Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын даргын албан тушаалаасаа албан ёсоор огцров. Гэхдээ тэрбээр намынхаа шинэ удирдагчийг сонгох хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажиллана. Түүний халааг хэн авч, тус улсын дараагийн удирдагч болох бол. Үүнийг тодруулах сунгаа буюу сонгуулийн кампанит ажил өчигдөр албан ёсоор эхэлжээ.
Олон нийтийн санал асуулгаар ч, бооцоо тавигч компаниудын мэдээгээр ч тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон эрх баригч нам болон Засгийн газрын тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөгчдөөс хамгийн нэр хүндтэй нь. Гадаад хэргийн сайд асан, брекситийг санаачлагчдын нэг тэрбээр Британийн улс төрийн тавцан дахь нэрт зүтгэлтэн, Тереза Мэйг хамгийн хурцаар шүүмжлэгчдийн нэг. 2016 онд Борис Жонсоныг Ерөнхий сайд асан Дэвид Кэмероны халааг авах нь хэмээн таамаглаж байсан боловч нэрээ татсан.
Жонсоныг хамгийн боломжийн нэр дэвшигч гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн онд британичуудын дунд санал асуулга явуулах замаар Европын Холбооноос Британийг гаргах төлөвлөгөөг хэрэгжүүлж чадах улстөрчдийг жагсаахад тэрбээр тэргүүлжээ. Мөн Т.Мэйгийн халааг авах магадлалтай хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна.
Ташрамд дурдахад, Сайд нарын танхимын гишүүний албан тушаалаас огцорсон ч түүнийг Ерөнхий сайдын суудалд нэр дэвшигчийнх нь хувиар дэмжигчдийн түвшин өсжээ. Европын Холбоотой, тухайлбал, Ирландын бэкстопын асуудлаар Ерөнхий сайдынхаа байгуулсан хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Жонсон Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан юм. Брекситийн хугацааг дахин хойшлуулбал Британийн эрх баригч Консерватив нам цаашид оршин тогтноход хүндрэл учирна гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Парламент дахь тус намын, Европын Холбооноос гарахыг эсэргүүцдэг “One nation” бүлгийн дэмжлэгийг авахын тулд өнгөрсөн долоо хоногт үг хэлэхдээ тэрбээр ийн мэдэгдсэнийг “Daily telegraph” сонин эш татжээ. Энэ бүлгийн дэмжлэгийг авах гэсэндээ Жонсон Британид айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзалгүй, утсаар яриад өнгөрсөн юм.
Британи өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд буюу хүсэлтээ бичгээр мэдэгдсэнээс хойш хоёр жилийн дараа Европын Холбооноос гарах ёстой байв. Гэвч Нэгдсэн Вант Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Европын удирдагчидтай Ерөнхий сайд Тереза Мэйгийн байгуулсан брекситийн хэлэлцээрийн төслийг батлахаас гурвантаа татгалзсан юм. Эцэст нь, Европын Холбоо брекситийг эхлээд дөрөв, тавдугаар сар, дараа нь аравдугаар сарын 31 хүртэл хойшлуулахыг зөвшөөрсөн билээ.
АНУ-ЫН Ч ИРГЭН
Британийн улстөрч Александр Борис де Пфеффель-Жонсон 1964 оны зургадугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлсэн ч Британийн Консулын газарт бүртгүүлсэн учир хоёр улсын харьяат байжээ. Умард кавказ, турк, еврей, англи, франц гаралтай түүний өвөг эцэг нь Османы эзэнт гүрний Гадаад хэргийн сайд, өвөө нь Европын комисст хүний эрх хамгаалагч байсан гэнэ. Эцэг Стэнли Патрик нь улстөрч, сэтгүүлчээр ажилладаг байсан бөгөөд АНУ-ын Колумбийн их сургуульд эдийн засаг судалжээ.
Ээж, зураач Шарлотта Фоссет нь II Георг хааны удам. С.Патрикийнх дөрвөн хүүхэдтэй. Жонсон нэг эгч, хоёр ахтай. Тэднийх байнга нүүдэг байсан ба 10 нас хүртлээ тэрбээр Оксфорд, Вашингтон, Коннектикут, Эксмур, Лондон, Брюссельд очиж үзжээ. Томоотой, хичээнгүй Жонсон сонсголын бэрхшээлтэй байсан тул хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн гэнэ. Эгч, ах нар нь ойрхон төрсөн тул найзтай болох шаардлагагүй байв. Бага боловсролоо Лондон болон Бельгийн Брюссель хотод эзэмшсэн тул францаар чөлөөтэй ярьдаг.
