Бразилын Пара мужийн Маражо арлын ширэнгийн гүнээс энэ сарын 22-нд үхсэн бөгтөр халим олдсон нь судлаач, эрдэмтдийн гайхашралыг бараад буй аж. Халим байтугай том биетэй хүн явахад ч төвөгтэй, тодруулбал, шигүү ургасан модод, тэдгээрийг хэрж, ороосон олсон ургамлууд зэрэг саад ихтэй газарт далайн аварга биетэй амьтан яаж очсон байх вэ.
11 метр урт тэрхүү амьтныг хүмүүс аваачсан гэж бодоход мөн л хэрхэн тэнд хүргэсэн бэ. Нөгөөтээгүүр, шинжээчдийн мэдээлснээр бол бөгтөр халим далайн, өөрөөр хэлбэл, давстай усанд амьдардаг. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, хоол хайж эрэгт тулж ирсэн халимыг далайн хүчтэй давлагаа ой руу шидсэн байх магадлалтай гэнэ. Үүнийг батлахын тулд шалгах, “мөрдөх” тусгай баг гарган ажиллах болжээ.