Хүүхдийн харгис зан, атаа, өшөө хорсол нийлэхээрээ томчуудаас дутахааргүй харгис болгодог аж. Өсөж дэрвэх насныхаа чухам аль үед хүүхэд аймшигт гэмт хэрэг үйлдэх чадвартай болдог юм бол? Энэ асуултад сэтгэл судлаачид, мөрдөгчид ч хариулж чаддаггүй. Харин хамгийн залуу алуурчин хэдэн настай байсныг гэмт хэргийн түүх өгүүлж байна.
Жесси Померой
Жесси Померой хүү 11 настайгаасаа эхлэн цагдаагийханд нүдлэгджээ. 1859 онд АНУ-ын Массачусетс мужид дундаж амьжиргаатай гэр бүлд төрсөн тэрбээр үе тэнгийнхээ болон өөрөөсөө бага насны хүүхдүүдийг хуурч, хүнгүй газарт аваачин, зодож тарчлаадаг байжээ. Тэрбээр хохирогчдыг, нүцгэлэн модонд хүлж байгаад ухаан алдтал нь сураар ороолгодог байсан гэнэ. Тамлалт үүгээр хязгаарлахгүй. Бяцхан яргачин зарим хохирогчийн цээжийг хутгаар сийчин, хонгонд нь сүлбээр зүү шаадаг байжээ. Хохирогч хүүхдүүдийн эцэг эх цагдаагийн газарт хандсан боловч хэрэгтэн дөнгөж 11 настай байсан түүнийг хориогүй аж. Померойн гэр бүлийнхэн хэл ам, олны дургүйцлээс эмээн, Өмнөд Бостон руу нүүсэн байна. Гэсэн ч Померой өөрчлөгдсөнгүй. Түүний гарт хүүхдүүд хохирсоор байлаа. Энэ удаа хууль сахиулагчид бяцхан хэрэгтнийг шийтгэх нь зөв хэмээн үзэн Вэстборо дахь Хүүхдийн засан хүмүүжүүлэх колонид хорьжээ.1874 оны хавар Жесси Померой хугацаанаасаа өмнө суллагдан гэртээ ирэв. Ердөө сарын дараа ойролцоо амьдардаг айлын 10 настай Кейти Каррен охин алга болсон бол долоо хоноод ойн захаас дөрвөн настай Горацо Миллен хүүгийн зэрэмдэглүүлсэн цогцос олджээ. Горацог 40 гаруй удаа хутгалж алсан байв. Цагдаагийнхан хамгийн түрүүнд Жесси Померойг сэжиглэн, гэрт нь нэгжлэг хийхэд цусны толботой хутга олдов. Мөн гэрийн хонгилд хураалттай новшин доороос Кейти Каррен охины цогцос гарчээ. Померойг хоёр хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган цаазаар авах ял ногдуулсан ч насанд хүрээгүй гэсэн шалтгааны улмаас бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байдаг. 11 настай алуурчин 72 насалж сэтгэцийн эмнэлэгт нас баржээ.
