Урд хөршийн Төвбанк өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш 70 гаруй тонн алт худалдан авсан талаар “Bloomberg” уламжлав. Тус улсыг үнэт металлын нөөцөө ийнхүү зургаан сар дараалан өсгөхөд худалдааны маргаан нөлөөлсөн хэмээн мөн тэмдэглэжээ. Хятадын Ардын банк өнгөрсөн тавдугаар сард алтны нөөцөө 61.61 сая унцид хүргэсэн нь өмнөх сард нь 61.1 сая унци байснаас ахисан үзүүлэлт юм. “Argo¬naut securities” компанийн шинжээч Хелен Лау “2019 онд БНХАУ нийт 150 тонн алт худалдан авах болов уу” хэмээн дурджээ. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр нэгдүгээр улиралд худалдан авсан өмнөд хөршийн алтны хэмжээ сүүлийн зургаан жил дэх хамгийн өндөр түвшиндээ хүрсэн гэнэ.
Сүүлийн гурван долоо хоногт шар металлын ханш өссөн бөгөөд өмнөх долоо хоногийн эцсээр 2018 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрсэн юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж магадгүй хэмээн трейдерүүд таамагласан нь үүнд нөлөөлсөн. Сонирхуулахад, тавдугаар сард уг таваарын ханш 1.7 хувиар дээшилсэн бөгөөд өчигдрийн байдлаар унци нь 1328 ам.доллартой тэнцэж байв.