Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү, 17 настай Энхийн-Одтой ярилцлаа. Энэ жил дээд лигт “Хангарьд Хан-Уул” багийн бүрэлдэхүүнд тоглон, хүрэл медаль авсан тэрбээр УАШТ-д найм түрүүлэхдээ шилдэг тамирчнаар долоо удаа шалгарсан. Мөн түүнд гурван мөнгө, хоёр хүрэл медаль бий. Хэдхэн хоногийн өмнө эх орондоо болсон ДАШТ-д онцгойрч, Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан түүнтэй Спортын төв ордонд уулзахад Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанд хөлөө шаруулж байсан юм.
-ДАШТ-д оролцох үеэр хөл нь зовиуртай байсан гэж дуулсан. Одоо бүрэн эдгэсэн үү?
-Хоёр сарын өмнө хөл дээр юм гарч, идээлсэн юм. Тэгж байгаад эдгэчих байх гээд тоохгүй яваад байлаа. Гэтэл ДАШТ-ий өмнө бүр хүндэрч, бараг ясандаа хүртэл идээлсэн байх. Тэмцээний дараа хагалуулж, цэвэрлүүлсэн, одоо овоо эдгэрч байна.
-Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл. Хөлийнх нь зовиур тоглолтод нь хэр нөлөөлөв?
-Эхний хоёр тоглолтод харьцангүй гайгүй байсан юм. Гэтэл ДАШТ-ий үеэр болсон цагариган дээрээс довтлох тэмцээний дараа тэсвэрлэхийн аргагүй өвдсөн. Бараг гүйж чадахаа больсон шүү. Тэглээ гээд ямар больчихолтой нь биш. Зорилгодоо хүрэхийн тулд, багийнхныхаа төлөө шүд зуугаад л тэссэн. Тоглолт эхлэнгүүт юун хөлний зовиур манатай. Өвдөж буйг нь ч анзаарах сөхөө байгаагүй.
Оноо авангуут монголчууд дэмжин, уухайлахаар урам авч, өвдөж буйгаа мартчихаад байлаа. Тоглолтын дараа л тэсэхийн аргагүй өвдөж буйг нь мэдэрч байсан юм. ДАШТ-ий үеэр Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанд шаруулж, идээг нь соруулсны дараа арай гайгүй боллоо.
-Өмнө нь 3х3 төрлөөр тэмцээнд оролцож байсан уу?
-Үгүй ээ, анх удаа өрсөлдлөө. Өмнө нь бэлтгэл хийж ч байгаагүй. АНУ-аас ирсний дараа ДАШТ-д оролцох тамирчдын сонгон шалгаруулалтын тов гарсан юм. “Яах вэ” гээд ааваас асуухад зөвшөөрсөн. Тэгээд тэнцэн, багийнхантайгаа хоёр сар бэлтгэл хийгээд ДАШТ-д оролц лоо.
Манай багийнхан бэлтгэлээ хоёр сар л базаасан. Хэдийгээр тийм богино хугацаанд бэлтгэл хийсэн ч бие биен тэйгээ маш сайн ойлголцож, нэгдэж чадсан нь амжилтад их нөлөөлсөн байх. Бид өмнө нь УАШТ зэрэг олон тэмцээнд хоорондоо өрсөлдөж байсан, нэг нэгнээ андахгүй.
-Хэдийгээр сагсан бөмбөгийн төрөл ч 5х5, 3х3 хоорондоо эрс ялгаатай. Дасахад хамгийн хэцүү нь юу байв?
-Дүрэм нь амаргүй байлаа. Бас багш нарынхаа боловсруулсан хувилбар, заасан системийнх нь дагуу тоглож сурах гэж сар гаруй болсон. 3х3 төрлийн тоглолтын хэмнэл нөгөөхөөсөө хамаагүй хурдан. Бөмбөг цагаригт оронгууд шууд аваад л тоглолтыг үргэлжлүүлнэ. Сэлгээнд суухаас бусад үед чөлөөтэй амьсгаа авах ч сөхөө бараг гардаггүй.
-Хоёрхон сар бэлтгэл хийсэн, өмнө нь тэмцээнд өрсөлдсөн туршлагагүй байсан та бүхэн ямар зорилготой оролцов?
-Бид зөвхөн түрүүлэх зорилготой өрсөлдсөн. Хэдийгээр Латви, Беларусь, Гүржийн багийг хожин, шилдэг наймд шалгарсан ч сэтгэл дундуур байна. Хэсэгтээ ДАШТ-д түрүүлсэн АНУ, хасагдах шатанд мөнгөн медаль хүртсэн Туркийн сагсан бөмбөгчдөд хожигдлоо. Уг нь тэднийг дийлэх боломж байсан. Туркийн багтай тоглоход би хөлний зовиурын улмаас өөрийгөө бүрэн дайчилж чадаагүй. Өөрөөсөө үл шалтгаалах зүйлийн улмаас хожигдох хэцүү юм билээ.
