Хятадын “Huawei” компанийн гар утасны борлуулалт 2019 онд анх төсөөлж байснаас 40 хувиар буурна гэж тус компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Рен Женфей мэдэгджээ. Трампын засаг захиргааны “Huawei” компанийн эсрэг санаачилсан эдийн засгийн хориг болон хоёр улсын хоорондох худалдааны дайн компанийн орлогод сөргөөр нөлөөлж,ойрын хоёр жилд 30,0 тэрбум доллар алдахад хүрээд байгаа аж. “АНУ “Huawei” компанийн эсрэг ийм хүчтэй, ширүүн дайрах юм гэж бид хэзээ ч бодож байсангүй” гэж Рень Женфей хэлжээ.Ингэхдээ тэрбээр АНУ-ын эрх баригчидтай зөвшилцөх сонирхлоо нуугаагүй байна. “Huawei” борлуулалтын хэмжээгээ огцом бууруулж төлөвлөх болсон бөгөөд үүний гол шалтгаан нь Google компани Андроид системийн лицензээ цуцлах болсонтой холбоотой юм. Андроидыг орлох өөрийн үйлдлийн системийг зах зээлд гаргахаар Хуавэй бэлдэж байгаа тухай мэдээ худалдан авагчдын шийдвэрт төдийлөн нөлөөлөхгүй бололтой. Үүнээс гадна Huawei компани гар утасныхаа бүрэлдэхүүн хэсгүүдийг худалдан авах, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох, дэлхийн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах, АНУ-ын холбоотнуудтай харилцаа тогтоох боломжгүй болоод байгаа билээ. Өмнө нь “Bloomberg” суваг тус компанийг Европын зах зээлд "Honor 20" загварын ухаалаг гар утас гаргах төлөвлөгөөгөө цуцалж болзошгүй байгаа тухай мэдээлсэн юм. Зургаадугаар сарын 21-нд Их Британи, Франц улсуудад нээлтээ хийх "Honor 20" загварын эрэлт хангалтгүй байвал нийлүүлэлтээ зогсоох төлөвлөгөөтэй байгааг уг мэдээнд өгүүлжээ. Гэхдээ “Huawei” гар утасны эрэлт Хятадын зах зээлд өндөр хэвээр байгаа бөгөөд эл борлуулалт бусад зах зээлийн бууралтын тодорхой хэсгийг нөхнө гэж таамаглаж байгаагаа Рэнь Жэнфэй мэдэгдэлдээ дурджээ.