-УУХҮЯ-ныхан хуурамч шатахуунд хийсэн дүгнэлтийг нууцалж байна-
Хямд үнэтэй шатахуун борлуулж байгаагаас худалдан авч автомашиндаа хийлгэтэл хүч нь муудлаа, эвдэрлээ гэх мэдээлэл байсхийгээд л олон нийтийн сүлжээнд нийтлэгддэг. Тэгвэл ийм явдал байгааг хууль сахиулагчид тогтоон “найрка” борлуулж байсан зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.
Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчдийг хохироож буй компанийн үйлдлийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлсэн билээ. Уул уурхайн хүнд даацын машин, механизмд ашиглаж байгаад сольсон тос (ажилласан масло)-ыг химийн бодистой урвалд оруулж, “Евро-4” стандартын дизель түлш үйлдвэрлэдэг байсан, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Алтан оршихуй групп” компанийн удирдлагыг тухайн үед шалгаж эхэлсэн юм. Түүнээс хойш ийм байдлаар шатахуун “үйлдвэрлэж” татвараас зайлсхийсэн хэд хэдэн компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн байдаг.
Тухайлбал, Сингапурт төвтэй “Ганвор Сингапур”, “Петрохаан” гэх зэрэг компанийн удирдлагыг татвараас зайлсхийсэн хэмээн буруутган одоо ч шалгасаар байгаа юм билээ. Хуурамч гэх шатахууны найрлагад багтдаг бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэн “найрка” хийж зардаг гэдгийг мэргэжлийн байгууллагын хэд хэдэн хүн онцолж буй юм. Тэдний өгүүлж буйгаар өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хойш хөршөөс нэг тн дизель түлшийг ойролцоогоор 650 ам.доллароор авчирдаг. Өөрөөр хэлбэл, хилийн үнэ нь энэ. Хуурамч шатахууны гол түүхий эд болох керосин тн нь 520 ам.доллар. Зөрүү 130 “ногоон”-ыг төгрөгт шилжүүлбэл 332 000 болж байгаа юм. Жилд дунджаар 120 000 тн керосин оруулж ирдэг бөгөөд 54-55 тэрбум төгрөгийн хуурамч шатахуун татварын болон хууль хяналтын байгууллагынхны хараанаас мултарч байна гэсэн үг аж.
Монголд оруулж ирж буй шатахуун хилийн үнэ, онцгой албан татвар, зэрэг татвар нэмэгдсээр хэрэглэгчдэд хүрэхдээ дэлхийн зах зээлээс өндөр ханшаар очдог. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулагчид овжноор ашиглаж буй гэдэг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар керосин зэргийг хилээр оруулж ирэхдээ онцгой албан татвар төлдөггүй юм байна. Дотоодын хэрэгцээнээс хэтэрхий их дайвар бүтээгдэхүүн оруулж ирж байгааг салбарынхан нь ярих юм билээ. “Нотлогдохгүй л байгаа болохоос шатахууны зах зээлд “найрка” зарж буйд эргэлзэх хэрэггүй” гэж нефтийн нэгэн компанийн төлөөлөл ярьсныг манай сонин өмнө нь энэ асуудлаар нийтлэл бичихдээ эш татаж байв. Керосиныг нефтийн хэд хэдэн бүтээгдэхүүнтэй хольж, дизель түлш гарган борлуулахаас гадна техникийн керосинийг зуны дизель түлштэй найруулж, өвлийнх болгох зорилгоор оруулж ирдгийг уншигчид ч мэдэх болсон.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн болох алкилат, нафта зэрэг нэгдлийг бензинтэй хольж АИ-92 бензин гэж зардаг гэнэ. Иймээс л хуурамч шатахууныг салбарынхан нь “найрка” гэх болсон. Завсрын буюу дагалдах дээрх бүтээгдэхүүнүүдийг сүүлийн жилүүдэд бодит хэрэглээнээс их хэмжээгээр импортлох болсон нь ГЕГ-ын статистик мэдээнд тодорхой байдаг. Стандартын шаардлага хангаагүй, чанаргүй, октандаа хүрдэггүй шатахуун манайхан ашиглаж буйг химичид болон эрдэмтэд судлаад баталсан юм билээ. Керосин, нафта зэрэг нефтийн нэмэлт хольцуудыг туршилт хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинжлэх зорилготой хэмээн өнгөрсөн онд 428 000 тн-ыг улсын хилээр татваргүй оруулж ирсэн баримт бий. Түүнийгээ бүх төрлийн шатахуунтай хольж хэрэглэгчдэд борлуулдаг бөгөөд ийм шатахууны хими, физикийн чанар өөрчлөгдөн, стандарт нь алдагддагийг холбогдох байгууллагаас судалж тогтоосон байв.
