АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалт үр дүнд хүрсэнгүй. Хоёр улсын тэргүүн нарын ярилцлага хагас цаг хиртэй болсны дараа уулзалт өргөтгөсөн хэлбэрээр үргэлжилсэн байна. Үүний дараа АНУ-ын болон Умард Солонгосын удирдагч нар эцсийн баримтат гарын үсэг зурах ёслол болох байсан ч Дональд Трамп, Ким Жон Ун нар уулзалтын газрыг хугацаанаасаа өмнө орхин явжээ. Ингэхдээ төлөвлөсөн хамтын өдрийн зоогоо ч барьсангүй.
Үүнтэй холбогдуулан Дональд Трампын хэвлэлийн бага хурал мөн л хугацаанаасаа нэг цагийн өмнө болов. Уулзалтын үр дүнгийн талаар тэрбээр БНАСАУ өөрсдийнх нь эсрэг авч буй хориг арга хэмжээг зогсоохыг хүссэн бол АНУ татгалзсан гэж мэдэгджээ. Хориг арга хэмжээг цуцлахын тулд Пхеньяны санал болгосон нөхцөл Вашингтоны сонирхолд нийцээгүй аж.
Тодруулбал БНАСАУ Йонбены цөмийн байгууламжийг татан буулгаснаар хориг арга хэмжээг бүхэлд нь цуцлахыг хүсжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад тодорхой гэрээ хэлэлцээрт одоохондоо гарын үсэг зурахгүй байхаар хоёр тал хоёулаа шийдсэн тухай Америкийн Ерөнхийлөгч мөн хэллээ. Гэсэн хэдий ч уулзалт маш үр дүнтэй болж, нөхөрсөг уур амьсгалд өнгөрсөн талаар Дональд Трамп тэмдэглэлээ.
БНАСАУ болон АНУ-ын дээд хэмжээний Ханой дахь уулзалт “хоёр талын харилцааг улам сайжруулах” талаар үргэлжлүүлэн хэлэлцэх үр дүнд хүрлээ гэж Пхьеньян өнөөдөр мэдэгджээ. "Хэлэлцээр нь Солонгосын хойг дахь зөрчилдөөнийг багасгаж, энх тайвныг хөхүүлэн дэмжих, хоёр орны хоорондох олон арван жилийн хугацаанд үргэлжилсэн дайсагналыг зогсоож харилцан итгэлцлийг бий болгох зорилготой байв” гэж Солонгосын Цахилгаан мэдээллийн агентлаг бичжээ.