Нөгөө талаар гурван шилдэг багийг хож лоо гээд арай эрт тайвширсан тал бий. Тоглолтын дараа өөрийн эрхгүй уйлсан. Зорилгодоо хүрч чадсангүй гэж бодохоор л шар гозойгоод. Уг нь ДАШТ-д түрүүлж, монголчуудаа баярлуулахаар зүтгэсэн юм сан. Тэмцээний дараа аав “Зүгээр ээ, миний хүү. Дэлхийн дэвжээ шүү дээ” гэж намайг тайтгаруулсан.
-Монголын шигшээ багийнхан С хэсэгт АНУ, Латви, Гүрж, Беларусийн тамирчидтай учраа таарсан. Сагсан бөмбөгийн спортоор дэлхийд ноёлж буй эдгээр багтай нэг хэсэгт багтаад сүрдсэн үү?
-Өө, юу гэж тэгэх вэ. Ухаалаг, бие биедээ итгээд тогловол алийг нь ч хожно гэж л бодсон. Эх орондоо, монголчуудынхаа өмнө тоглосон болохоор тэднийг дийлсэн байх. Өөр улсад хүч сорьсон бол хожигдох ч байсан юм бил үү. Нөгөө талаар ДАШТ-ий үеэр цөөнгүй улсын тамирчидтай бэлтгэл хийн, туршлага судалсан нь амжилтад их нөлөөллөө. Тэгэлгүй, шууд өрсөлдсөн бол юу ч болох байсан юм билээ.
Биднийг дэмжсэн монгол түмэндээ баярлалаа. -Монголын баг АНУ зэрэг сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн оронтой тоглоход “Хэдээр хожигдох бол” гэдэг байсан цаг саяхан. Богино хугацаанд бэлтгэл хийсэн та бүхэнд өндөр амжилт гаргана гэх итгэлийг юунаас авав?
-Монголын тамирчид 3х3 төрлөөр өндөр амжилт гаргаж байгаа, олимпын эрх авахад ойрхон яваа. Дэлхийд гайхагдаж буй ах нартайгаа бэлтгэл хийхдээ их зүйл сурсан. Тэдэнтэй давгүй тоглосондоо урамшин, ДАШТ-д өндөр амжилт гаргах боломж, нөөцтэйгөө мэдсэн. Бид дөрвүүлээ ганцхан зорилготой байснаараа бусдаас хүчтэй байсан юм болов уу.
-АНУ, Туркийн багийг хожих боломж байсан нь мэдээж. Та бүхэн тэднээс юугаараа дутуу байсан бэ?
-АНУ-ын тамирчдаас ур чадвараар дутсан байх. Турктэй хийсэн тоглолт шүүлтийн бага зэрэг эргэлзээтэй болсон гэж хүмүүс ярьж байна лээ. Шүүгчийн хоёр удаагийн эргэлзээтэй шийдвэр тоглолтын хэмнэлийг өөрчилчихсөн л дөө. Хэрвээ бид тэднийг хожсон бол чансаагаа раа БНХАУ-аас илүү гарах байсан юм. Тэр тоглолтыг хятад шүүгч дэнсэлсэн болохоор тийм шийдвэр гаргасан байх гэж дүгнэсэн.
-Энэ жил Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн төрөлд өрсөлдөхдөө аавынхаа дээгүүр үсэрч тохон, шуугиулсан. Тиймээс ДАШТ-ий үеэр болсон эл төрөлд таныг өндөр амжилт гаргах болов уу гэх хүлээлт их байлаа.
-Харин тийм ээ, би ч бас олны хүлээлтийг мэдэрсэн. Даанч хөлний зовиурын улмаас төлөвлөснийхөө дагуу оролцож, зорьсондоо хүрч чадсангүй. ДАШТ дууссаны дараа бусад орны цөөнгүй тамирчинтай танилцаж, заримтай нь найз боллоо. АНУ-ын тоглогч Н.Бурнеттэй өмсгөлөө солилцсон.
-Н.Бурнетт гэснээс түүний сурдаг “Polifoc preb” академиас танд санал тавьсан гэж дуулсан. Үнэн үү?
-Үнээн, тэд намайг сонирхож буйгаа илэрхийлсэн. АНУ-д очихоороо тэнд бэлтгэл хийж үзнэ. Таалагдвал “Polific preb”-т сурна, таалагдахгүй бол өөр академи сонирхоно. Би ирэх жил “Prolific preb” сургуульд сурах бодолтой байгаа. Тус сургуульд Жэйлэн Грийн гэдэг шилдэг тоглогч бий.