Мэри Белл
Мэри Белл буюу “чөтгөрийн үр төл” гэх хостой болсон энэ охин 1957 онд Английн Ньюкасл хотод төржээ. Биеэ үнэлэгч эх, архичин хойд эцэгтэй өссөн Меригийн оюун санаанд гэр бүлийн хүмүүжил асар их нөлөөлсөн нь мэдээж. Түүний сэтгэцийн өөрчлөлт багаасаа мэдэгдэж байсан гэдэг. Мери хэзээ ч гэр бүлийнхэнтэйгээ ширээний ард хамтдаа суун хооллодоггүй байжээ. Тавагтай хоолоо булангийн түшлэгтэй сандлын доор тавихыг шаарддаг байсан гэдэг. Өөрийг нь тэвэрч үнэсэх, эрхлүүлэхэд дургүй, хүмүүсийн бэлэглэсэн даашинз, туузыг урж тастдаг байв.1968 оны хавар Ньюкасл хотын нэгэн дүүрэгт золгүй явдлууд ар араасаа гарах болжээ. Тавдугаар сарын 11-нд Мэри охин болон түүний найз Норматай дээвэр дээр тоглож байсан гурван настай хүү унаж, хүнд бэртжээ. Удалгүй цагдаагийн газарт гурван охины ээжүүд хандсан байна. Тэд “Мэри Белл тоглож байхдаа манай хүүхдүүдийн хоолойг боосон ” гэж мэдүүлжээ. Цагдаагийн ажилтан охины гэрт очиж, бусад хүүхэдтэй хэрхэн харилцаж, яаж тоглож байх талаар заавар зөвлөгөө өгөөд явжээ. Тавдугаар сарын 25-нд хэдэн хөвгүүн эзэнгүй байшинд тоглож байгаад дөрвөн настай Мартин Брауны цогцсыг олов. Энэ явдлаас хэд хоногийн дараа Мэри талийгч хүүгийн гэрт ирээд “Мартиныг харж болох уу” гэсэн байна. Хүүгийн ээж Мартинг нас барсан гээд уйлахад Мэри харин“Би мэднэ ээ. Би Мартиныг авсанд байгааг харах гэсэн юм” гэж хэлсэн байдаг. Зургадугаар сарын 31-нд гурван настай Брайн Хоу хүү алга болов. Түүнийг хайж байх явцад Мэри охин “Брайныг барилгын блокуудын ойролцоо харсан” гэж эгчид нь ярьжээ. Хүүгийн цогцсыг Мэригийн заасан газраас олоход боомилуулж алуулсны хажуугаар хажуугаар гэдсэн дээр нь хурц үзүүртэй зүйлээр “ М” үсэг сийлсэн байлаа. Шинжээчид хохирогчийн бие дээрх гэмтлийг шинжиж үзээд уг хэргийг турь муутай хүн үйлдсэн гэж дүгнэжээ. Ингээд даруй Мэри Беллийг сэжиглэсэн аж.11настай Мэри Беллийг байцаахаар цагдаагийн газарт авчрахад тэрбээр нэн даруй өмгөөлөгч шаардсан гэдэг. Харин үргэлж хамт явдаг Норма охин мэдүүлэг өгч эхэлжээ. Хэрэг гардаг өдөр Мэри, Норма хоёр хамт явж байгаад барилгын бетонуудын ойролцоо Брайн хүү ганцаараа тоглож байгааг харж. Тэд жаал хүүг зодохоор очсон боловч Мэри шууд л багалзуурдсан байна. Норма айсандаа зугтчихжээ. Түүнийг эргэж ирэхэд хэдийнээ үхдэл болсон хүүгийн гэдсэн дээр Мэри хайчаар “М” үсэг сийлж байжээ.1968 оны арван хоёрдугаар сард Английн шүүх Мэри Беллийг буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноожээ. Харин Нора охиныг буруугүй гэж үзсэн тул шийтгүүлээгүй аж.
Роберт Томпсон болон Шон Венебле нар.
