“Монголын Зэс Корпорац”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "том мөрөөдөл” нэртэй номыг орчуулж дууссан ба номынхоо нээлтээ хийж, “бүтээл” нь тун удахгүй худалдаанд гарна гэж зарласан байна. "Том мөрөөдөл” ном нь 2004 онд үүсгэн байгуулагдсан “3G капитал” нэртэй хөрөнгө оруулалтын компани гурван үүсгэн байгуулагчийн тухай өгүүлдэг аж.
“3G капитал” нь Бразилаас үүсэлтэй атлаа өдгөө АНУ-ын хамгийн том компаниудын дийлэнх хувьцааг эзэмшиж чадсан гэдгээрээ алдартай. Гэвч энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр “forbes.com” дээр АНУ-ын нүүр царай болсон компаниудын нэг болох “Kraft Heinz”-ийн уналт, үүсээд буй эрсдэлүүд нь уг компани хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг “3G капитал”-ийн “ашгийн төлөө ирээдүйг золиосолдог” бизнесийн моделиос болсон гэсэн утгатай нийтлэл гарсан байна.
“3G капитал” нь ирээдүйн төлөө хөрөнгө оруулж, тогтвортой өсөлтийг эрмэлздэг гэж ярьдаг хэрнэ цагаа тулахаар органик ашгийн өсөлтийг эрмэлзэхийн оронд хүний нөөцөө цөөлөх зэрэг аргаар зардлаа багасгаж, богино хугацаанд ашгаа нэмдэг гэж дүгнэсэн байна. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагч компаниуд зөвхөн мөнгө олох зорилготой тул аливаа компани үнийг албаар унагах аргаар худалдаж авсныхаа дараа хэдэн жил “ашигтай” мэт харагдуулаад зардаг гэсэн шүүмжлэл ч бий. Эдгээр хөрөнгө оруулагч компаниуд бодит баялаг бүтээж, аливаа компани ирээдүйд хөрөнгө оруулахын оронд аль болохоор хурдан, их хэмжээний мөнгө олохын төлөө л ажилладаг гэж ойлгох хүмүүс ч байгаа.
Ямартай ч 49-ийн Пүрэвтүвшингийн орчуулсан "том мөрөөдөл” нэртэй “3G капитал” хөрөнгө оруулалтын компани гурван үүсгэн байгуулагчдын бизнес болон амьдралд хандах хандлагын тухай ном уншигчдын гар дээр тун удахгүй очих юм байна.