Цайз захын орчим, 2019 оны тавдугаар сарын 15-ны 14.00 цаг
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталсан. Жил гаруйн өмнө санаачилж, хэрэгжүүлэхээр шийдсэн нь сайшаалтай ч дагаж, мөрдөх журмыг нь дөнгөж уржигдар хэлэлцсэн нь хачирхалтай. Түүхий нүүрс борлуулахгүй байхад тавих хяналт, сайжруулсан түлшний нөөц, түүнийг түгээх, агуулах байрны зураг төсөл зэргийг тус тогтоол батлагдсан анхны өдөр бүрэн шийдчихдэггүй юм гэхэд хэзээ бэлэн болгохоо тодорхойлох нь зүйтэй баймаар.
Дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэн анхны өдөр нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар бид Налайх дүүрэг дэх тээврийн хэрэгсэл шалган бүртгэх цэгийг эхэлж зорилоо. Тус цэгээр түүхий нүүрс оруулж ирэх магадлал хамгийн өндөр. Учир нь Налайх дүүрэгт бичил уурхай эрхэлж, гар аргаар нүүрс олборлодог 20 гаруй аж ахуйн нэгж хотынхонд бараагаа нийлүүлдэг билээ.
УЛААНБААТАР ЛУУ ТҮҮХИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ АСУУДАЛ ГАРАХГҮЙ ГЭВ
Дээрх цэгт очиход Налайх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн улсын ахлах байцаагч Э.Ариунболд нар албан үүргээ гүйцэтгэж байв. Улаанбаатар хотын эргэн тойрны Гүнт, Тахилт, Морингийн даваа, Баруунтуруун, Эмээлт, Өлзийтийн авто тээвэр шалган бүртгэх товчоонд ч гэсэн ийм пост ажиллаж буй. Дээрх хэлтсийн офицер, ахлах дэслэгч Б.Сүхбат “Тавдугаар сарын 15-ны 00.00-10.30 цагийн хооронд түүхий нүүрс оруулж ирэхийг оролдсон нэг ч тохиолдол гараагүй.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэх ямар ч боломжгүй. Учир нь нүүрсний уурхай бүрийн ойролцоо цагдаагийн пост 24 цагаар ажиллаж байгаа. Багануур дүүргийн авто тээвэр шалган бүртгэх товчооноос наашаа ирэх ганцхан замтай. Хулгайн зам байхгүй. Төв аймгаар тойрох боломжтой ч Налайх дүүргийн нутаг дахь төмөр замын IV зөрлөгт шалган бүртгэх цэг бий” гэв. Мөн тэрбээр цагдаагийн постод ажиллаж байгаа албан хаагч бүр түүхий нүүрс ачсан тээврийн хэрэгсэлтэй жолоочийг буцаах үүрэгтэйг онцолсон. Засгийн газрын дээрх тогтоолыг үл ойшоосон иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох тухай хэлэлцэж байсан ч Зөрчлийн тухай хуульд эл заалтыг тусгаагүй байгаа гэнэ.
Тогтоол хэрэгжиж эхлэхийн өмнөх өдөр түүхий нүүрс хот руу оруулж ирэхийг зөвшөөрч байв. Тиймээс хотод нэгэнт оруулаад ирчихсэн түүхий нүүрсийг борлуулахгүй, шатаахгүй байхад ямар хяналт тавьж ажиллах талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Э.Ариунболдоос тодруулахад “Хэрхэх тухай нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан хэлэлцэж байгаа. Иргэдээс түүхий нүүрсийг нь худалдаж авах тухай санал нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулсан юм билээ” гэв. Бусад шалган бүртгэх товчоогоор тавдугаар сарын 15-ны 16.30 цагийн байдлаар түүхий нүүрс ачсан тээврийн хэрэгсэл нэвтрэхийг завдсан тухай зөрчил гараагүй байна.
“ИРГЭДТЭЙ ХАМГИЙН ОЙР АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ХЭСГИЙН АХЛАГЧ НАР”
Иргэдэд сайжруулсан түлшний хэрэглээг таниулах зорилгоор Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын байгууллага, Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанийнхан нэгдэж, өдөрлөг зохион байгуулсан юм. Хашааны булан, тохойд түүхий нүүрс борлуулж буй хувь хүмүүсийг яаж хянах талаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагч нараас асуухад “Тодорхой чиг үүрэг өгөөгүй. Ямартай ч иргэдэд сайжруулсан түлшний давуу талыг ойлгуулна гэсэн зорилго тавьсан” гэлээ. Зохион байгуулалт хангалтгүй
байгаагийн бас нэг жишээ нь энэ. БОАЖ-ын сайд нь “Иргэдтэй хамгийн ойр ажиллах хүмүүс бол хэсгийн ахлагч нар” хэмээн зарлаж, 4000 гаруйд нь сургалт зохион байгуулсан. Гэтэл дээрх 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн эхний өдөр түүхий нүүрс борлуулдаг ченжүүдийг яаж хянах нь тодорхойгүй байгааг хэрхэн ойлгох вэ.