Тэгвэл ийм байдлаар шатахуун үйлдвэрлэж татвараас зайлсхийсэн байж болзошгүй ямар аж ахуйн нэгжүүдийг шалгаж буй талаар баттай эх сурвалжаас авсан мэдээллийг эш татаж уншигчдадаа хүргэе.
Хамгийн анх хууль сахиулах байгууллагынхны хараанд өртсөн компани бол “Петрохаан”. Тус компанийн гүйцэтгэх захирлыг 2018 онд ОХУ-аас импортоор оруулж ирсэн 36 240 тн түлшинд 9814 тн керосин хольсон. Ингэхдээ Дархан-Уул аймагт байдаг “Nes oil”, төмөр замын Рашаант өртөөн дэх “Монсуль”, “М-Ойл”, Говьсүмбэр аймаг дахь “Nes oil”-ын савнуудад найруулсан. Улмаар “М-Ойл”, “Отгонмижгээ”, “Энгүүн жим”, “Ундарга Увс”, “Чирун”, “МП Петролиум”, “ТНТ Петролиум” зэрэг компанийн ШТС-уудаар дамжуулан худалдсан гэж буруутгасан юм билээ. Ингэхдээ 2.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж буруутгасан аж.
Дээрх компаниас гадна олон жилийн түүхтэй НИК-ийнхнийг ч хуурамч шатахуун борлуулж, татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэдгийг эх сурвалжууд батлав. Тус компанийнхныг 2014 оноос эхлэн Монгол Улсад нефтийн болон нефтийн туслах бүтээгдэхүүн импортлон оруулж ирсэн нэг тонн тутамдаа 85 хувьд нь дизелийн түлш, 15-д керосин хольж импортолсон түлшнийхээ чанарыг өөрчлөн борлуулсан байж болзошгүй хэмээн шалгаж буй юм байна. Хууль сахиулах болон мэргэжлийн хяналт, АМГТГ-ын эх сурвалжууд “Сүүлийн жилүүдэд шатахууны татвар ихэссэнтэй холбоотойгоор хилээр нефтийн туслах бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж, дизель түлш үйлдвэрлэх болсон. Үүнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулж “Ай Си Ай Си”, “Хар мөрөн импекс”, “Трансгейд”, “Алтан оршихуй групп” зэрэг компанийн үйл ажиллагааг шалган, зах зээлд нийлүүлж буй шатахуунаас нь дээж авсан. Түүнийгээ “Амбер” компанийн болон ИНЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд стандартын бус гэсэн дүгнэлт гарсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан уг дүгнэлтийг ихээхэн нууцалж байгаа. Уг дүгнэлтэд тээврийн хэрэгсэлд ашиглавал ямар хор хөнөөл учруулах талаар тодорхой тайлбарласан” хэмээсэн юм.
Өөр нэг эх сурвалж “Одоо зах зээлд борлуулж байгаа дизель түлш бол усан онгоцны шатахууныг керосинтой хольсон бүтээгдэхүүн ихэнх хувийг эзэлж байгаа. Ийм шатахуун худалдах болсон шалтгаан нь Засгийн газрын тогтоолоор бензин, шатахуунд ногдуулах онцгой албан татварын хэмжээг тонн тутамдаа 190-280 мянган төгрөг болгож нэмсэнтэй холбоотой. 2017 оноос хойш 366 556.7 тн нефтийн туслах бүтээгдэхүүн хилээр оруулж ирэн шатахуун үйлдвэрлэхэд 200 000-250 000 тн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Энэ нь ойролцоогоор 40-50 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж, хэрэглэгчдийг залилан мэхэлж мөнгө угааж буй гэмт үйлдэл” хэмээсэн юм.
Бас “Жаст ойл”-ын зарим ШТС-аар бүтээгдэхүүнээ борлуулдаг “Ай Си Ай Си” ХХК-ийнхныг ч ийм байдлаар шалгаж эхэлсэн гэнэ. Тэднийг Багахангай дүүрэгт байрлах “Трансгайд” ХХК-ийн нефтийн агуулахыг түрээсэлж түүндээ нефтийн туслах бүтээгдэхүүн хольж бензин, түлш гаргадаг. Улмаар Улаанбаатар хот, хөдөө орон нутагт бүтээгдэхүүнээ борлуулдаг. Одоогоор тус компаниас есөн ШТС 59.7-7881 тн хүртэлх хэмжээгээр шатахуун авч хэрэглэгчдэд худалдсан гэж хууль сахиулагчид дүгнэсэн аж. Үүний үнийн дүн нь 130 саяас 15.9 тэрбум төгрөгөөр тооцогдож буй гэнэ. Эдгээр компаниас гадна өөр нэг бус аж ахуйн нэгжийн удирдлагыг хуурамч шатахуун үйлдвэрлэж, татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн шалгахаар болсон юм билээ. Бид тухайн аж ахуйн нэгжүүд хэчнээн хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон талаар цаг тухайд нь мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа