Манай улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа дүгнэн, хувьцаа эзэмшигчдээрээ батлуулсаар байна. Өчигдрийн байдлаар 30 хувьцаат компани 2018 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар шийдвэрлэн, зарим нь хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд мөнгө байршуулсан гэнэ. Ногдол ашигт дээрх компаниуд нийт 109.8 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс АПУ 48.9, “Тавантолгой” 44.9 тэрбумыг хуваарилахаар баталсан нь хамгийн их дүн аж. Харин нэгж хувьцааны үнэлгээ хамгийн өндөр байгаа нь “Жуулчин дюти фрий” компани бөгөөд нэг ширхэг хувьцаанд 10 000 төгрөг олгох юм.
Ташрамд дурдахад, “Тавантолгой” компани 2017 оны цэвэр ашгийнхаа 90 хувийг буюу 127 тэрбум, АПУ ашгийнхаа 42.8 хувийг буюу 10.6 тэрбум төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр өгчээ.