Европын эрэгтэйчүүдийн гуравны нэг буюу 35 хувь нь 25-34 настайдаа эцэг, эхтэйгээ амьдардаг. Харин ийм насны эмэгтэйчүүдийнх нь 22 хувь нь тусдаа гараагүй байдаг аж. Ийм судалгааг Европын статистикийн агентлаг хийжээ. Үүнээс үзвэл улс нь тус тивийн өмнө зүг рүү ойртох тусам эцэг, эх нь насанд хүрсэн хүүхэдтэйгээ удаан хамт амьдардаг хандлага ажиглагдсан аж.
Тодруулбал, үр хүүхэд нь бие даасан амьдралаа хожуу эхэлдэг 10 улсын ес нь Европын өмнөд хэсэгт оршдог (жагсаалтын дөрөвдүгээрт орсон, өрх тусгаарладаг дундаж нас нь 30.9 болох Словакаас бусад нь). Жагсаалтын нэгдүгээрт Черногор оржээ. Тус улсын эр хүйстнүүд бие даасан амьдралаа 35.3, эмэгтэйчүүд нь 30.5 наснаас эхэлдэг. Дараа нь Хорват (33.6 ба 30), Умард Македон (31.7 ба 27.9) жагссан байна.
Европын хойд хэсгийн орнуудад үүнээс эсрэг дүр зураг ажиглагджээ. Эцэг, эхээсээ хамгийн хурдан өрх тусгаарладаг эхний таван улсад Швед (дунджаар 18.5 нас), Дани (21.1), Финланд (22), Эстони (22.2) багтав.
Европын Холбооны дундаж үзүүлэлт нь 26 нас аж. Үүнд хамгийн ойр үзүүлэлттэй нь Төв Европын Чех улс байжээ. Тэндхийн залуус гэрээсээ дунджаар 26.2 настайдаа явдаг гэнэ.