Өнгөрсөн жил хэсэг хугацаанд туршихад нийслэлчүүдээс сайн үнэлгээ авсан “Ubike” үйлчилгээг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ.
Дугуй түрээслэх төсөл санаачилсан Г.Дашням “20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тавдугаар сараас тоог нь нэмнэ. Өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд дугуй эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жилээс иргэд соёлтой үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна” гэв. Үнэ ханшид нь өөрчлөлт ороогүй аж. Нэг цаг түрээслэхэд 1000 төгрөг. Хоёр цаг бол 1500 төгрөг. Харин зориулалтын зогсоолд бус орон сууц, эсвэл ажлын байрныхаа гадаа дугуйгаа тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. Ташрамд дурдахад, “Ubike”-ийн дараагийн шатны төсөл болох “Uscooter” хөтөлбөр түр хугацаанд зогссон гэнэ. Учир нь нийслэлийн Засаг дарга солигдож, санхүүжилт олгох, эсэх нь тодорхойгүйгээс шалтгаалсан аж.