Одоогоос ердөө хориод хоногийн өмнө энд тэнд нөөцийн маханд дугаарлах хүмүүсийн цуваа хэд нугарсан байдалтай, гэхдээ тэд олон хүний ард байгаадаа ундууцсан янзгүй, хүлээцтэй нь аргагүй шил шилээ харан зогсож байсан юм. Тэнгэрт “тулах” шахаад байсан махны үнэ аажим бууж эхэлсний сацуу халиар, мангирын түрүүч үнэртэж, хүлэмжийн хүнсний ногооны зах зухаас хармагцаа хэрэглэгчид мах, махны үнэ гэж шуугих нь эрс багасав. Төмс, хүнсний ногоо шинээр гарах хараахан болоогүй энэ үед түргэн болцтой цагаан манжин, хэд хэдэн төрлийн навчит ногоо тэргүүтнийг амтлах төдийд сэтгэл санаа ийнхүү тавирах нь иргэд, худалдан авагчдад хүлэмжийн ногооны хэрэгцээ бий, энэ төрлийн аж ахуй хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг илтгэх буй за.
Хүнсний зах, томоохон дэлгүүрүүдэд жилийн дөрвөн улиралд хүлэмжийн нарийн ногоо тасрахгүй буйг худалдан авагчид анзаарч байгаа биз ээ. Тэр бүр мах гээд байдаггүй, ялангуяа сүүлийн үеийн амьдралын хэв маяг, зөв хооллох дэглэм баримталдаг хүмүүс хэн өвлийн улиралд хүнсний зах, дэлгүүрүүдийг нарийн ногоогоор хангадаг талаар бодож байсан болов уу. Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэгч 101-хэн аж ахуйн нэгж, өрх лав нийслэлчүүдийг жилийн турш нарийн ногоогоор тасалдаггүй аж.
Хүн амын хүнсний хэрэгцээнд хүлэмжийн ногоо чухал байр суурьтай болж ирсэнтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хүлэмжийн аж ахуйн асуудалд онцгой анхаардаг болжээ. Эднийхээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд гаргасан танилцуулга мэдээлэл арвинтай юм.
2018 онд улсын хэмжээнд хүн амын физиологийн хэрэгцээт хүнсний ногооны 42 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Үүний дотор хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл зургаа орчим хувийг эзэлж, 91.6 га хүлэмжээс (өвлийн 27.7, зуны 63.9 га) 5705 тонн нарийн ногоо хураан авчээ. Үүнээс 101 иргэн, аж ахуйн нэгж 27.7 га-д өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж 1623 тонн хүнсний ногоо хураасан дүн гарчээ. Зуны хүлэмжтэй байгууллага, иргэн улсын хэмжээнд 1000 орчим байдаг аж. Үүний зэрэгцээ манай улс 16 568.2 тонн өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний нарийн ногоог импортоор авсан байх юм. Үүнээс харахад хүн амын өргөн хэрэглээний гэж хэлж болох нарийн ногооны хэрэгцээг өнөөдрийн байдлаар монголчуудынхаа хүлэмжийн аж ахуйд тариалсан болон импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнээр хангаж буйг харж болохоор.
Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талд төр, засаг анхаарсаар. 2009-2012 онд “Атрын III аян” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын орчин үеийн дэвшилт технологиор үйлдвэрлэсэн 26.9 га талбай бүхий 2479 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нийлүүлж, 22 аймаг, нийслэлийн 1500 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. Ингэснээр жил бүр 4.8 тэрбум төгрөгийн 2.6 мянга гаруй тонн эрт ургацын хүнсний нарийн ногоог зах зээлд нийлүүлэх, хүний биед шингэцтэй, аминдэм бүхий манай оронд өмнө тариалж байгаагүй 10 гаруй нэр, төрлийн таримлыг шинээр тариалж нутагшуулах боломж бүрдүүлжээ.
Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөлд 17.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг Засгийн газрын үнэт цаас арилжиж бүрдүүлсэн хөрөнгөөс өгөх шийдвэр гаргаж, 30 аж ахуйн нэгжид 25.8 тэрбум төгрөгийн зээл олгосноор 8.4 га-д өвлийн хүлэмж байгуулсан байх аж.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд 22.00-06.00 цагийн хооронд өвлийн хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс нэг ам метр талбайд 0.762 кв/цаг-аар тооцож, 100 хувь чөлөөлөх Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан батлуулж, өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжих, жилийн турш хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлжээ.
