Сирид олзолсон “Исламын улс” бүлэглэлийн 800 гаруй босогчийг шилжүүлэн авч, шүүхэд шилжүүлэхийг Европын холбоотнууд, тухайлбал, Британи, Франц, Германд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриаллаа. “Эс бөгөөс бид тэднийг суллана. Гэхдээ эдгээр босогчийг Европоор нэг тарахыг АНУ хүсэхгүй байна” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ. Гадаадын иргэд голдуу тэдгээр босогчийн 600 орчим нь сайн дураар бууж өгсөн бөгөөд тэднийг гэр бүлийнх хамт саатуулж байлгахад хүндрэлтэй болсон гэнэ. Британийн Лондон хотод төвтэй, Сирийн хүний эрхийн төлөө тэмцдэг байгууллагын таамагласнаар “Исламын улс” бүлэглэлд байдаг 40 орчим тонн алтнаас АНУ-д өгөөд явах боломжийг террористуудад өгсөн аж.
Сирийн нутаг дэвсгэрт “Исламын улс” бүлэглэлийн талд байлдаж буй гадаадын үлэмж тооны иргэний олонх нь Европын орнуудын харьяат аж. Тус бүлэглэлийн гишүүн болсон иргэдээ эргэж ирэхэд Европын орнууд харилцан адилгүй ханддаг. 2015 онд тус бүлэглэлд элссэн британи бүсгүй Шамим Бегум одоо харихыг хүсдэг. Гэвч түүнийг эргэн ирвэл Британийн аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзэхээ түшмэд нь мэдэгджээ.
“Исламын улс” бүлэглэлийн гишүүн болсны төлөө Британийн иргэний харьяаллаас гаргах журам ч бий аж. “Жихад (ариун дайн)-ын битлзүүд” хэмээн зард гарсан Александа Котей, Эль Шафи Эльшейх нарын иргэний харьяаллыг өнгөрсөн онд цуцалсан байна. Барьцааны хүмүүсийн амийг хороож буй дүрс бичлэгт тэд байсан нь ийм шийдвэр гаргахад хүрсэн аж. Тэгвэл Францын Хууль зүйн сайд Николь Беллубэ Сирид олзлогдсон 100 гаруй иргэнээ хүлээн авч, шүүхэд шилжүүлэхэд бэлэн буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн. Харин эх орон нь авахгүй босогчид Сирийн цөлд үлдэхээс өөр аргагүй бололтой.
Сири, Иракийн хил дээрх “Исламын улс”-ын сүүлчийн түшиц газруудын нэг рүү АНУ-ын дэмждэг курдийн анги нэгтгэлүүд давшиж буй үед Д.Трамп дээрх уриалгыг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Америкийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ “24 цагийн дотор “Исламын улс” бүлэглэлийг ялснаа зарлана” хэмээн мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд Цагаан ордноос ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. “Ардчилсан Сирийн хүчнүүд”-ийн командлагчдын нэг Жия Фурат өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэнээр “Исламын улс”-ын босогчид Ирактай залгаа хилийн Эль-Багуз хотод 700 ам метр газар нутагт бүслэгдсэн байгаа аж. Түүний хэлснээр эл газарт байгаа жирийн олон мянган иргэнийг босогчид амьд бамбай болгон ашиглаж буй гэнэ.
СИРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Ирактай залгаа хилийн ойролцоо, Сирийн зүүн нутаг дахь “Исламын улс”-ын түшиц газрын төлөө ширүүн тулалдаан болж буй тухай АНУ-ын дэмждэг, Сирийн сөрөг хүчнүүд долоо хоногийн өмнө мэдээлжээ. Хоёр жилийн өмнө “Исламын улс” Сири, Иракийн томоохон газар нутгийг хянадаг байсан. Харин одоо тус бүлэглэлээс үлдсэн хүчнүүд Сирийн Дейр-эз-Зор мужид бага хэмжээний газрыг хяналтдаа байлгаж буй. Сүүлийн саруудад “Сирийн ардчилсан хүчнүүд”-ийн босогчид Америкийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр Сирийн зүүн хойд нутгийн хот, тосгоноос “Исламын улс” бүлэглэлийнхнийг шахан гаргаж байгаа юм.
ҮЛДСЭН БОСОГЧИД
Ирак, Сирид үлэмж хохирол амссан “Исламын улс”-ын эгнээнд одоо 14-18 мянга орчим босогч байгаагийн 3000 орчим нь гадаадын иргэн болох тухай НҮБ мэдээлжээ. Тус бүлэглэл Афганистан, Египет, Ливи, Зүүн Өмнөд Азид болон Баруун Африкийн орнуудад олон дагагчтай. Тэрчлэн эл бүлэглэлийн үзэл суртлын нөлөөнд орсон хүмүүс террорист болох нь цөөнгүй байдаг.