1993 оны хоёрдугаар сарын 23-нд Английн Уолтон хотын оршин суугч эмэгтэй Дэнис Балжер найзынхаа хамтаар хүнсээ цуглуулахаар дэлгүүр явжээ. Чингэхдээ өөрийн хоёр настай хүү Жеймсыг дагуулав. Эхлээд бүсгүйчүүд хүүхдийн дэлгүүр орж бяцхан Жеймст хувцас худалдан авсан аж. Дараа нь хүнсний дэлгүүрт худалдан авалт хийж, хамгийн сүүлд махны мухлагаар орсон байна. Жеймс их хөдөлгөөнтэй хүүхэд байв. Урьд дэлгүүрүүдэд багагүй түйвээсэн тул түүнийг ээж нь мухалгын гадаа түр үлдээсэн аж. Ердөө таван минутын дараа гарч ирсэн Дэнис хүүгээ олсонгүй. Эрэл хайгуул тэр даруй эхэлжээ. Ойр орчмын дүрс бичлэгийн камераас бяцхан Жеймсыг арав орчим насны хоёр банди дагуулаад явсан нь тогтоогдов. Дээрх хоёр бандийг дүүргийн цагдаагийнхан тэр даруй таньжээ. Тэд бол 10 настай Роберт Томпсон болон Шон Венейбле нар байв. Хоёр банди Жеймсыг чирч гулдарсаар төмөр замын далан тийш аваачин зэрлэгээр зодож алсныхаа дараа гэмт хэргээ нуун далдлан, золгүй явдал болсон мэт дүр зураг гаргахын тулд хүүгийн цогцсыг царги дээр орхисон аж. Бяцхан алуурчид эмзэг гэр бүлээс гаралтай бөгөөд харгис хүчирхийлэл ердийн үзэгдэл байсан орчинд өссөн байв. Тийм дээ ч тэд шүүх хурал дээр огт гэмшсэн шинжгүй, зөвхөн айсан байдалтай байсан гэдэг.Их Британи улс хүүхдийг 10 настайгаас нь эхлэн шүүх хуультай байдаг. Дээрх хоёр гэмт хэрэгтэн насныхаа хувьд хамгийн дээд хэмжээ болох арван жил хорих ял авсан байдаг. Харин 2000 онд Их Британийн шүүх эл ялыг хөнгөвчлөх шийдвэр гаргаснаар Роберт Томпсон болон Шон Венейбле нар суллагджээ. Тэд нэрээ өөрчилсөн бөгөөд оршин суугаа газрыг нь Английн эрх баригчид нууцалж байгаа аж.
Крейг Прайс
1989 оны есдүгээр сарын 4-нд АНУ-ын Уорвик хотын оршин суугч 39 настай Жоан Хитон болон түүний 8-10 насны хоёр охин гэртээ гаднын нөлөөтэйгөөр нас барсан байдалтай олджээ. Хэрэв Жоаныг 60 гаруй удаа хутгалж алсан бол хоёр хүүхдийг тус бүр 30 удаа хутгалсан байв. Алуурчин уг хэргийг улангассан мэт хэрцгийгээр үйлдсэн нь найман настай Мелиссагийн хүзүүнд хугарсан хутга гэрчлэх аж.Цагдаагийнхан алуурчинг ойр орчим амьдардаг хөршүүдийн нэг байх магадлалтай гэж үзжээ. Мөн алуурчин өөрийгөө гэмтээсэн байж болзошгүй хэмээжээ. Мөрдөгчдийн тааварласнаар бүх зүйл болсон байдаг. Тэдний анхаарлыг хохирогчдын хөрш айлын 15 настай Крейг Прайс татсан байна. Тэрбээр баруун гараа боосон байлаа. Прайсынхны гэрт үзлэг хийхэд хүүгийн өрөөнөөс хугарсан хутга, цус болсон бээлий зэрэг илэрчээ. Өсвөрийн алуурчин өөрийнхөө хэргийг тэр дороо хүлээсэн аж. Мөрдөн байцаалтын явцад уг аллага Крейгын хувьд ганц биш нь нотлогдов. Тэрбээр хоёр жилийн өмнө буюу 13 настай байхдаа өөрийнх нь гэрээс нэг гудамжны цаана амьдардаг 27 настай Ребекка Спенсорыг мөн л хорь гаруй удаа хутгалж хөнөөснөө мэдүүлсэн байдаг. Крейг Прайс 16 насаа шоронд угтсан бөгөөд өнөө ч тэндээ хатаж байгаа аж.Эдгээр бяцхан алуурчдын жагсаалтын ердөө эхний хэд л энэ. Хамгийн аймшигтай нь энэ жагсаалт цааш нэмэгдсээр...