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ АГУУЛАХ ХЭЗЭЭ БЭЛЭН БОЛОХ ВЭ
Тус өдөрлөгийн хүрээнд “Тавантолгой түлш” компанийнхан эхний ээлжид 150 тонн сайжруулсан түлш худалдаанд гаргаж буйгаа зарласан юм. Энэ нь ойролцоогоор 50-60 айлын нэг өвлийн хэрэглээ. Хэмжээний хувьд 25кг-аас нэг тонн хүртэлх савалгаатай. Нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Тэд одоогоор 60 000 тонн сайжруулсан түлш нөөцлөөд буй. Цаашид 540 000 тн-ыг үйлдвэрлэвэл нийслэлчүүдийн ирэх өвлийн хэрэглээг бүрэн хангах юм. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд сайжруулсан түлшний хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор картаар борлуулах арга хэмжээ авах гэнэ. Ямар карт хэдэн төгрөгөөр хаана, хэзээ, хэдийг борлуулах нь мөн л “бүрхэг”. Эхний ээлжид иргэд бэлэн мөнгөөр сайжруулсан түлш худалдан авч болохыг тус компанийн хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Янжмаа хэллээ. Гэхдээ бэлэн мөнгөөр борлуулаад эхэлчихвэл нэг айл 2-6 тонн түлш авах эрхтэй байхаар тооцоолсон тэдний төлөвлөгөөнд саад учирч болзошгүй. Өөрөөр хэлбэл, нэг айл хэдэн тн нүүрс худалдан авч буйг хянах аргагүй болж, нөөцөө хүртээмжтэй хуваарилж чадахгүй гэсэн үг.
Түүнээс гадна тус компанийнхан хүчин чадлаа бүрэн ашиглаж эхлээгүй тул одоогоор цагт 40 тн нүүрс үйлдвэрлэж байгаа аж. Хүчин чадлаа хэзээ бүрэн ашиглах нь бас л “бүрхэг”. Хэрэв үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглавал цагт 100, хоногт 2400, сард ойролцоогоор 52 800 тн нүүрс гаргана. Гэсэн ч түүнийг хадгалах хангалттай том агуулах байхгүй нь бас нэг “толгойн өвчин”. Одоогоор Сүхбаатар дүүргийн II хороонд сайжруулсан түлшний 1500 тн-ын багтаамжтай ганцхан агуулах бий.
Түлш нөөцлөх найман агуулах барихаар төлөвлөж, өдгөө тавынх нь бүтээн байгуулалтыг эхлүүлснээ нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал зарласан билээ. Гэхдээ хэзээ, хэдийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нь бас л тодорхойгүй. Агуулах савгүйн улмаас сайжруулсан түлшээ норгочихвол чанараа алдах эрсдэлтэйг эрдэмтэд сануулсаар байгаа. Чанараа алдсан түлшийг худалдсан тохиолдолд иргэдийн сонголт өөрчлөгдөж, түүхий нүүрсний эрэлт нэмэгдэх вий дээ.
ҮЛГЭР ТӨГСӨХ БОЛООГҮЙ
Төр, засаг утааг бууруулна хэмээн олон жил үлгэр ярьсан. Эл үлгэр өнгөрсөн өвлөөр дуусах нь уу гэтэл ирэх жил бүр сонирхолтойгоор өрнөж мэдэхээр нөхцөл бүрдээд байна. Энэ сарын
15-наас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй, зарах, бас түлэхийг хориглоно хэмээн холбогдох байгууллагаас удаа дараа мэдээлсэн. Байгаль эх тэдний ажлыг шалгах шиг товлосон өдөр нь болонгуут цас, бороог нэгэн зэрэг “илгээв”. Тавдугаар сарын дундуур хүйтний эрч чангарч хэн хүнгүй сандралдан, нөгөө л бахь байдгаараа нүүрсээ түлж, “утаа үйлдвэрлэж” байлаа. Учир нь хотын аль ч хэсэгт сайжруулсан түлш байсангүй. Бид өчигдөр “Цайз” зах, Дарь-Эх, Дамбадаржаа, Баянхошууны Хөтөл, Хайлааст, Зурагт зэрэг газарт очиж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар хэр хэрэгжиж буйг сурвалжилсан юм. “Цайз”-ын ойр орчмын зам дагуу хаа сайгүй нүүрс борлуулж байв. Нүүрс борлуулагч Б “Налайхын зам хаагдсан. Энэ чиглэлд жижиг автомашин явахаас бус, том тэрэгний хөдөлгөөнийг хорьсон. Тиймээс сайжруулсан түлш яаж авчрах билээ.
