Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлуудаас магадгүй хамгийн чухал, үр өгөөжтэй нь “Хүүхдийн мөнгө” хөтөлбөр болов уу. Эл хөтөлбөрийг 2005 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн. Тухайн үед Засгийн газраас амьжиргааны түвшин доогуур эмзэг бүлгийн 0-17 настнуудад сар бүр мөнгө олгох болсон юм. Хөгжлөөрөө Азидаа дээгүүрт ордог улс орнууд ч ийм хөтөлбөр хэрэгжүүлээгүй. Тайвань, Филиппин, Тайланд манайхаас туршлага судалья гэсэн юм билээ. Олон улсын Хөдөлмөрийн товчооноос ч уг хөтөлбөрийг ихэд сайшаасан. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дундах ядуурал буурч, хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжихэд эергээр нөлөөлсөн гэж онцолсон. Нөгөөтээгүүр, ашигт малтмалын татвараас бүрдүүлэх уул уурхайн салбарын орлогыг хүн амд тэгш хуваарилсан, тэр дундаа хүүхдэд шууд хүрсэн бодлого гэж сайшаасан юм. 2005 онд зэсийн үнэ өсөж, татварын орлого эрс нэмэгдэн улсын төсөв үлдэгдэлтэй гарсан нь нийгмийн хамгааллыг бэхжүүлэх таатай орчин бүрдэхэд нөлөөлжээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг анх нэвтрүүлсэн.
Дархлаажуулалт хийлгэсэн, эцэг, эхтэйгээ хамт амьдардаг, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэггүй өрхийн хүүхдүүд уг хөтөлбөрт хамрагдаж байв. Үүнээс гадна 8-17 насныхан сургуульд явах болзлыг нэмж тавьсан. 2005 оны зургадугаар сар гэхэд уг хөтөлбөр нийт зорилтот хүн ам буюу 0-17 насны бүх хүүхдийн 61 хувийг хамарсан байна. 2006 онд зэс, алтны үнэ өсөж, төсвийн орлого нэмэгдсэн тул мөн оны зургадугаар сард “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрт хамруулах өрхийн орлогыг харгалзахаа больж, зөвхөн хүүхдээ сургуульд хамруулсан байх болзол тавьж эхэлсэн. Харамсалтай нь, 2007 оны нэгдүгээр сард бүх хүүхдэд улирал тутам 25.000 төгрөг олгодог болсон. Улмаар 2010 оны нэгдүгээр сард Засгийн газар эл хөтөлбөрийг зогсоосон. Тухайн үед олон улсын Хөдөлмөрийн товчооноос “Уг хөтөлбөр ядуучуудад өгөөжтэй байж, хүүхдийн мөнгөний 34 хувь нь нэн ядуу айлуудад очсон” хэмээн дүгнэсэн. Мөн орон нутагт, тэр дундаа баруун болон хангайн бүс нутгуудад ядуурлыг бууруулахад хүчтэй нөлөө үзүүлж байсан хэмээж, хүүхдийн мөнгө олгохоо зогсоосныг буруутгаж байсан.
2012 оны есдүгээр сард шинээр байгуулагдсан Засгийн газар алдаагаа залруулсан. Эрх баригчид “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг дахин нэвтрүүлж, 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 20.000 төгрөг олгох тогтоол гаргав. Гэхдээ ямар нэг шалгуур тавилгүй олгохоор тогтсон. Хамгийн гол нь иргэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ дурын арилжааны банканд хандан гаргаж, данс нээлгэх ёстой. Харин банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ч хураамж, шимтгэл авахгүй байхаар болсон юм. Харамсалтай нь, 2016 онд шинээр байгуулагдсан Засгийн газар төсвийн зарлагыг бууруулахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаа зарласны дотор хүүхдийн мөнгийг шалгууртай олгох асуудал багтсан. Улмаар 2016 оны наймдугаар сараас хүүхдийн мөнгийг шалгууртайгаар олгож эхэлжээ. Ингэхдээ амьдралын наад захын хэрэгцээ хангаж чадахгүй, халамж нэн даруй шаардлагатай эмзэг бүлгийнхэн эл мөнгийг хүртэх ёстой гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн тоог танаж, 60 хувьд нь мөнгө олгох болгосон. Харин 2019 оны нэгдүгээр сард УИХ-аас 40 дүгээр тогтоол гаргаж, мөнгө олгох хүүхдийн тоог шатлалтайгаар нэмэх болсон. Улмаар 2019 оны нэгдүгээр сараас мөнгө авах хүүхдийн тоо 80 хувьд хүрсэн. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид сар бүр 18, жилд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгийг өнөөдрийн байдлаар 912 000 хүүхдэд олгож буй.
