Шөнөдөө сэмжрэн мөстсөн цас өдөртөө хөлрөн хайлмагтаж, хөндий, тал зэрэглээтэн дуниартаад, өнтэй өвлийг залгаад урин хавар эрт айлчилж байна. Удахгүй малчны хотонд төлийн дуу цангинаж, ангир уураг, шинэ сүү сав дүүрэн мэлтэлзэнэ. Шинэ ногооны нялх соёо нөмөр бараадан цухуйж, үртэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн нахиалах нь ирж яваа цагийг тунхаглана. Хаврын улирал, ирж яваа цагийн юм бүхэн сайхаан. Хаврын тухай бодох, хавар ирснийг мэдрэх ямагт таатай, гэгэлзэм байдаг билээ.
Гэвч хаврын тэнгэр хартай гэдэг. Өглөө нар ээж, бага үдэд салхи дэгдэн шороо босгоод, удалгүй тэнгэр бүрхэн, ингэн туйлаадас хаялаж, үдээс хойш юу ч болоогүй мэт цэлмэг тэнгэр цэнхэртэн мэлтийгээд, оройхон цасан шамарга нүүр нүдгүй балбах гэх мэтээр цаг агаарын байдал өдрийн хэд солигдох нь энүүхэнд. Ер нь тааж тааварлах, аминчлан итгэхэд амаргүй улирал. Ямар сайндаа л “Ганган хүүхний үхэл хавар, намар” гэх вэ.
Итгэж боломгүй олон ааштай, хувирамтгай хавар яаж ч аашилсан өвөл шиг хахир хатуу, хүйтэн хөндий санагддаггүй болохоор түүнийг талархан угтаж, хүйтэн хавсарга, шороон шуурганд нь олон үггүй шавхуурдуулан туулдаг юм. Яагаад гэвэл, хавар ирж яваа цаг, түүний дараа зун болно.
Монголын улс төр, нийгмийн амьдралд ч шороо тоос бужигнуулан хүйтэн хавсарга тавьж, хавирга нэвт салхилсан ороо бусгаа зурвас үе таарч байна. Харин энэ бүхэн хаврын улирал шиг ирж яваа цагийн түүчээ байгаасай, түүний дараа зун хурдан болоосой.