Өнгөрсөн жил 16 настайдаа 5х5 төрлийн 17 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцохдоо MVP болсон түүнийг олон хүн сонирхож байгаа. Би тэнд хэр дасах, надад тоглох орон зай ямархуу байхаас шалтгаалан “Prolific preb”-д сурах, эсэхээ шийднэ.
-Танд “Polifoc preb”-ээс өөр санал тавьсан академи, сургууль бий юү?
-Өмнө нь тав, ДАШТ-ий дараа хоёр сургууль сонирхож буйгаа илэрхийлсэн. Ямар ч тамирчинд санал тавихдаа тоглолтыг нь ганцхан үзээд бус, ур чадвар, зан ааш гээд олон зүйлийг нь багадаа 2-3 жил судалдаг юм билээ. Бэлтгэл хийн, сайтар судлан, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөж байгаад алинд нь сурахаа сонгоно.
-Танайх Улаанбаатар хотод амьдардаг. АНУ-д очихоороо хаана байрладаг вэ?
-Өмнө нь нэг ахындаа амьдардаг байсан. Одоо сургуулийнхаа дотуур байранд байх болов уу.
-17 настай хүүхэд хүний нутагт амьдрах, гэрээсээ хол байх амаргүй нь мэдээж. Аливаа зүйлийг бие даан шийдвэрлэдэг үү, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөдөг үү?
-Мэдээж зөвлөлгүй яах вэ. Аав, ээжээсээ асууж байгаад л шийддэг. Би 2014 оноос хойш АНУ-д ирэн, очин амьдарч байна. Хамгийн амаргүй нь сургуульд сурах. Би өмнө нь “United states basketball” академид сурсан. Тэмцээнд оролцоход зарим тоглогч “Өө, муу ази” гээд нүд үзүүрлэнэ. Гэсэн ч дэмждэг нь олон. Би ч хэр баргийн зүйлийг тоодоггүй, нэг их ач холбогдол өгдөггүй.
Өнөөх тамирчид тоглолтын дараа “Мундаг байсан шүү” гээд хамт зургаа авхуулдаг. Намайг Азийн өөр орных гэж андуурдаггүй. АНУ-д амьдрахад өртөг өндөр. Бүхий л зардлыг аав, ээж хоёр зохицуулдаг. Би сурч, бэлтгэлээ базаахынхаа хажуугаар ажил хийдэггүй. Зав ч хомс. Чөлөөт цагаараа зүгээр л сайхан унтдаг (инээв).
-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн оноо авсан бэ?
-Ганц дургүй зүйл минь энэ. Оноогоо хэзээ ч тоолж байгаагүй. Хэдэн оноо авах бус, хожих, багаараа шилдэг байх л чухал шүү дээ.
-Монголын бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг, анхны легионер, Гавьяат тамирчин Ц.Шаравцамцын хүү гэдгийг тань уншигчид сайн мэднэ. Гавьяатын том хүү Мөнхийн-Од ч мөн сагсан бөмбөгөөр хичээллэдэг юм билээ. Таныг эл спортод хөл тавихад аав, ах хоёр тань нөлөөлсөн байх.
-Тэгэлгүй яах вэ. Багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэсэн. 11 настайгаа хойш тэмцээнд оролцож байна. Аав минь надад мэддэг, чаддаг бүхнээ заасан. Заасныг нь овоо сураад магтуулна, буруу хийгээд амбаардуулна. Аав намайг сайн тамирчин болгохын тулд тэгж хичээснийх нь үр дүнд л би өнөөгийн амжилтыг гаргаж яваа.
Багаас минь намайг холбогчийн байрлалд бэлтгэсэн. Би эхээс хоёулаа. Ах хоёр метр өндөр. Би ахаас нэг см-ээр өндөр болсон. Одоо өндрөөрөө гэр бүлийнхнээсээ хоёрт жагсаж байгаа. Ааваасаа өндөр болчихвол гоё л байна. Ах “Этүгэн” их сургуулийн багт тоглон, “Старс” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Би өөрийгөө сагсан бөмбөгийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй. Хэрвээ эл спортоор хичээллээгүй бол яах байсныг бүү мэд. Волейболчин болсон байж магадгүй л юм. Учир нь ээж залуудаа волейбол тоглодог байсан юм.
-Ахтайгаа хамт тэмцээнд оролцож байв уу?
-УАШТ-д гурван удаа оролцохдоо медаль аваагүй. Түүнээс хойш тэмцээнд хамт өрсөлдөөгүй. Ах надаас дөрвөн насаар ах. Би наймдугаар сард 17 нас хүрнэ.
-Аав, хүү гурав чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог уу. Ихэвчлэн хэн нь хождог вэ?
-Би хождог. Аав БТСГ-ын даргаар ажилладаг болохоор бид хоёртой тоглох зав хомс. Хамгийн сүүлд гурвуулаа хэзээ тоглосноо мартчихаж.