Олон нийт эл мөнгийг хүүхэд бүрт олгохгүй байгааг шүүмжилдэг. Хүүхэд нь сар бүр 20 000 төгрөг авдаг, эсэхийг олон нийтийн газраар явж тодруулахад цөөнгүй хүн “Гэртээ цахилгаан хэрэгсэлтэй тул хүүхдийн мөнгөнөөс хасагдсан” хэмээж байлаа. Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн О.Бат-Эрдэнэ “Хайлаастад айлын хашаанд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би ганцаараа хөдөлмөр эрхэлдэг. Гэтэл “Танайх зурагт, хөргөгчтэй юм байна” гээд л хүү, охин хоёрыг минь шоовдорлож хүүхдийн мөнгөнөөс хасчихсан” гэв. Дуурь бүжгийн эрдмийн теарын хөгжимчин залуу “Эхнэр бид хоёр төсвийн байгууллагад ажилладаг. Хоёр хүүхэдтэй. Бидний цалин нийлээд 800 000 төгрөг хүрэхтэй, үгүйтэй. Гэтэл “Амины хашаа байшинтай” гээд амьжиргааны түвшин дээгүүр өрхийн тоонд хүчээр оруулсан. Энэ нь хүүхдүүдийг минь ялгаварлан гадуурхсан хэрэг мөн” гэж ярьсан юм. ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хэрхэн авдгийг тодруулснаа энд сийрүүлье.
Олон улсад хэрэглэдэг орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амжиргааны түвшинг тодорхойлжээ. Энэ судалгааг 2009 оноос хойш гурван жил тутамд нэг удаа нийслэл, аймаг, сум гэсэн гурван ангиллаар хийдэг. Цахилгаан бараа, эд зүйлс нь амжиргааны түвшинд нөлөөлөх байдлаараа өөр өөр гэж үзсэн учир ийн гурав ангилдаг гэнэ. Айл өрхүүдээс гурван үндсэн үзүүлэлт, 58 асуулгаар судалгаа авдаг аж. Хамгийн гол нь иргэд судалгаанд хамрагдах хүсэлтээ сайн дураар гаргах ёстойг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн онцолсон. Иргэн өргөдлөө гаргасны дараа хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажилтан тухайн иргэний гэрт очиж асуулга авах аж.
