Дээд боловсролын чанар хангалтгүй байгааг дээр, дооргүй л ярих болсон. Яг юу нь чанаргүй байгаа юм бэ. Төгсөх шалгалтдаа тэнцээгүй юү, төрийн байгууллагад орох гээд үнэлэгдээгүй юм уу, эсвэл дээд боловсрол нь өөрөө буруутай юу гэх зэргээр олон асуултад хариу олохоор зарим газраар орлоо.
Юуны түрүүнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан судалгааг үзэв. Тус институтийнхэн өнгөрсөн жил 4261 төгсөгчийг хамруулсан судалгаанд дурдсанаар, мэдээллийн технологийн мэргэжил эзэмшигчдийн 41.6, соёл урлагийн чиглэлээр төгсөгчдийн 40.6 хувь нь мэргэжлийн бус ажил хийж буй. Монголд зах зээл нь хязгаарлагдмал учир урлагийнхны хувьд хэн хөдөлмөрч, авьяастай нь тодорч, товойх нь зүйн хэрэг. Харин технологийн эрин үед энэ чиглэлээр төгсөгчид ажилгүй, ар гэрийнхнээрээ тэжээлгэж суугаа нь хачирхалтай санагдсан. Угаас илүүдээд буй ажил мэргэжлийн жагсаалт дунд эл чиглэлээр төгсөгчдийн нэрс байгаагүй.
Түүнчлэн хөдөө аж ахуй, нийгмийн халамж, боловсрол судлал, байгаль хамгаалал, эдийн засагчийн мэргэжлээр төгсөгчид хөдөлмөр эрхлэх нь бага байгаа аж. Ихэнхдээ гадаад хэлний мэдлэггүй, компьютерын анхан шатны ойлголтгүй, бичиг баримт боловсруулах чадваргүй, онолын мэдлэг дутмаг нь ажилд ороход сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс ажил олгогчид тэднийг дадлагажуулж илүү цаг зарцуулахаас цааргалдаг гэнэ. Ажил дээр гараад гологдоод буй учраас залуус дахин сурч байна. 2018 онд төгсөгчдийн 10.5 хувь нь мэргэжил дээшлүүлэх, ур чадвар ахиулах сургалтад хамрагдан, 53.6 хувь нь магистрт суралцаж байна. Мөн 14.2 хувь нь өөр мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшихээр дахин сурч эхэлжээ.
Нийт их, дээд сургууль төгсөгчдийн (2016 оноос хойш) 19.3 хувь нь хоёр жил огт ажил хийгээгүй, 25.8 хувь эдийн засгийн идэвхгүй гэсэн төлөв рүү шилжжээ. Төгсөгчдийг амьдарч буй бүсээр нь судлахад, нийслэлд төгсөгчдийн 57, орон нутгийнхны 50-иас доош хувь нь ажилтай байна. Эдийн засгийн сөрөг өөрчлөлтөд баруун бүсийн залуучууд хамгийн их өртсөн аж. Дээд боловсролын чанар хангалтгүй байгаа талаар Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийнхөн дараах мэдээллийг өгсөн юм. Нэн тэргүүнд их, дээд сургуульд элсэн орох босго оноог нэмжээ. Мөн их, дээд сургуулиудын сургалтын явцыг үнэлэхдээ хөдлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл гэсэн хоёр хэлбэрээр хийдэг болсноо хэллээ. Тодруулбал, их, дээд сургуулийг болон зааж буй хичээлийн агуулга, хөтөлбөрийг ч магадлан итгэмжилдэг гэсэн үг.
Их, дээд сургуулиудад 2016 оноос аттестатчлал хийхээ больсон. Гэхдээ салбарынх нь яамнаас хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг болсон аж. Өнгөрсөн жил 18 их, дээд сургуульд хяналт, шалгалт хийж зургаагийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Өнөө жил 16 их, дээд сургуулийг шалгахад тав нь бүдэрчээ. Тодруулбал, таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар сайд тушаалаа хэдийнэ гаргасан байна. Үлдсэн сургуулиудад ажлаа сайжруулж, сургалтын чанараа дээшлүүлэх хугацаатай үүрэг өгчээ. Мөн хоёр сургуулийн удирдлага бусад сургуультай нэгдэх хүсэлт гаргасан гэнэ.
Ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зөвлөхөд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ассmon.mn хуудсаар орж хараарай. Магадлан итгэмжлэгдсэн нь үл мэдэгдэх, сургуульд хүүхдээ даатгаад, ирээдүйг нь баллав. Тийм сургууль төгссөн хүүхдүүд ажил, мэргэжилдээ гологдоно л гэсэн үг. Дээрх жишээнээс хөтөлбөр битгий хэл, сургууль нь магадлан итгэмжлэгдээгүй бол БСШУСЯ-наас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуурт тэнцэхгүй нь. Ийм шалтгаанаар жилд 5-6 их, дээд сургууль үүдээ барьдаг юм байна.
