-Жилд олборлосон алтны төлөөсөнд байгаль дахь эвдэрсэн газрын хэмжээ улам бүр тэлж байна-
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг салбар болгоно. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлнэ” хэмээн амлаадахав.
Монголбанканд тушаасан алт өнгөрсөн онд 20 тонныг давсан. Эрдэнэсийн сан арвижиж, жил тутамд өдий дайны тонноор баяжиж буй таатай мэдээ сайдын амлалт биелэх үнэмшлийг төрүүлэх ажээ. Угтаа 20 тонн алтыг ам.доллароор тооцвол дунджаар 780 сая. Өнөө жил дээрх хэмжээ үүнээс буурахгүй, бүр илүү гарна хэмээн Монголбанкныхан тооцоолж сууна.
Харин одоо БОАЖЯ-ны тайланг сөхье. Салбарын сайдын тушаалаар уул уурхайн ашиглалтын улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээлгүй орхисон газрын тооллогыг 2017-2018 онд зохион байгуулсан. Өнгөрсөн сард эцсийн дүн нь батлагдсан бөгөөд нөхөн сэргээх ажил, үр дүн хангалтгүй байгааг анхаарах цаг болсныг ажлын хэсэг сануулжээ.
Бүр тодорхой хэлбэл, тооллогын дүнгээр уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн 27 405,46 га байгаа нь тогтоогдов. Үүнээс нийт 1100 газар буюу 8871,18 га талбайг нөхөн сэргээх шаардлагатай байгааг тогтоогоод байна.
2009 оны долдугаар сарын 16.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан өдөр. Экологийн салбарт эргэлт болсон хууль батлагдахтай зэрэгцээд уул уурхайнхан сүрдүүлгийн мессеж нисгэж байлаа. Ашигт малтмалаас олох орлого буурна, эдийн засаг улам хямарна, ажилгүйдэл нэмэгдэнэ... Үнэндээ энэ сүрдүүлгийг Монгол орны тогтвортой хөгжлийн ирээдүйн эрх ашигтай зүйрлэвэл өчүүхэн төдий шалтаг байв.
Уг нь “Урт нэртэй” хууль бүрэн утгаараа хэрэгжсэн бол алт эрдэнэс нуугдаж байдаг Монголын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн онгон догшин байгаль, ой, ус, гол мөрний эх, нөөц бүрдсэн газрууд хадгалагдан үлдэх нөхцөл бүрдэх байсан хэмээн байгаль орчны салбарын мэргэжилтнүүд үздэг. Харамсалтай нь, “Урт нэртэй” хуулийн дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр эх байгалийг жинхэнэ утгаар нь эргүүлэх эхлэлийг 2015-2016 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зүтгэл, санаачилгын хүчээр тавьсан юм.
...“Урт нэртэй” хуулийг батлан хэрэгжүүлэхдээ хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг зогсоох, нөхөн сэргээх зорилт тавьсан. Гэвч үр дүн нь гурван жилийн дараах байдлаар тодорхой бус байгаад анхаарах цаг болсон…”
2015 оны хоёрдугаар сарын 18. Морин жил шувтардаг Битүүний өдөр тохиож байв. Монголоор овоглосон хэн бүхэн Цагаан сараас өөрийг бодох сөхөөгүй өнгөрдөг мөч. Гэтэл яг энэ өдөр “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төсөл Засгийн газраас УИХ-д ирэв. УИХ-ын гишүүд ч эдийн засгийг хүндрэлээс гаргах Засгийн санаачилгыг сайшааж, илүү дутуу асуудалгүй баталжээ. Харин УИХ-ын 41 дүгээр тогтоолоор батлагдсан энэхүү хөтөлбөрт “Урт нэртэй” хуулиар арай ядан хамгаалж авсан гол мөрний эх, ойн сан руу дайрах гол үзэл санаа давхар байсныг олонх нь анзаарсангүй.
2015 оны долдугаар сарын 7. Монголчуудын хувьд онцгой ач холбогдол өгдөг бас л нэг тэмдэглэлт баяр ойртсон үе байгаа биз.
Он цагийн хуанлиг та хараарай. Энэ өдөр мягмар гараг байв. Тэгэхээр Засгийн газар уг нь хуралдах учиргүй. Гэхдээ яаралтай гэдэг “заалтаар” мягмар гарагт хуралдаж таарчээ. Ингээд Засгийн газар 289 дүгээр тогтоолыг “төрүүлээдэхэв”. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагт нэгдүгээр хавсралтаар, Ойн сан бүхий газрын хилийн заагт хоёрдугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан байна. Уг хоёр хавсралтаар таван аймгийн сумдын нутагт 3362 га талбайг ойн сангийн хилээс чөлөөлсөн байх юм. Түүнчлэн 2501 га талбайг голын эх, усан сангийн хилээс, нийт 5863 га талбайг “Урт нэртэй” хуулийн хамгаалалтаас гаргажээ.
2015 оны долдугаар сарын 20. Наадмын дараах амралт Монгол даяар эхэлсэн өдрүүд. Засгийн газар хуралдаж, ой, усныхаа санд халдсан гайтай шийдвэрийг дахин гаргажээ. Тодорхой хэлбэл, өмнөх тогтоолоор голын эх, ойн сангийн хилийг өөрчилсөн. Харин энэ удаад буюу гуравдугаар хавсралтаар усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилд өөрчлөлт оруулжээ. Ахиухан атгахаа ч мартсангүй. Хамгаалалтаас гаргах талбайг бүр 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Иймэрхүү байдлаар нийт 13,4 мянган га талбайг “Урт нэртэй” хуулиар уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон нутгаас гаргасан. Эдийн засгийн хямралаар халхавчлан байгаль руугаа дайрсан явуургүй шийдвэрүүд ганц үүгээр зогсохгүй.