Зурагт, хөргөгчтэй тул хүүхдийн мөнгөнөөс хассан гэж иргэд гомдоллодог. Жишээ нь, удаан эдэлгээтэй хогшил буюу тоос сорогч, будаа агшаагч, хөргөгч, шарах шүүгээтэй бол тухайн өрхийг амьжиргаа дунджаас доогуур түвшнийх биш гэж үзнэ. Нөгөөтээгүүр, эдгээр цахилгаан хэрэгслийнхээ зарцуулалтын мөнгийг сарын эцэст төлөх чадвартай байгаа нь хүүхдийн мөнгөнөөс хасагдах үндэслэл болдог гэнэ. Амьдрах ая тухтай орчноо бүрдүүлэхэд юу юу хэрэглэж байгаагаар нь дүгнэж, оноо өгдөг гэсэн үг. Иргэн эргэн төлөх баталгаатай эх үүсвэртэй байж банкнаас зээл авдаг. Тиймээс иргэдийн зээлтэй, эсэхийг үл харгалзан хүүхдийн мөнгө олгохоос татгалзжээ. Үндэсний статистикийн хорооны хоёр жил тутамд гаргадаг өрхийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн ажлын хэсэг иргэдийн амьжиргааг тогтоодог. Мөн ХНХЯ, ХХҮЕГ-ын хамтарсан баг судалгаа хийдэг. Судалгаа хийсэн үзүүлэлтээ программд оруулж, автоматаар оноог тооцож гаргадаг аж. Амьжиргааны түвшний оноо дээд тал нь 1000 байна. 670 буюу түүнээс доош оноо авсан айл өрхүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно. Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан иргэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх ёстой. Мөн судалгаанд хамрагдсан байна. Дээрээс нь дурын арилжааны банканд хүсэлтээ гаргаснаар хүүхдийн мөнгө авах боломж бүрдэнэ. Банканд нэрийн данс нээлгэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээтэйгээ очих шаардлагатай. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголxбанк, ХХҮЕГ-ын мэдээллүүд ан цавгүй байж гэмээн иргэн хүүхдийн мөнгөө авна. Гэтэл зарим нь судалгаанд хамрагдах нь бүү хэл хүүхдийнхээ төрсний гэрчилгээг ч аваагүй байдаг гэнэ. Хүүхдийн овог, нэрийг өөрчилсөн, бусдад үрчлүүлсэн, регистрийн дугаарыг нь сольсон зэргээ зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдээлж банк болон ХХҮЕГ-т мэдээлдэггүй юм байна. Үүнээсээ шалтгаалж хүүхдийн мөнгөнөөс хоцордог нэг хэсэг бий. Өдгөө ХНХЯ өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аргачлалаа өөрчлөхөөр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн сарын 29-нд Засгийн газрын тогтоол гарсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, 670-аас доош оноотой нэг сая хүүхдэд сар бүр 20 000 олгох шийдвэр юм. Тодруулбал, энэ сарын 20-ноос нэг сая хүүхэд тус бүр 20 000 төгрөг авна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Монгол Улс 18 нас хүртэлх 1 150 000 хүүхэдтэй. Одоогоор улсын төсөвт бүх хүүхдэд сар бүр олгох мөнгө байхгүй. Тиймээс төсөвт тааруулан хүүхдийн мөнгө олгож буй. Улмаар Засгийн газар шатлалтайгаар мөнгө олгох хүүхдийн тоог нэмж, аажмаар бүгдэд нь олгох бодлого баримталж буй. Харин Ерөнхий сайд хүсэлт гаргасан өрх бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олго гэсэн. Харамсалтай нь, Ерөнхий сайдын хэлснийг биелүүлэх хэмжээний мөнгө Сангийн яаманд байхгүй гэнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж хүн амын өсөлт багачуудын хөгжлийг дэмжих онцгой үүрэгтэй. Олон нийт ч хүүхдэд мөнгө өгч буйд ам сайтай байдаг. Гагцхүү хүүхдүүдийг алагчилж байгаад дургүйцэж буй. Тиймээс хэлсэндээ хүрч бүх хүүхдэд энэ мөнгийг олговол баярлах хүн захаасаа аваад байна, Ерөнхий сайд аа. Нэгэнт нэг сая хүүхдэд мөнгө өгөх шийдвэр гаргасан бол нэмээд 150 000 хүүхэд хамруулахад юу нь болохгүй гэж. Ингэж гэмээн баялгыг тэгш хуваарилсан хэрэг болно гэж хэлэх хүн цөөнгүй. Эс бөгөөс тэднийг шоовдорлосон хэрэг болох бус уу. Хүүхэд алагчлах муухай гэдэг дээ.