1975 онд ээжийнх нь өвчний улмаас хүүхдүүд Зүүн Сассекс гүнлэгийн сургууль руу шилжжээ. Тэнд Жонсон эртний грек, латин хэл сурч, регби тоглодог болов. 13 настайдаа өөрийн хүсэлтээр католикаас христийн шашинтан болжээ. Өсвөр насанд нь этгээд зан нь хэдийн илэрч, Итоны коллеждоо алдартай нэгэн байж. Түүнийг онгироо, сахилгагүй гэдэг ч энэ нь сурлагад нь огт нөлөөлөөгүй аж. Тэрбээр дунд сургуулийнхаа сонин, мэтгэлцээний клубийг тэргүүлж, хэл, утга зохиолын хичээлдээ илүү амжилттай сурдаг байжээ. 1983 онд Жонсон Оксфордын сонгодог утга зохиолын ангид элсэж, амжилттай суралцсан тул тэтгэлэгт оюутан болов. Их сургуулийнхаа шог сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж, 1984 онд Оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
ХҮЧТЭЙ СЭТГҮҮЛЧ
Их сургуулиа төгсөөд “Times” сэтгүүлд сурвалжлагчаар орсон ч баттай бус мэдээлэл эш татсаны учир халагдав. 1989 оноос “Daily tele¬graph” сонины Брюсселийн товчооны редактораар ажиллах болжээ. Жонсоны нийтлэлүүд Европын хэд хэдэн намын улс төрийн нэр хүндэд нөлөөлсөн гэнэ. Лондонд 1994 онд эргэж ирсэн тэрбээр цэргийн сурвалжлагч болох гэсэн ч улс төрийн тоймчоор ажиллуулжээ. Тийнхүү “Spectator” гэдэг тоймчийн булантай болж, 2005 он хүртэл ажиллахдаа сүүлийн таван жилд нь ерөнхий редактораар ажилласан байна. 1999 онд GQ сэтгүүлтэй хамтран ажиллаж, автомашины сэдвээр булан хөтөлжээ. Тэрчлэн телевизэд ажиллаж, “Have I got news for you”, “Top gear”, “Parkinson”, “Breakfast with Frost”, “Question time” шоунд оролцсон гэнэ.
ШУДАРГА УЛСТӨРЧ
2001 онд тэрбээр Британийн парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн болж, улс төрийн намтраа эхэлжээ. Консерватив намыг төлөөлсөн Жонсоны нэр хүнд түргэн дэвжиж, намын дэд дарга болов. Парламентын гишүүнээр 2008 он хүртэл ажиллаад, гэрлэлтээс гадуурх хүүхдийн асуудлаас үүдэлтэй дуулиан дэгдсэний улмаас намын удирдах албан тушаалаас татгалзахад хүрчээ.
2007 онд Лондон хотын даргад өрсөлдөж, улиран сонгогдох замаар найман жил уг албан тушаалыг хашсан байна. Хот удирдахдаа гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн тээврийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллав. Энэ хугацаанд сонгогчдын итгэлийг хүлээжээ. Британийн нийслэлд 2012 оны олимпыг зохион байгуулсан амжилтыг түүнийх гэж болох аж.
2016 онд Жонсон Европын Холбооноос Британийг гаргах чиг бодлогоо зарласан “Leave” санаачилга гаргасан ч эсрэг байр суурийг хамгаалжээ. Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой сөргөлдсөн Жонсон бүх нийтийн санал хураалтын дараа өрсөлдөгч нь болох байсан ч “Leave” хөдөлгөөнийхөө хамтран зүтгэгч Майкл Гоувд найр тавьж, нэрээ татсан юм. Гэвч М.Гоув хүлээлт биелүүлж чадалгүй, Тереза Мэй Ерөнхий сайд болж, 2016 оны долдугаар сарын 13-нд Борис Жонсоныг Гадаад хэргийн сайдаар томилсон юм. Нэрээ татсан нь олон нийтийн дунд үл ойлголцол дагуулжээ. Учир нь Жонсон дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид болох Дональд Трамп, Барак Обама, Владимир Путин, Башар Асадын эсрэг үг хэлдгээрээ алдартай нэгэн байв. Олны өмнө үг хэлэхдээ тэрбээр бусдын арьсны өнгө, соёлыг үл хүндэтгэсэн үг нэг бус удаа хэлсэн байдаг.
ГООНЬ ЭР
Борис Жонсон анхны эхнэр, язгууртан гаралтай Аллегра Мостин-Оуэнтэй их сургуульд сурч байхдаа танилцжээ. Тэд 1987 оны есдүгээр сард гэрлэсэн ч зургаан жилийн дараа салсан байна. Тэр жилдээ буюу 1993 оны тавдгаар сард багын найз Марина Уилертэй гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болжээ. Жонсон хүүхдүүддээ олон цаг гаргаж, тэдэндээ шүлгийн ном хүртэл зориулан бичсэн гэнэ.
Харин өнгөрсөн оны есдүгээр сард тэд 25 жилийн хамтын амьдралаа хоёр тийш болгохоо зарлажээ. Урлаг судлаач Хелен Макинтайр охиныг нь 2009 онд төрүүлсэн нь 2013 оны шүүх хурлын дараа тодорхой болсон байна. Онцгой авьяас хийгээд ухаантай Жонсон этгээд гадаад төрх болон үстэй. Лондон хотоор унадаг дугуйгаар зорчиж, олны анхаарлыг татдаг. Хотын дарга байхаас л автомашиныг хориглож, лондончуудыг нийтийн тээврээр зорчиж, “төмөр моринд” мордуулахыг оролддог байжээ.
Өнгөрсөн долдугаар сард Британийн Гадаад хэргийн сайдын бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ тавьсан тэрбээр Европын Холбооноос Британийг гаргах талаар Засгийн газраас нүд салгахгүй байна. Брексит сэтгэл түгшээсэн сэдэв болж, үүнд олны анхаарлыг хандуулахын тулд өнгөрсөн хоёрдугаар сард Борис Жонсоны эгч Рэйчел Жонсон “Sky news” телевизээр тайчжээ. Тус телевизийн сэтгүүлч эмэгтэй брекситийг эсэргүүцэгч байсан аж.
Одоо Жонсон сэтгүүлчийн хувиар “Daily telegraph” сонинтой хамтран ажиллаж байгаа. Твиттер хуудсаараа дамжуулан улс төрийн үйл явдал, мэдээний талаар сэтгэгдлээ хуваалцаж, шинэ зургуудаа нийтэлж буй.