Нэрс, бөөрөлзгөнө, хад, аньс гээд байгаль эхийн “урласан” хурц тод өнгө, гойд амт, үнэр шингээсэн жимсгүйгээр ойг төсөөлөх аргагүй. Анхны уруулын будгийн гол орцыг ойн жимсний шүүснээс гаргаж авсан түүхтэй. Үнэндээ бид ойн дагалт баялгийн гол төлөөлөл, хүнсэнд өргөн хэрэглэдэг жимсний талаар тийм ч ихийг мэддэггүй. Тиймээс “Шим ертөнц” буланд энэ удаа хар болон хөх нэрс, аньстай холбоотой танин мэдэхүйн мэдээлэл бүхий шошгыг онцгойлон сөхье.
ХАР НЭРС
Хурц ирмэгтэй, үсгүй мөчир бүхий 15-40 см өндөр сөөгөнцрийн үр жимсийг хэлдэг. Цэгээндүү хар өнгөтэй, 10 мм голч бүхий бөөрөнхий хэлбэртэй, исгэлэндүү аргуун амттай жимс. Хүрэн улаан, улбар хүрэн зөөлөн эдтэй, өндөг хэлбэрийн улаандуу хүрэн өнгийн олон үртэй. Энэ жимс Хэнтийн уулсын төвд хөвч тайгын хушин ой, шилмүүст ой, Тэрэлжийн ширэнгэд элбэг ургадаг. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр голын эхэнд ихээр тархжээ. Монголчууд хар нэрсийг түүхдээ ойрхон шүдтэй савар хутгуур ашигладаг. Шинэ өрөм, нойтон аарц, нунтаг ээзгий, ааруул зэрэгтэй хутгаж элсэн чихрээр амтлаад жилийн турш хүнсэндээ хэрэглэдэг билээ. Харин жимсээ дангаар нь хатаахдаа салхи сайн сэлгэдэг майхан, саравчинд тусгайлан бэлтгэсэн тавиур дээр нимгэн зулж, 1-2 өдөр сэврээдэг юм байна. Дараа нь торон дэлгэц дээр асгаж, хэт халуун биш газар хатаах бөгөөд үе үе хутгаж хөдөлгөх хэрэгтэй. Ийн хатсан хар нэрсээр шүүс, цай, ханд бэлтгэдэг. Хар нэрс нь үрэвсэл эсэргүүцэх, шээлгэх, цөс хөөх, гэдэсний шимэгч хорхойг туулгах, нян устгах, өвчин намдаах, цус тогтооход нэн сайн гэж анагаах ухаанд үздэг. Тэрчлэн бие махбодын ерөнхий чалх тамирыг сайжруулах, давсны солилцоог хэвийн байлгах, хараа хурц болгох үйлчилгээтэй учраас уламжлалт эмчилгээнд хэрэглэсээр иржээ.
ХӨХ НЭРС
Мөлхөө үндэслэг иштэй, 40-50 см өндөр, салаа шулуун, өндиймөл иштэй. Хүрэн бор буюу бараан саарал холтостой, бөөрөнхий мөчиртэй жижиг сөөгийн үр жимс юм. Цэгээн өнгөр бүхий хөх өнгөтэй, ногоон махлаг эдтэй, бөөрөнхий хэлбэртэй агаад найм, есдүгээр сард боловсордог аж. Зарим нутагт намгийн нэрс хэмээн нэрлэх нь бий. Намгийн нэрс нь Хэнтий, Хөвсгөл, Хангай, Монгол Дагуурын нутгаар тагийн бүсэд хар мод, холимог ой, ойн цоорхой, сөөг ширэнгэн дунд ургадаг. Хөх нэрсийг гараар шувтран түүж, тэр хэвээр нь буюу нухаж сүү, өрөм, цөцгий, шинэ ээдэмтэй хольж, элсэн чихрээр амталж жилийн турш хэрэглэх боломжтой. Нойтон ааруулд шинэ нэрс хольж базаад, хэвэнд оруулан, дэлгэж хатааж бас болно. Мөн зарим нутагт шүүсэн аарцтай холиод, ааруул, хурууд болгон нойтноор нь хэрэглэдэг. Хэрвээ хатааж хэрэглэх бол уг жимс нь нэлээд хэврэг тул бяцлалгүйгээр болгоомжтой түүнэ.
Ингээд эхлээд 50-55 градусын халуун дулаан орчинд сайтар сэврээнэ. Дараа нь 60-65 градусын дулаан байранд гүйцэд хатаахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Ач холбогдлын хувьд хөх нэрс нь хараасаа илүү. Хоолны дуршлыг сайжруулах, ходоод, нойр булчирхайн шүүрэл ялгарлыг нэмэгдүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хялгасан болон бусад судасны ханыг бэхжүүлэхэд нэн тустай. Мөн цөс, шээс хөөх, үрэвсэл намжаах, ходоод, гэдэсний шархлааг илааршуулах, халуун бууруулах, чийг бам, уушгины сүрьеэг эмчлэх, бие махбодын дархлаа, эсэргүүцлийг дээшлүүлэх, харшил эдгээх, хараа сайжруулах зэрэг үйлчилгээтэй юм байна.
АНЬС
Байгалийн дагалт баялгийн бас нэгэн үнэт зүйл болох аньс нь навчит ургамлын төрөл жижиг жимслэг үрээр үрждэг ойн ургамал юм. Төв Ази, Европ, Хойд Америкаар өргөн тархаж ургадаг, хүнсэнд өргөн хэрэглэдэг жимс билээ. Монголчууд аньсны навч болон жимсийг ханиад томууг анагаахад илүүтэй хэрэглэдэг. Аньс нь хүйтэнд ногооноороо байдаг маш тэсвэртэй ургамал. Бүр хасах 40 ба түүнээс дээш градусын хүйтнийг ч тэсвэрлэдэг. Зундаа чийглэг сүүдэрлэг ойн бүсэд ургана. Харин зун нь халуун болдог бүсэд сайн ургадаггүй, хүчиллэг хөрсөнд “дуртай” гэнэ. Уг ойн ургамал нь олон төрлийн витамин, аминхүчлүүд агуулдаг. Тиймдээ ч эртнээс олон оронд эмчилгээний ургамлаар хэрэглэсээр иржээ. Швед, Канад зэрэг улсад хүнсэнд өргөн хэрэглэдэг бөгөөд үндэсний хоолных нь чухал орц болдог аж.