Цагаан сарын дараа нэг хэсэг сайжруулсан түлш борлуулсан. Иргэд нэг удаа авсан ч хоёр дахь удаагаа ирэхдээ түүхий нүүрс сонгосон. Байшин халааж дийлэхгүй, улайж цогшихоос өөр шидгүй, ямар ч илчгүй хэмээн голсон. Захиалгаар нүүрс хүргэж өгөхөд айлуудын хашаанд өмнө нь авсан сайжруулсан түлш байж л байдаг” хэмээн ярив. Харин хориглосоор байтал нүүрс зараад буй учрыг лавлахад “Баянзүрхийн товчооны наана МАК-ийн хашаанд нүүрсний том цэг байдаг юм. Тэндээс арайхийж 50 шуудай нүүрс олж ирлээ. Боловсруулсан түлш нь олдохгүй байхад дугуй заралтай биш, өөр яах юм” хэмээсэн. Таван тн боловсруулсан түлшийг зарж дуусгахын тулд 50 хоног зарцуулдаг бол төдий хэмжээний нүүрсийг хоёр хоногт борлуулдаг хэмээн борлуулагч нар өгүүлсэн. Гэнэт хүйтэрсэнтэй холбоотойгоор нүүрс, модны үнэ өчигдөр 1000 төгрөгөөр өссөн байв. Жишээ нь, 3000 төгрөгийн үнэтэй нэг шуудай нүүрс 4000 болж нэмэгджээ. Хэрэглэгчид өнгөрсөн жил сайжруулсан гэх түлш түлж туршсан ч хөлдөж үхэх шахсанаа хэлэв. Тиймээс ирэх өвөл сайжруулсан гэх чанаргүй түлш хэрэглэхийг хүсэхгүй байгаа аж. Мөн түүхий нүүрс эрүүл мэндэд хортой тул хэрэглэхдээ тийм ч дуртай биш гэдгээ хэлсэн.
Иргэн Б шинэ байшин барихдаа яндангийн нүх гаргаагүй гэнэ. Халаалтаа 100 хувь цахилгаанаар шийдсэн байна. Намар байшин нь харьцангуй дулаан байсан ч аравдугаар сар гарангуут хүчдэл нь байн байн унаж цахилгаан халаагуур хэрэглэх боломжгүй болжээ. Тиймээс хүйтний ам наашилж, цас унахтай уралдаж, байшингийнхаа дээврийг цоолон яндангийн нүх гаргаж галлахаас өөр аргагүй болсон гэсэн. Иргэд гэр хорооллын айлуудыг төвийн шугамд холбож өгөхийг хүсэж байсан юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс нүүрс, сайжруулсан түлш аль алиныг нь түлэхийг хүсэхгүй байна. Өчигдөр Сүхбаатарын талбайд сайжруулсан түлшийг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, түлээ, нүүрсний ченжүүдийг дуудаж, уулзсан. Уулзалтад оролцсон ченж “Тавантолгой түлш” компаниас боловсруулсан түлшнийхээ чанарын талаар мэдээлэл өгсөн. Өнгөрсөн жил борлуулж байсан сайжруулсан түлш илчгүйн дээр үйрч унаад нэлээд асуудалтай байсан. Сайжруулсан тэр түлшийг хувь хүмүүс хийсэн гэж мэдээллээ.
Одоо тараах сайжруулсан түлш нь илүү чанартай гэнэ. Мөн гэрээ байгуулна гэсэн” хэмээв. Гэхдээ эл сайжруулсан түлшийг хэрэглэхийн тулд дахиад өрх бүр зуухаа солих шаардлага гарч буй ажээ. Уг шинэ зуух нь нарийн яндантай, дулаан баригчтай гэх мэт өмнөх төслийн зуухуудаас ялгаатай гэнэ. Бас нэг зүйл нэмж мэдээлэхэд сайжруулсан түлшний савлагаа нэлээд том ууттай байх сурагтай. Үүнийг сонссон ченжүүд уурхайн уут буюу бараг нэг тоннын савлагаатай нүүрсийг хэрхэн борлуулахаа мэдэхгүй байна хэмээсэн. Түүнчлэн нэг шуудай нүүрснээс 250 төгрөгийн унацтай тул амьдралд нэмэр, тусаар бага хэмээн чамлаж сууна лээ. Уг нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга “Бид иргэдтэй ярилцаж, санаа бодлоо солилцон, судалгаа хийсэн. Төр, хувийн хэвшил, иргэд, яам, Тамгын газар, нийслэл хоорондын уялдаа холбоог маш сайн хангана. Асуудлыг хамтдаа шийднэ” хэмээж байсан. Гэтэл иргэд ямар ч мэдээлэлгүй, даарч хөрөхийн эрхээр нүүрс түлсэн хэвээр байна. Товчхондоо үлгэр төгсөх болоогүй бололтой.
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор өчигдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ дараах 10 газарт борлуулж эхэлсэн гэх боловч бодит байдал дээр нэг ч цэгт сайжруулсан түлш байсангүй.
Сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн байршлыг доор жагсаалаа.
- Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн өргөн чөлөө
- Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,
- Тахилтын сургуулийн I гудамж
- (122 дугаар сургуулийн ард)
- Баянгол дүүргийн 22 дугаар хороо,
- Зүүн Нарангийн 15-04
- Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,
- “Гялгар” зах
- Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-24А тоот , “Нарантуул-2” захын баруун талд
- Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Чингэлтэйн гудамж 17-139 тоот
- Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо,
- Дунд Дарь-Эх I гудамж-770 тоот
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,
- Өлзийтийн 11-159 тоот
- Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1462А тоот
- Хан-Уул дүүргийн долдугаар хороо,
- Жаргалантын 1/1 тоот