Улсын наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Хэний хүү түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын харваач бусдаасаа мэргэн байх бол хэмээн хүн бүхэн өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж. Эрийн гурван наадмын нэг төрөл нь үндэсний сурын харваа.
Өнөө жил улсын наадмын зохион байгуулалтад хэрхэн анхаарч, шинэлэг ямар ажил хийж буй талаар Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяраас тодрууллаа. Эл спортоор таван жил хичээллэж буй, Баян-Өлгий аймгийн харьяат Б.Батгэрэлийн шавь түүнийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар энэ жил сонгосон юм.
-Энэ жил улсын наадмын үндэсний сурын харвааны зохион байгуулалтын юун дээр түлхүү анхаарч байна вэ. Өмнөхөөсөө юугаараа онцлогтой болох бол?
-Шинэ зүйл санаачилж байна гээд тогтсон жишиг, уламжлалаа гээж болохгүй. Тиймээс өмнөх уламжлалаа дээдэлж, хүндлэх нь чухал. Үндэсний сурын тэмцээн зохион байгуулдаг талбай жижигхэн. 600-700 харваач оролцоход цаг их алддаг, наадам сунжирдаг, зохион байгуулахад ч хүндрэлтэй байдаг. Тиймээс МҮХХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар энэ жил улсын наадамд 540 харваач оролцуулахаар шийдвэрлэсэн.
-Харваачдыг ямар шалгуураар сонгох вэ. Хүссэн бүхэн оролцох боломж бий юү?
-Боломжгүй. Энэ сарын 22-24-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-д оноогоороо тэргүүлсэн эрэгтэй 350, эмэгтэй 150 харваач Төрийн наадамд цэц сорих эрх өвөртөлнө. Цол, зэрэггүй, залуу харваачид залуучуудын УАШТ-ээс эрх авна.
-Улсын наадмын нээлтэд Төрийн гурван өндөрлөг үндэсний сураар харвана гэж дуулдсан.
-Өмнө нь улсын наадмын нээлтэд зөвхөн Ерөнхийлөгч сум тавьдаг байсан. Энэ жил гурвуулаа харвах боллоо.
-Наадмын үндэсний сурын харвааг зохион байгуулна гэдэг олон хүнийг хамарсан, өргөн цар хүрээтэй ажил. Улсын төсвөөс баталсан мөнгө хэр хүрэлцдэг бол?
-Ний нуугүй хэлэхэд хүрэлцдэггүй. Тэглээ гээд юу гэж зүгээр сууж, улсын ажил гацаах вэ. Аль болох хүргэхийг, зохицуулахыг хичээдэг.
-Өмнөх жилүүдийн адил бөгж харвуулах, бөмбөг намнах тэмцээнийг хийх үү?
-Тэгэлгүй яах вэ. Би ярилцлагынхаа эхэнд дурдсан шүү дээ. Өмнөх уламжлалаа гээж болохгүй гэж. МҮХХ-ны ерөнхийлөгч Ч.Энхтайван жил бүр бөмбөг намнах харвааг ивээн тэтгэж, түрүүлсэн харваачийг 10 сая төгрөгөөр байлдаг. Энэ жил ч бас тэгнэ. Үүний сацуу наадмын үеэр холч харваа зохион байгуулна.
-Эрийн гурван наадмын төрлөөс сур харвааг манайхан төдийлөн ойшоохгүй, харваачдынхаа амжилтыг бөх, уяачдын хэмжээнд үнэлэхгүй байх шиг. Түрүүлсэн харваачийнхаа амжилтыг “Prius”-ээр ч болтугай урамшуулах юм сан” хэмээх хошин үг гарсан байна лээ. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Харваачдын амжилтыг ард түмэн төдийлөн ойлгодоггүйтэй холбоотой болов уу. Нэг үеэ бодоход ахиц гарч байгаа нь олзуурхууштай. Өмнө нь зөвхөн түрүүлсэн харваачид л улсын мэргэн цол олгож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчны амжилтыг үнэлдэггүй байсан. Харин одоо медальт байрт шалгарсан харваачид гарамгай мэргэн, гоц мэргэн цол олгох болсон нь том дэвшил. Үндэсний спортын төрлүүдээс хамгийн шударга нь сур. Энэ спортыг олонд улам таниулж, сурталчлахын хэрээр үндэсний сур сонирхогчдын тоо, харваачдын амжилтын үнэлэмж нэмэгдэх нь гарцаагүй. Энэ тал дээр бид олон ажил хийхээр төлөвлөсөн.
-Улсын наадмаар бүх аймаг, сум үндэсний сур харвадаг уу?
-Бүх аймагт харвадаг ч цэц сорьдоггүй сум цөөнгүй бий. Улсын наадмаар орон даяар үндэсний сур харвабал сайхан байлгүй яах вэ. Манай холбооноос бүх аймаг, сумд үндэсний спортыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Түүндээ хүрэхийн тулд юуны түрүүнд боловсон хүчин, техник хэрэгсэл чухал. Тиймээс бид харваачгүй сумдад Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ жил тус хөтөлбөрийг найман аймгийн 40 сумд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Та энэ жил гуравдугаар сард МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Одоогоор ямар ажил хийгээд байна вэ. Цаашид юу бүтээхээр төлөвлөв?
-МҮОНРТ-тэй хамтран Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн сурагчдад үндэсний сурын сургалт зохион байгуулж, спортоо сурталчилсан. Түрүүн дурдсан хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд найман аймгийн 40 сумд сургалт зохион байгуулна. Цаашид харваачдын амжилтын үнэлэмжийг ахиулахад түлхүү анхаарахаар төлөвлөсөн.