Вьетнамын нийслэл Ханойд өнгөрсөн хоёрдугаар сард болсон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа цаазлуулсан гэх, Умард Солонгосын Төрийн зөвлөлийн АНУ-ын харилцах бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль эсэн мэнд, гэхдээ хорионд байгаа тухай CNN телевиз мэдээллээ. Түүнийг дээд хэмжээний уулзалтыг амжилтгүй болгосон хэмээн буудан хороосон тухай БНСУ-ын “Chosun ilbo” сонинд урьд нь мэдээлсэн юм.
Үүний өмнө дахин хүмүүжүүлэх төв рүү илгээсэн хэмээж байсан, АНУ-тай хийж буй цөмийн хэлэлцээний гол төлөөлөгч Ким Ён Чоль өнгөрсөн ням гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хамт урлагийн тоглолт үзэж байгааг тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг харуулсан билээ. Мөн тус улсын удирдагчийн эмэгтэй дүү, Хөдөлмөрийн Намын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн нэгдүгээр орлогч эрхлэгч Ким Ё Чжоныг гэрийн хорионд байгаа хэмээж байсан. Гэтэл тэрбээр мөн концерт үзсэн гэнэ.