Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс арилжааны банкуудын энэ оны нэгдүгээр улирлын өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. Манай улсад 14 банк үйл ажиллагаа явуулж буйгаас нийт актив, олгосон зээл, харилцагч болон хадгаламж эзэмшигчийн тоо, ашгийн үзүүлэлтээрээ ХААН, Худалдаа хөгжлийн банк, “Голомт” зэрэг банк эхний байрт эрэмбэлэгджээ.
Эдгээр нь банк, санхүүгийн системийн 90 хувийг эзэлж буй аж. Дээрх тайланд иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдлийг төрлөөр нь ангилан дурдсан байна. Үүнд хөдөө аж ахуй, загас болон ан агнуурын салбарт нийт зээлийн 20, автомашины зээлд 19, хадгаламж барьцаалсанд 19, цалин, тэтгэвэрийнхэд 17, картын зээлд 10 хувь нь ногдож буй аж.
Түүнчлэн иргэдийн хамгийн их авдаг цалин, тэтгэврийн зээлийг гуравдугаар сард 150 000 иргэнд олгосон нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхаас тав дахин буурсан дүн болохыг онцолжээ. Энэ нь Төвбанкнаас хэрэглээний зээлийн шалгуурыг өөрчилсөнтэй холбоотой гэнэ.