Цагаачлалын асуудлаар тохиролцоонд хүрсэн тул Мексикийн бараанаас гаалийн татвар авахаас түр түдгэлзлээ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа мэдээлжээ. Тодруулбал, Мексик улс цагаачлалын бодлогоо чангатгах үүрэг хүлээсэн байна. АНУ-ын Төрийн департаментаас нийтэлсэн баримт бичгээс үзвэл Мексикийн эрх баригчид хууль бус цагаачлалыг таслан зогсоох талаар аюулгүй байдлын урьд өмнө байгаагүй алхмууд хийж, Үндэсний гвардын цэргийн 6000 алба хаагчаа хил дээрээ байрлуулах, хил давуулан хууль бус наймаа хийдэг болон хүн худалддаг байгууллагуудыг устгах талаар шийдвэртэй арга хэмжээ авах болов.
Үүнээс хойш орогнох эрх хүсэхээр Америк, Мексикийн хилээр нэвтэрсэн хүмүүсийг Мексик рүү буцааж, тэнд уг асуудлыг шийдэхээр тус хоёр улсын хооронд байгуулсан хамтарсан тунхаг бичигт тусгажээ. Тухайлбал, хууль бусаар хил даваад буцсан хүмүүст Мексик ажлын байр гарган өгч, эмнэлгийн болон боловсролын үйлчилгээ үзүүлэх гэнэ. Гэхдээ талууд гурван сарын хугацаанд цагаачлалын асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Тэрчлэн хууль бус цагаачлалтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаагаа зохицуулах, мэдээлэл солилцох талаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх үүргийг талууд хүлээжээ.
Цагаачлалын хямралтай холбогдуулан өнөөдрөөс Мексикийн бараа, бүтээгдэхүүнээс таван хувийн татвар авахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын 30-нд мэдэгдсэн юм. Улмаар Мексикийн эрх баригчид хууль бус цагаачлалыг таслан зогсоох шийдвэртэй алхмууд хийхгүй бол татварыг ирэх аравдугаар сар хүртэл сар тутам таван хувиар нэмэхээр анхааруулсан билээ. Үүний хариуд Төв Америк болон бусад улсын цагаачдын цувааны хариуцлагыг Мексик хүлээхгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдсэн байна. Харин сүүлийн өдрүүдэд тэрбээр Вашингтонд ажиллаж, АНУ-ын эрх баригчидтай тохиролцоонд хүрчээ.
Мексикийн ДХЯ-наас мэдээлснээр энэ онд Төв Америк, Карибын тэнгисийн сав газар болон бусад бүс нутгийн орнуудаас АНУ-ыг чиглэсэн цагаачдын тоо үлэмж нэмэгдсэн байна. Зөвхөн эхний улиралд л гэхэд уг үзүүлэлт 300 мянгад хүрсэн гэнэ.