-Ц.Шаравжамц гавьяатын хүүхэд гээд хүн бүхэн хүндэлж, амжилт нэхэх нь заримдаа дарамт болох юм уу?
-Ёстой тэгдэггүй. Би тоодоггүй шүү дээ. Мэдээж ааваараа бахархдаг, нэрийг нь сэвтүүлэхгүйг хичээдэг. Хүмүүсийн магтаал, урмын үгээс илүү хожигдол намайг хурцалдаг. Өнгөрсөн хугацаанд намайг хамгийн хурцалсан ялагдал бол ДАШТ-д Туркийн багт дийлдсэн явдал.
-Энэ жил “Хангарьд Хан-Уул” багийн бүрэлдэхүүнд тоглон, дээд лигээс хүрэл медаль авсан. Тус багт өрсөлдөх гарцыг хэрхэн олов?
-Би олон улсын хэмжээний мастер Ш.Сэдбазар багшийн шавь. АНУ-аас ирснийхээ дараа багшийнхаа тоглодог “Хангарьд Хан-Уул” багийнхантай бэлтгэл хийсэн. Тэгээд гэнэт тус багт хүчин зүтгэхээр шийдсэн. Сагсан бөмбөгчин бүхний мөрөөдөл болсон дээд лигт анх удаа тоглон, хүрэл медаль хүртсэндээ баярлаж явдаг. Дээд лигт хүч сорих миний эхний, багшийн сүүлчийн жил (тэмцээний дараа зодог тайлсан) байлаа.
-Дараа жил дээд лигт тоглох уу?
-Өрсөлдөхгүй байх.
-Бүх оддын тоглолтод аавынхаа дээгүүр үсэрч тохох санаа хэрхэн төрсөн бэ?
-Цагариган дээрээс довтлоход онцгой үзүүлбэр чухал. Үнэнийг хэлэхэд би аавынхаа дээгүүр үсэрч тохохыг олон жил мөрөөдсөн. Хурдан өндөр болоосой гэж яараад л. Энэ жил нэлээд бодож байгаад энэ үзүүлбэрийг хийхээр шийдсэн юм. Бүх оддын тоглолтын өмнө аавд хэлээгүй. Тэмцээний үеэр их сандарч, догдолсон. Гүнзгий амьсгаа авч байгаад л аавд “Таны дээгүүр үсэрч тохно” гэж хэлэв. Үзүүлбэрээ анхны оролдлогоороо амжилттай болгоод их баярласан. Надад түрүүлэх бус, мөрөөдлөө биелүүлэх л чухал.
-Зарим хүн аавынхаа тэргүүн дээгүүр үсэрлээ гээд шүүмжилж байгаа нь анзаарагдсан.
-Би ч бас анзаарсан. Уг нь зүгээр л нэг энгийн үзүүлбэр шүү дээ.
-NBA-д тоглохыг хүсдэг байх. Тэнд л хүчин зүтгэхсэн гээд онцолсон баг бий юү?
-Байхгүй. Намайг сонгож, санал тавьсан багт л тоглоно. Заавал аль нэгийг нь онцол гэвэл “Финикс санс”. Учир нь би Финикс хотод төрсөн. Тийм болохоор мэндэлсэн хотынхоо багт хүчин зүтгэж болох л юм.
-Төрснөөсөө хойш тэнд хэдэн жил амьдарсан билээ?
-Хоёр жил. Тухайн үед аав Америкийн лигт тоглож байсан юм. Би ирээдүйд NBA-ийн тамирчин болж, эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг мөрөөддөг. DUK-ийн их сургуулиас NBA-д хөл тавьсан олон шилдэг тамирчин бий. Тус сургуульд сурахыг хүсдэг. Хугацаа байгаа юм чинь алсдаа болох байх. Ер нь NBA-д их сургуулиас драфтлагдах төлөвлөгөөтэй.
-АНУ руу хэзээ явах вэ?
-Өнөө орой (уржигдар) аав, ээж хоёртой хамт явна. АНУ-ын ямар хотод амьдрахаа одоохондоо хараахан шийдээгүй. Аль сургуульд сурахаас шалтгаална.
-3х3 төрлийн Азийн АШТ наймдугаар сард болно. Та шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглох уу?
-Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооныхон намайг сонгон, тоглох боломж олговол АНУ-аас ирээд оролцоно. Тэгэхгүй бол эх орондоо намраас өмнө ирж амжихгүй байх. АНУ-д зуны улиралд олон тэмцээн болдог. Тэдгээрийн заримд нь би өрсөлдөнө. Азийн АШТ-тэй давхацчих вий дээ. ДАШТ-ий дутуугаа Азийн дэвжээнд гүйцээхийг хүсэж байна.