2017-2018 онд 7.4 га талбай бүхий 880 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлж 30 хувийн урьдчилгаатай дөрвөн жилийн хугацаатай хүүгүй зээлээр 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгоод байгаа аж.
Дотоодод ургуулсан хүнсний ногоог НӨАТ-аас чөлөөлж байгаа. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа тул аж ахуйн нэгжийн орлогын татвараас 50 хувь чөлөөлдөг. Хүлэмжийн тоног төхөөрөмж импортлох бол мөн НӨАТ-аас чөлөөлнө. Хүлэмжийн голлох таримал улаан лооль, өргөст хэмхийн импортын татвар таван хувь байсныг 20 болгож нэмэгдүүлэн, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого баримталж буй.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.44-т “Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлэх, хот суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана” гэжээ. Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрт “Хамгаалагдсан хөрсний тариаланг дэмжиж, таримлын нэр, төрлийг олшруулан, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэн өвөл, хаврын улиралд хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах” зорилт дэвшүүлсэн. Ингээд тоочоод байвал төр, засгийн зүгээс хү лэмжийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн чамгүй ажил хийж байна гэж болохоор. Гэвч дутагдаж “гачигдах” зүйл бас байх аж.
Хөрөнгө, санхүү, урт хугацаатай зээлийн дэмжлэг, технологи, туршлага, ур чадвар, борлуулалтын тогтсон сүлжээ, маркетинг дутагдалтай. Цахилгаан, дулааны зардал их, бүтээгдэхүүний өртөг өндөр. Гэсэн ч яамны зүгээс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын чихэнд “хонх” уясаар буй гэнэ.
ХХААХҮЯ хүлэмжийн цогцолбор аж ахуйнууд байгуулахыг чухалчилж байгаа аж. Эхний ээлжид Улаанбаатар хотын ойролцоо дэвшилт техник, технологид тулгуурласан үйлдвэрлэл, сургалт, судалгаа, (технологи нэвтрүүлэх), үрслэгээ бойжуулалт, хадгалалт, борлуулалтын сүлжээ бүхий 10-20 га талбайтай, жилийн дөрвөн улиралд ажиллах хүлэмжийн цогцолбор аж ахуй (агропарк)-г улсын төсөв, гадаадын зээл тусламжаар байгуулахыг хүсэмжилж байгаа аж. Ийм цогцолбортой болсноор 6.45 мянга гаруй тонн өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, навчит ногоо, гүзээлзгэнэ хураан авч, жилийн турш хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангах, жил бүр импортоор авч буй дээрх төрлийн хүнсний ногооны тодорхой хувийг дотооддоо үйлдвэрлэх, цаашид илүүдэл хэсгийг экспортлох төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм байна.
...Манайханд хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэл сонирхол байгаа бөгөөд орчин үеийн бүхий л төрөл, загварын хүлэмж барьж байгуулаад эхэлсэн аж. Навчит ногоог усан орчинд ургуулж буй аж ахуйн нэгж ч байгаа гэнэ. Монгол Улс хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх замдаа гарчээ. Хөгжил холгүй харагдана...
Хүлэмжийн аж ахуй талд төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, зорилгыг тандвал иймэрхүү байдалтай байна.
Аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл хэрхэн ажиллаж, юу хүсэж байгаа тухай бас сонирхсон юм. Хан-Уул дүүргийн XIII хорооныхон хүлэмжийн аж ахуй эрхлэгч “Баялаг жимс” ХХК-ийн захирал С.Мөнхчимэгийн ажил үйлсээр бахархдаг ажээ. Түүнийг нарийн ногоо хэрхэн ургуулахыг маш сайн мэддэг гэж хорооны удирдлага хэлж байв.
