Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюутолгой” компани, Бизнесийн инновац хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан доор өнгөрсөн пүрэв, баасан гарагт Даланзадгадад зохион байгууллаа. Уг экспод оролцож буй Өмнөговийн 100 орчим бизнес эрхлэгчээс нэмэлтээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой талаар тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай, барилгын томоохон компаниудын төлөөлөл судалж, цаашид хамтран ажиллах, түншлэх боломжуудтай танилцлаа.
Энэ үеэр “Оюутолгой” компани Өмнөговь аймгийн есөн жижиг, дунд бизнес эрхлэгчтэй нийт 10.5 сая ам.доллар буюу 27.8 тэрбум төгрөгийн худалдааны гэрээ байгуулжээ. Тэдгээрийн дунд анх удаа Манлай сумын компани багтсан аж. Дээрх есөн гэрээг байгуулсны дүнд орон нутагт 128 ажлын байр бий болж буй гэнэ.
Өдөрлөгийн үеэр Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” болон “Оюутолгой” компани хамтран байгуулсан Бизнесийн инновац хөгжлийн төвийн Өмнөговь дахь салбарыг нээсэн юм. Тус төвд хандсанаар орон нутгийн бизнес эрхлэгчид байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний менежмент зэрэг чиглэлээр шаардлагатай сургалт, зөвлөгөө авах боломжтой.