Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.2 хувиар өснө хэмээн Европын сэргээн босголт, хөгжлийн банк таамагласан талаар intellinews.com цахим хуудсанд мэдээлжээ. Тус банкны тайланд дурдсанаар, манай улсын эдийн засгийн өсөлт 2020 онд удааширч, дээрх тоо таван хувь болон буурна гэж тооцсон байна. Оюутолгойн далд уурхай дахь хөрөнгө оруулалт, иргэдийн орлого нэмэгдэх нь эерэг нөлөөтэй бол ирэх онд болох парламентын сонгууль, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл зэрэг нь эрсдэл учруулж болзошгүй аж. Мөн манай улсын экспортын дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтайг дурдаад, 2018 оны хоёрдугаар хагаст төгрөгийн ханш “дарамт”-д орсон гэжээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн банкныхан Монгол Улсын эдийн засгийг энэ онд 7.2, ирэх жил 6.9 хувиар өснө гэж таамагласнаа өмнө нь мэдээлж байв.