Тэгвэл БОАЖЯ-наас өнгөрсөн онд зохион байгуулсан эвдэрсэн газрын нэгдсэн тооллогын дүгнэлтээс эшлэе. “...2016-2017 оны байгаль орчны менежментийн тайлангийн нэгдсэн дүнгээр “Урт нэртэй” хуулийн үйлчлэлээр үйл ажиллагаа нь сэргэсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд 513.0 га газарт техникийн, 259.3 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн мэдээ ирсэн. Уг нь дээрх хуулийг батлан хэрэгжүүлэхдээ хууль бусаар ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээх зорилт тавьсан. Гэвч үр дүн нь гурван жилийн дараах байдлаар тодорхой бус байгаад анхаарах цаг болсон…” хэмээн тэмдэглэжээ.
Алт олборлолт гэдэг гол ус, газар шороог орвонгоор нь эргүүлдэг үйлдвэрлэл. Алт олборлож буй газруудад гол усаар биш шавраар урсдаг юм. Машин техникүүд эргэх тоолонд нь, хөдлөх бүрт нь голын хөрс эрэг, элс шороо, хайрга чулуу юутай хээтэйгээ холилдон булингартаж, уул нуруудын жалга гүвээ нүд халтирам болдог. Үүний цаана загас, жараахай, цаашлаад усны амьд биетүүд хүчилтөрөгчөөр дутагдан үхэж сөнөдөг юм. Амьтад, цаашлаад ой, ус, хөрс шороо гээд бүхэл бүтэн экосистемийн доройтол, байгалийн сүйрэл тэнд өрнөдөг.
Тэрчлэн хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үеийнхээс хоёр дахин багассан гэх мэдээ бий. Байгальд ганцхан см ялзмаг бүрэлдэхэд олон зуун жил шаардлагатай байдгийг мэдэх үү. Эрдэмтдийн судалгаагаар 60 гаруй жилийн дотор хагалсан, сэндийлсэн газраас хамгийн багаар тооцоход л 500-600 мянган тонн ялзмаг хөрснөөс устаж алга болжээ. 1900-гаад оны үед Бороогийн гол орчимд хятадууд алт олборлож байв. Тэгвэл тэнд одоо л нэг см ялзмаг дөнгөж үүсэж эхэлснийг хэдхэн жилийн өмнө тогтоосон. Ингээд бодоход ухаж хөндсөн газарт ургамал ургах хэмжээний шимт хөрс бий болтол дор хаяж 100 гаруй жил шаардагдаж байгаа юм.
Эвдэрсэн газрын тооллогын дүгнэлтээс дахин харъя. “...Ашигт малтмал ашигласны дараа нөхөн сэргээсэн газарт үлдсэн нөөцийг дур мэдэн ашиглах. Тусгай зөвшөөрөлтэй боловч байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлэх баталгаа нь тодорхойгүй, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй үед ашиглах, ашиглахаар бэлтгэх. Аймаг, сумын өөрөө удирдах байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр гаргах. Нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын нэр барин нөхөн сэргээх нэрээр ашиглах гэсэн дөрвөн төрөлд хувааж үзэж болохоор байна” хэмээжээ.
Монгол Улсад 2016 оны байдлаар нийт 3984.46 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон байна. Энэ газрыг нөхөн сэргээхэд хамгийн багадаа буюу нэг га талбайг 25 сая буюу бүрэн нөхөн сэргээхэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардлагатайг тогтоожээ. Гэтэл Нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд 2016 оны оны эхний хагас жилийн байдлаар ердөө 10.5 тэрбум төгрөгийг байршуулсан байв.
Тэгвэл өнгөрсөн онд хийсэн эвдэрсэн газрын нэгдсэн тооллогоор 8871,18 га талбайг эхний ээлжинд нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатайг тогтоосон. 2016 онд эвдрэлд орж оригдсон талбайтай харьцуулахад бараг хоёр дахин өссөнөөс илүү байгаа биз. Тэгэхээр ийм хэмжээний газрыг нөхөн сэргээхэд ойролцоогоор 250 тэрбум төгрөг шаардагдах нь гээд баримжаалчихаж болж байна. Гэвч энэ мөнгийг чухам яаж, ямар эх үүсвэрээр босгох вэ гэдэг нь тодорхойгүй. Түүнчлэн нөхөн сэргээж, хохирлыг барагдуулах буруутны дийлэнхийнх нь талаар хар данс ч алга. Учир нь буруутны жагсаалтыг хувиараа ашигт малтмал олборлогчид, бичил уурхайчид жин даран тэргүүлжээ.
...20 тоннын жинтэй алтан туухай ийнхүү багадаа 250 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нөхөн сэргээх зардал шаардах төлөвтэй. Хэрэв эвдэрсэн, орхигдсон газрын экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг дээр нь нэмж тооцвол бүр талийна. Их наядаас дээш тоо гарна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Угтаа Монгол Улс жилд олборлосон алтны төлөөсөнд газар шороо, гол горхи, ой тайга гээд унаган байгалиа ийнхүү золигт гаргасаар байгаа нь шинэ зууны Монголын нэгэн эмгэнэл боллоо.