“Косовогийн сербууд руу албанчууд хэзээ дайрч довтлох нь сар өдрийн л асуудал байна” гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич өчигдөр тус улсын парламентад хандаж хэлсэн үгэндээ онцолжээ. Вучичийн хэлснээр Косово болон Метохийн нөхцөл байдлыг шийдэхэд нэг бол Белград ба Приштины (Косовогийн нийслэл) харилцааг хэвийн болгох эсвэл “мөргөлдөөнийг хөлдөөх” бодлогыг хивэнд нь үлдээх гэсэн хоёр л зам байгаа аж. “Гэхдээ “мөргөлдөөнийг хөлдөөх” бодлогыг хадгалах асуудал зөвхөн албаничуудаас шалтгаална. Тэдний байдал улам цухалдангуй болсоор байна. Косово болон Метохийн асуудлын талаар одоогоор ямар ч шийдэл алга. Ядаж яриа хэлцэл ч алга. Гэхдээ би үүнийг албаничуудтай тохиролцохын чухлыг ард түмэндээ анхааруулах гэж хэлж байна. Хэрэв албаничуудтай тохиролцоогүй бол тэд дайрах нь гарцаагүй” гэж Сербийн удирдагч мэдэгджээ. Ингэхдээ Вучич “Косово Сербийн бараанд ноогдлуулсан татвараа цуцлаагүй цагт хэлэлцээр болохгүй” гэдгийг онцолсон байна. Косово өнгөрсөн оны 11-р сард Серб, Босни болон Герцеговины бараануудад 100% хувийн татвар ногдуулсан юм. Тухайн үед Сербийн Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Франц, Герман, Итали зэрэг улс орны элчин сайдуудтай яаралтай уулзахын зэрэгцээ Аюулгүйн зөвлөлийн онц хурлыг зарлажээ. Босни болон Герцеговины Ерөнхий сайд Денис Звиздич Косовогийн дээрх шийдвэрийг алдаатай бөгөөд Төв Европын орнуудын хооронд бараа бүтээгдэхүүн чөлөөтэй солилцох гэрээг зөрчиж байгааг өөрийн зүгээс мэдэгдсэн аж. Приштины шийдвэрийг тус улсын умард хэсэгт оршин суудаг сербүүд бас эсэргүүцжээ. Сербийн автономит хязгаар байсан Косово болон Метохи өөрийн тусгаар тогтнолыг 2008 онд зарлаж, түүнийг нь НҮБ-ын Олон улсын шүүх 2010 онд хүлээн зөвшөөрсөн билээ. Одоогийн байдлаар Сербийн хувилбараар Косовог 99 улс хүлээн зөвшөөрөөд байгаа бол Приштина 117 улс гэж байгаа аж. ОХУ, Грек, Израиль, Энэтхэг, Испани, Хятад зэрэг 60 улс Косовог хүлээн зөвшөөрөөгүй байна.