Шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг удаа дараа нэмсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр мэдээлэл хийв. Тус байгууллага жижиглэнгээр борлуулдаг 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд сүүлийн 2-3 сард бүх төрлийн шатахууныг литр тутамд нь 97- 161 төгрөгөөр нэмсэн нь үндэслэлгүй болохыг тогтоосон аж.
Дэлхийн зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний ханшийн өсөлт, хилийн үнийн нэмэгдэл болон тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг тооцсон дүнг нэгтгэн дээрх дүнгээр шатахууны үнийг нэмэх үндэслэл үүсээгүйг тэмдэглэв. Тиймээс ШӨХТГ-аас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, хяналт тавих үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийг яаралтай хуралдуулах, шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад анхаарахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагуудад уриалан, шаардлага хүргүүллээ.
Түүнчлэн шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүнийх нь үнийг төрөөс хянах зохицуулалт бий болгох тухай журмыг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр тусгуулахыг хүсэв.