“Сандэнс” кино наадмын хүрээнд дэлгэцнээ гарсан Америкийн найруулагч Дэн Ридийн “Неверлэндийг орхиж явахад” баримтат кино олны анхаарлыг ихээр татжээ. Британийн Channel 4 телевиз, Америкийн НВО компанийн хамтын бүтээл эл кино нэг ёсондоо нас бараад арван жил болсон дэлхийн поп хөгжмийн хаан гэгдэж байсан Майкл Жексоныг бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгажээ. Кинонд дуучин эр хэрхэн 7,10 насны хоёр бяцхан шүтэн бишрэгчтэй болон тэдний гэр бүлтэй танилцаж, харилцаатай болж байгаа тухай өгүүлдэг аж. Кинонд өдгөө 30 насыг давж, өөрсдөө гэр бүл үр хүүхэдтэй болсон поп хааны дээрх хоёр шүтэн бишрэгч болон тэдний ах дүү, ээж, эхнэрүүдийн ярилцлагаас гадна хүчирхийллийн дүр зургийг удаанаар харуулжээ.
1993 онд Майкл Жексон 13 настай Жордан Чендлерыг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан шүүхийн өмнө дуудагдсан билээ. Дуучин эр эл асуудлыг гомдол гаргагчидтай хувийн журмаар зохицох гэж оролдсон ч 2005 онд асуудал дахин сөхөгдсөн аж. Цагдаа нар нотлох баримт олоогүй тул тангарагтны шүүх Жексоныг буруугүй гэж үзжээ. Эл хэл ам Жексоныг эрүүл мэндийн хувьд ч, санхүүгийн хувьд ч хүнд байдалд оруулаад зогсохгүй түүнийг нас барсны дараа ч үргэлжлэх болжээ. 2013 онд дээрх баримтат киноны гол баатрын нэг Уэйд Робсон “хүнд бэрх бага насаа” гэнэт санан дуучин эрийг өөрийнх нь амьдралыг “алсан” хэмээн буруутган шүүхэд гомдол гаргажээ. Шүүх хэргийг шүүн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд түүний гомдлыг буцаасан байна. 2014 онд киноны хоёр дахь баатар Жеймс Сейфчак мөн л Майкл Жексон 1990-ээд оны үеэр түүнийг садар самуунд уруу татан хүчирхийлсэн гэж гомдол гаргажээ. Шүүх түүнд адил хариу өгсөн аж.
Жексоны ар гэрийнхэн уг киног “Майкл Жексоны нэрийг ашиглан ашиг олох гэсэн ээлжит бузар аргуудын нэг” гээд уран бүтээлчдийг шүүхэд өгсөн байна. Киноны нээлтэнд Уэйд Робсон, Жеймс Сейфчак нар өөрсдөө байсан бөгөөд үзэгчид алга ташин босож тэдэнд хүндлэл үзүүлжээ. Тэд тайзан дээрээс Майкл Жексоны шүтэн бишрэгчдийн зүгээс олон тооны заналхийл ирж байгаа тухай ярьжээ.