“Баялаг жимс” ХХК-ийнхан 2008 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд долоон га талбайд ногоо тариалдаг. Өргөст хэмх, гурван төрлийн улаан лооль, бууцай, юцай, яншуй, салат навч гээд олон төрлийн нарийн ногоо тариалдаг. Улаан лооль гэхэд үрлэн, энгийн, шар гэсэн гурван төрөлтэй. Шар лоолийг манай улсад одоогоор эднийх л энэ жил тарьжээ. Суулгацыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотоос авчирч тариалсан бөгөөд манго жимсний мэт амттай шар лоолийг наадмын үеэр хураах гэнэ. Мөн урд хөршийн Шандун мужаас ногоон болон хүрэн усан үзмийн мод авчирч ургуулж байгаа нь жимслээд эхэлжээ. Компанийн захирал С.Мөнхчимэг биологич мэргэжилтэй. Тэрбээр МУИС-ийг энэ мэргэжлээр төгссөн. Харин цаашид хүлэмжийн аж ахуйгаар дагнаж хөдөлмөрлөх зорилготой тул ХААИС-ийн агрономичийн ангид оройгоор суралцаж байгаа ажээ. Тэрбээр хүлэмжийн аж ахуйн учрыг олсон, одоо мод үржүүлгийн ажил сонирхож эхэлж байгаагаа ч хэллээ. Биокомбинат хавьд ажилладаг хайрганы маш олон карьер үйл ажиллагаагаа 3-5 жилийн хугацаанд зогсооход цулгуй хөрс л үлдэх тул одооноос мод үржүүлэн суулгах хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн. Ирээдүйг өнөөдөр төсөөлөн харж захирал одоогоор улиас, сакура, буйлс, заг, шинэс зэрэг мод тариад буй юм байна. Тус компани өдгөө 16 ажилчинтай бөгөөд тус бүр өдөрт 32 мянган төгрөгийн цалинтай ажилладаг аж. Цаашид үйл ажиллагааныхаа царааг тэлэх сонирхолтой. Гэтэл бага хүүтэй, урт хугацааны зээл олдохгүй байгаа болохоор одоогоор хөдлөх боломжгүй байгаа гэнэ. Тэрбээр нэгэн зүйлийг сануулав. Төр, засгийн зүгээс өвлийн хүлэмжийн аж ахуйн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэх тухай яриа гаргасан хэрнээ таг болсонд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн юм. Хэрвээ амласнаараа өвлийн хүлэмжийн аж ахуйг цахилгаан хэрэглэсний төлбөрөөс хөнгөлж дэмжвэл аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллахын зэрэгцээ хүн амын хүнсний хэрэгцээнд хүнсний шинэ нарийн ногоо жилийн турш нийлүүлэхэд бэлэн, ийм аж ахуйн нэгж олон байгаа хэмээн ярьж байлаа. “Монголчуудад чадахгүй юм байхгүй, ганцхан жил туршилт хийгээд бүх төрлийн нарийн ногоо тариалж, хурааж авч, нийлүүлдэг болж байгаа юм чинь цаашид бага зэрэг дэмжээд өгвөл нийслэл төдийгүй орон нутгийн хүн амыг нарийн ногоогоор хангана. Улмаар экспортлох хүртэл амжилттай ажиллах нөөц, хүсэл хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд бий. Тэгээд ч хэрэглэгчид бэлтгэгдэж байна. Монголчууд нэг үеэ бодвол хүнсний ногоо иддэг болсон” гэж байлаа.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн онц чухал хүсэлт нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд 22.00-06.00 цагийн хооронд өвлийн хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс нэг ам метр талбайд 0.762 кв/цаг-аар тооцож, 100 хувь чөлөөлөх амлалтаа Засгийн газар биелүүлбэл хаа хаанаа үр ашиг өндөр байх бололтой. Энэ талаар ХХААХҮЯ-нд уламжлахад хариуцсан мэргэжилтэн нь “Яамны зүгээс тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газраар батлуулсан, Эрчим хүчний зохицуулах хороо шийднэ. Одоогоор төсөвт суулгасан хөрөнгө байхгүй юм билээ. Ирэх жил нааштай шийдэгдэх байх” гэж байлаа.
Харин бага хүүтэй зээлийн хувьд аж ахуйн нэгжүүд Азийн хөгжлийн банк болон Засгийн газрын ЖДҮДС-д хандах нь хэзээ ч нээлттэй, гагцхүү зээлийн материалаа сайн бүрдүүлэх ёстой юм байна.
Манайханд хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэл сонирхол байгаа бөгөөд орчин үеийн бүхий л төрөл, загварын хүлэмж барьж байгуулаад эхэлжээ. Навчит ногоог усан орчинд ургуулж буй аж ахуйн нэгж ч байгаа гэнэ. Монгол Улс хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх замдаа гарчээ. Хөгжил холгүй харагдана.