Үндэсний урлагийн их театрын хөөмийч В.Батзориг, уртын дууч, Гавьяат жүжигчин С.Цогтсайхан, уран нугараач Б.Дашдэжид, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Монгол костюмс” төвийн түүхэн болон уламжлалт хувцасны загвар өмсөгчид, Урлах эрдмийн дээд сургуулийн загвар зохион бүтээгч Н.Нямцэцэг, Г.Оюунжаргал нар ирэх сарын эхээр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотыг зорих болжээ.
Уран бүтээлчид тус улсын зохион байгуулж буй урлаг, хувцас урлалын “World folk vision” олон улсын их наадамд оролцож монгол хувцасны түүх, уламжлал, урлалын талаар танилцуулах юм байна. Наадам зохион байгуулагчид дэлхийн 110 орноос үндэсний хувцас урлаачдыг урьсан бөгөөд шилдгийг шалгаруулж, шагнал олгох гэнэ.
Энэхүү наадмын зорилго нь улс үндэстнүүдийг бахархлаар нь нэгтгэн, өв соёлоо хамтдаа хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийг ухуулах аж. Наадмын урилга “Монгол костюмс”-ын захирал Б.Сувдын нэр дээр ирсэн бөгөөд тус төвийн удирдлага зөвхөн загвар өмсөгчид биш, уран бүтээлчид үндэсний хувцсаа таниулангаа дуулж, хуурдан, уран нугарах урлагаа сурталчилж болох юм хэмээн үзсэнээр багаа бүрдүүлсэн байна.