Хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээнээс гардаг хатуу хог хаягдлын асуудал өнөөдөр зөвхөн экологи, хүрээлэн буй орчинд хамаараад зогсохгүй гэдгийг шинжээчид мэдээлэв. Нүдэнд харагдах байдлаар нь энэ асуудлыг ийнхүү “явцуу” хүрээнд ярьж байгаа нь бидний алдаа гэнэ.
Дэлхийн хэмжээнд хог хаягдал нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх түвшинд очсоныг хойд хөршийн судлаачид онцолж байсан. Хатуу хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулж, цахилгаан, дулааны асуудлаа шийддэгээрээ дэлхийд тэргүүлэгч Швед “Хаягдлыг эрчим хүч болгоно” хэмээх хөтөлбөрийнхөө хүрээнд 2020 он гэхэд үлдсэн нэг хувийг ч эл зорилгоор ашиглахаар ажиллаж буй аж.
Тус улс жилд дунджаар 4.4 сая тонн хатуу хог хаягдал “үйлдвэрлэдгээс” 2.2 сая тн-ыг нь эрчим хүч болгон “хувиргадаг” юм байна.