“Татварын зувчуулалт - Олборлох салбарын татварын шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр эхэллээ. Тус уулзалтаар үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, ойрын болон урт хугацааны төсөл боловсруулах талаар хэлэлцэх аж. Зохион байгуулагчид нь “Засгийн газрыг хянах, шаардлага тавих бус, үндэстэн дамнасан корпорацуудын жишээнээс сургамж авч, татвар зувчуулах, олборлох салбарын татварын асуудлыг урьдчилан төлөвлөх, шийдвэр гаргагчидтай хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ. Мөн Татварын тухай хуулийн шинэчлэл, олборлох салбарын нөлөө, төрийн үйлчилгээний чанарын талаар санал бодлоо солилцоно” гэлээ. Энэхүү уулзалтыг Төрийн үйлчилгээний олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллага(PSI)-ын Монгол дахь гишүүн байгууллагууд, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоод, Фридрих Эбертийн сан, Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төв, “Оюу Толгойн хяналт” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй эл арга хэмжээний үеэр Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төвийнхөн “Уул уурхайн татвар-Рио Тинто Монголд татвар зувчуулсан нь” хамтарсан судалгааны тайланг танилцууллаа.
Уг тайланд “Рио Тинто” нь хуулийн цоорхой, гэрээний хийдлийг ашиглан “Шуудангийн хайрцаг” зэрэг охин компаниудаараа дамжуулан Монгол Улсад төлөх татвараас 232 сая ам.доллар, Люксембургт бүртгэлтэй “Мовель” охин компаниа ашиглаж Канадад төлөх татвараас 559 сая ам.доллар зувчуулсан” гэж дурджээ.