СУИС-ийн “Оюутан” театрт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг, Т.Сэр-Од тэргүүтэй арваад хөгжмийн зохиолч суужээ.
“Дөрвөн цагийн эгшиглэн буюу 12 сарын аялгуу” ардын дууны аяст дуун чуулбар эхэлж буй нь энэ. Яруу найрагч А.Лхагва 12 сарын цаг агаар, байгалийн араншинг шүлгээр илэрхийлжээ. Уг шүлгийг дуу болгох нь Д.Баасанжав, Н.Жанцанноров, Б.Шарав, П.Ганбат, Д.Ариунболд, С.Соронзонболд, Б.Мэнд-Амар, Д.Цэцэрлэг, Г.Отгонбаяр, Цэн.Эрдэнэбат, Т.Сэр-Од, Ш.Өлзийбаяр, Г.Төвшинтөр нарын 12 хөгжмийн зохиолчийн ажил санж. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров уг тоглолтын хөтлөгч нь. Тэрбээр “Би хөтлөгч биш, зарлагч юм байна”, “Телевизийнхээн, яагаад над руу тод гэрэл тусгаад байна” гэхчлэн хааяахан үзэгчдийг хөгжөөнө.
Хөгжмийн зохиолчдын шинэ уран бүтээлийн чуулбар тоглолт дэлгэрэх цагийн эхлэл “Тавдугаар сарын дуу”-гаар эхэлж, “Дөрөвдүгээр сарын гол, ус”-аар өндөрлөх ёстой.
Яруу найрагч А.Лхагва “Хөгжмийн зохиолчид 12 шүлгийг минь насны эрэмбээр сугалаа татаж сонгосон. Шүлгүүд ямар дуу болсныг сонсохоор тэсэн ядан хүлээж байна. Бүгдээрээ анхны сонсогчид болох нь” гэв.
Шинэ бүтээлийн тоглолтын салхийг хагалсан “Таван сарын бороо” аргагүй сайхан дуу болжээ. Дараагийн “Зургаан сарын цэцэг” дууны аяыг хөтлөгч зохиожээ. Төгсөх дамжааны өвөрмонгол оюутан Дүгиймаагаар дуулуулсандаа сэтгэл дундуур байх шиг санагдсан. Тэрбээр “Өвөрмонголчуудыг бид чирч явах ёстой. Дүгиймаа ч сайн чирэгдлээ. Дуугаа яаж эхлүүлэх, төгсгөхөө мэдсэнгүй” гэв.
“Усан хөшиг татлаа ч уул уулаараа л байдаг, уйлж, дуулаад загнавч ээж ээжээрээ л байдаг” хэмээн урсах шүлэг зөвхөн гэрээ, ээжийгээ санаж байгаа миний сэтгэлийн утсыг хөндчихөв үү гэтэл бүгдэд таалагджээ. “Арван нэгэн сарын шуурга” нэртэй эл шүлэг үзэгчдийн сэтгэл рүү цасаар шуурчих шиг л боллоо. “Лхагва аа, чи ч мундаг нөхөр юм аа” гэсэн магтаалын үгийг Н.Жанцанноров гуай ч харамласангүй. Бас шүүмжээ ч мартсангүй. Тоглолтын төгсгөлд “Ая зохиогчид оо, та нар хайрцагнаас гарч сэтгэхгүй байна. Хөгжмийн урлагт цоо шинэ зүйл хэрэгтэй. Бид л шинийг сэтгэхгүй бол энэ салбар үгүй болох аюултай юм шүү. Яруу найрагч А.Лхагвад баяр хүргэе” гэлээ.
Дуу бүтэх амаргүй байх. Харин дараа нь сонсож суух бол үнэхээр таатай юм. Олон сайхан дуугаар чихээ, сэтгэлээ баярлууллаа. Үзэгч, сонсогч хүний байр сууринаас дахин нэг дууг онцолмоор байсан нь “Дөрвөн сарын гол, ус”. Театраас гараад алхаж байхдаа энэ дууг аялж явлаа.