Саяхан Боловсролын үнэлгээний төвөөс оюутнуудаас шалгалт авсан. Их, дээд сургуулиудын хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудаас шалгалт авахад хөдөө, хотынхны төгсөгчдийн боловсрол эзэмшсэн байдалд чанарын ялгаа гарчээ. Үйл ажиллагааны хувьд орон нутгийн сургалтын чанар 8-10 хувиар доогуур гарсан байна. Салбарын яамнаас хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, тааруу үзүүлэлттэй гарсан орон нутгийн их, дээд сургуулийн удирдлагад сургалтын чанараа дээшлүүлэх албан бичиг болон тодорхой зөвлөмж хүргүүлсэн байна. Улмаар ирэх жил давтан шалгалт хийх аж.
Мөн удахгүй анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудыг шалгах юм байна. Түүнчлэн БСШУСЯ-наас багш болон эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрүүдийг заавал магадлан итгэмжилдэг байхаар ажиллаж байна.
Оюутнуудыг нь харьцуулж үнэлдэг туршлага өмнө нь байгаагүй. Энэ жил дээрх ажлыг анхлан хийсэн нь дээд боловсролын салбарын нэг дэвшил санагдсан. Удахгүй багш нарыг ч үнэлдэг болно хэмээн албаныхан ярьсан. Энэ ажлын талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаас тодрууллаа.
Т.АМАРЖАРГАЛАН: МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД НИЙЦҮҮЛНЭ
-Их, дээд сургууль төгсөгчид ажил дээр гараад гологдоод байна. Ялангуяа орон нутагт төгсөгчид. Зарим хүн үүнийг дээд боловсролын чанартай холбоотой хэмээн шүүмжилж байна. Та юу хэлэх вэ?
-Сүүлийн хэдэн жил Германы магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтарч ажиллан, Монголын магадлан итгэмжлэлийн чанар тулгуур шаардлагыг олон улсын түвшинд хүргэж, шинэчлэх ажил хийсэн. Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлогод 2024 он гэхэд дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн бүсийн шилдэг 100-гийн эгнээнд оруулна, 20-оос доошгүй хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ хэмээн тусгасан.
Магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангасан. БСШУСЯ-наас шаардлага хангасан зарим их, дээд сургуульд бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Өнгөрсөн жил есөн хөтөлбөрийг олон улсын түвшинд магадлан итгэмжиллээ. Хот, хөдөөгийнхний дээд боловсролын чанарыг ижил түвшинд байлгахын тулд шат дараалсан гурван арга хэмжээ авч байна.
Нэгдүгээрт, байгууллагыг нь магадлан итгэмжилж байна. Дараа нь хөтөлбөрөө магадлан итгэмжилнэ. Гуравдугаарт, төгсөгчдийн ур чадварыг шалгахын тулд суралцах явцад тэдний мэдлэг ур чадварыг сорьж, хөндлөнгийн үнэлгээ хийдэг болсон.
-Төгсөгчдийн мэдлэгийг шалгаад ямар үр дүн гарав ?
-Энэ жил сургалтын чанарын хөндлөнгийн үнэлгээ хийхдээ анх удаа суралцагчийн мэдлэг ур чадварыг үнэлсэн. Ижил хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа сургуулиудыг харьцуулж шалгасан. Энэ ажлыг эхлэхдээ цэцэрлэг, бага ангийн багш бэлтгэдэг 23 сургуульд үнэлгээ хийлээ.
Бүх хөтөлбөрийг үзэж агуулга, стандарт түвшин хангасан, эсэхэд дүгнэлт хийсэн. Мөн Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулан суралцагчдаас шалгалт авлаа. Хоёр, гуравдугаар дамжааны 10 000 оюутныг шалгасан. Үр дүн хангалтгүй байна. Төрийн өмчийн сургуулиуд арай дээгүүр, хувийн хэвшлийнхнээс ялгарч байгаа нь харагдсан. Дараа нь оюутнууд олноор элсдэг, бизнес, эдийн засгийн сургуулиудыг шалгасан.
-2018 онд хийсэн судалгаагаар хот, орон нутагт их, дээд сургууль төгсөгчдийн дунд ялгаа гарсан уу?
-Хот, хөдөөгийн ялгаатай тал байна. Үүний дагуу хөдөөгийн багш нарыг хөгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж Хонг-конгт болсон олон улсын сургалтад орон нутгийн багш нарыг түлхүү хамруулсан. Тэднийг дэлхийд тэргүүлж буй сургуулиудын үйл ажиллагаатай танилцуулж, менежмент, хичээл заах арга зүй ямар байдаг вэ зэрэг сургалтад хамрууллаа.
Өнгөрсөн жил Ховдод онол, практикийн бага хурал зохион байгуулсан. Үүнээс гадна Дорнод, Ховд, Завхан, Архангай аймаг болон нийслэлд Боловсролын их сургуульд зайны сургалтын төв байгууллаа. Дээрх төвүүдээр дамжуулж, хөдөө орон нутгийн багшийн чадварыг хотынхтой ижил түвшинд хүргэх зорилгоор онлайн сургалт явуулж буй. Ингэснээр хот, хөдөөгийн их, дээд сургуулийн багш нар нэг баг болж ажиллах боломж бүрдсэн. Хөдөө суралцаж буй оюутнуудад зээлийн сангийн квотыг түлхүү олгож байна.