийг буруу ташаа хэмээгээд Мишель Платинигийг зөвхөн мэдүүлэг авахаар хуулийн байгууллага дуудсан тухай мэдэгдлээ. 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад явах бөгөөд энэ асуудал анхнаасаа хэл ам дагуулсан аж. Халуун оронд мөн анх удаа өвлийн улиралд уг тэмцээнийг явуулах нь тохиромжтой эсэх талаар маш их маргаан үүссэн билээ. Хөлбөмбөгийн зарим албан тушаалтнууд Катар улсыг сонгуулийн комиссын саналыг худалдаж авсан гэж буруутгасан юм. Тэр саналын тоонд Платини ч оржээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) дотоод шалгалт явуулсан ч авилга өгсөн баримт нотлогдоогүй ажээ. UEFA-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас гадна FIFA-гийн дэд ерөнхийлөгч байсан Платини 2018, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудыг сонгохтой холбоотой авилгын хэрэгт холбогдсон гол хүмүүсийн нэг юм. Энэ хэрэгт түүнийг анх 2014 онд Британийн хэвлэлд Оросын төлөө саналаа өгөхийнх нь төлөө Платинид Пабло Пикассогийн зургийг бэлэглэсэн тухай мэдээлэл гарсны дараа сэжиглэж эхэлжээ. UEFA-ийн Ерөнхийлөгч өөрийн зүгээс эдгээр мэдээллийг эсэргүүцэн “Sunday Times” сониныг шүүхэд өгчээ. Хожим Платинийг авилгын эсрэг FIFA-ийн дотоод мөрдөн шалгах ажиллагааны үеэр 90 хоногийн хугагаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ. Үүний шалтгаан нь FIFA-ийн Ерөнхийлөгч асан Зепп Блаттер 2011 онд тус холбооны хөрөнгөнөөс Платинигийн дансанд 2,0 сая Швейцар франк шилжүүлсэн явдал байв. 2015 онд Блаттер, Платини хоёрт тулгасан авилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон ч уг мөнгөн шилжүүлгээс үүдэн FIFA-ийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэн тэр хоёрыг хөлбөмбөгийн үйл ажиллагаанаас тодоорхой хугацаагаар түдгэлзүүлжээ. Ирэх аравдугаар сард Платини хөлбөмбөгийн үйл ажиллагаандаа эргэн орох ёстой байжээ.