NBA-ийн 68 дахь удаагийн “Бүх оддын тоглолт” Шарлотт хотод болж байна. Сагсан бөмбөгийн их баяр хэмээдэг эл арга хэмжээний эхний өдрүүдийн уралдаан, тэмцээний тоймоос сонирхуулъя.
РЭППЕР QUAVO АМЖИЛТАА ДАВТЛАА
“Бүх оддын тоглолт” бол жинхэнэ шоу гэдгийн нэг илрэл бол алдартнуудын тэмцээн юм. Сагсан бөмбөгийн “хобби”-той урлаг, спортын одод оролцсон эл тэмцээнд “Эзэн” баг 82:80-аар ялжээ. Рэппер Quavo 27 оноо авч өнгөрсөн жилийн нэгэн адил бүх оролцогчийг тэргүүлсэн бол “Үнэ цэнтэй тоглогч”-оор хошин шогч Famous Los (22 оноо) тодров. NBA-ийн домогт мэргэн бууч Р.Аллен “Зочин” багийн бүрэлдэхүүнд тоглож, 24 оноо авсан байна.
ЗАЛУУ ОДДЫН ТУЛААНД АМЕРИКЧУУД ИЛҮҮРХЭВ
NBA-т эхний болон хоёр дахь улиралдаа тоглож байгаа шилдэг залуус АНУ болон Дэлхийн шигшээ багт хуваагдан өрсөлдлөө. Өнгөрсөн жил “гадаад” залууст 30 онооны зөрүүтэй ялагдаж байсан америкчууд энэ удаа хариугаа авчээ. Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Лейкерс”-ийн довтлогч К.Кузма шалгарав.
АНУ шигшээ-Дэлхийн шигшээ
161:144 (81:73, 78:73)
АНУ: Кузма (35+6 самбар), Тэйтум (30+9 самбар), Янг (25+7 самбар+10 дамжуулалт), Митчелл (20+7 самбар+9 дамжуулалт+5 бөмбөг таслалт), Бэгли (14+5 самбар)
Дэлхий: Симмонс (28+5 самбар+6 дамжуулалт), Маркканен (21+6 самбар), Эйтон (15+8 самбар), Богданович, Гилжесс-Александр (хоёул 15+5 самбар+6 дамжуулалт)
СЭРГЭЛЭН Ж.ТЭЙТУМ
“Бостон селтикс”-ийн Ж.Тэйтум үнэхээр одтой, сэргэлэн залуу гэдгээ “Ур чадварын тэмцээн”-д харуулав. Тэрбээр тэмцээний турш гурван өрсөлдөгчтэй (М.Конли, Н.Йокич, Т.Янг) тулахдаа бүгдэд нь хожигдож болох байсан ч тухай бүр ялж чадсан юм. Ялангуяа аваргын төлөө эцсийн шатанд Т.Янг гурван онооны шугам дээр түрүүлж очсон учир манлайлах илүү боломжтой байсан ч Ж.Тэйтум гүйлт дундаа талбайн голоос бөмбөгөө шидэж оруулснаар аваргаллаа.
2003 оноос “Бүх оддын тоглолт”-ын хөтөлбөрт багтсан уг тэмцээний хамгийн дурсгалтай мөчийн эзэн нь ийнхүү Ж.Тэйтум болов.
Ж.ХАРРИС БОЛОМЖОО АШИГЛАВ
Гурван жилийн өмнө багаасаа хасагдаж байсан Ж.Харрис өчигдөр NBA-ийн түүхэн дэх гурван онооны шидэлтийн хамгийн шилдэг мастерыг яллаа. Тэрбээр гурван онооны шидэлтийн тэмцээний эхний шатанд 25 оноо, финалд 26 оноо авснаар эл төрөлд аваргалсан юм. Финалд “Уорриорз”-ын лидер С.Көрри 24 оноо авснаар хоёрдугаар байрт орсон.
“Бруклин нетс” багийн бүрэлдэхүүнийг авч үзвэл олонх нь ямар нэг багаас хасагдсан, хоёр дахь боломжоо ашиглахыг хичээж байгаа тоглогчид. Би ч тэднийг нэг. Гэвч “Нетс” багт ирсэн нь миний хувьд тун азтай явдал болсон” хэмээн Ж.Харрис ярьжээ. Тэрбээр энэ улиралд холын зайн шидэлтийн 47 хувиа оновчтой болгож байгаа агаад эл тэмцээнд оролцох урилга авахын тулд өөрийгөө сурталчилсан дүрс бичлэг хийж, интернэтэд байршуулсан нь үр дүнгээ өгсөн гэнэ.
ОДДЫН ДЭЭГҮҮР ҮСРЭГЧ Х.ДИАЛЛО
“Бүх оддын тоглолт”-ын хөтөлбөрүүдээс үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг “нисдэг” сагсан бөмбөгчдийн тулаанд М.Брижис (Шарлотт), Д.Смит (Нью-Йорк), Х.Диалло (Оклахома), Ж.Коллинз (Атланта) нар оролцов.
Тэдний үзүүлбэрээс үзэгчдийн сонирхлыг хамгийн их татаж, бүтээлч байдлаараа ялгарсан нь “Тандер” багийн залуу хамгаалагч Х.Диаллогийнх, тодруулбал, түүний багийнх байв. Тэрбээр багийн анд Р.Уэстбрукийн дамжуулалтаар тохож, нэрт төвийн тоглогч асан Ш.О`Нил, рэппер Quavo-г үзүүлбэртээ урьсан. Ялангуяа аварга Шакийн дээгүүр үсрээд, цагаригт тохойгоо “дүрсэн” тохолтоороо тэрбээр үзэгч, шүүгчдийг байлдан дагуулсан билээ.
Өнөөдөр “Бүх оддын тоглолт”-ын гол арга хэмжээ болох “Леброны баг”, “Яннис баг”-ийн халз тулаан “Spectrum сenter” ордонд болно.
“Бүх оддын тоглолт”-ыг тодотгох сонирхолтой баримтууд
- Шарлотт хот 1991 онд тус тоглолтыг зохион байгуулж байв.
- Шарлотт хотын “Charlotte сhristiаn school” дунд сургууль хамгийн алдартай төгсөгч болох С.Көрригийн “20” дугаарыг мөнхлөв.
- Нийт 44 улсын хэвлэл мэдээллийн 350 ажилтан Шарлотт хотод хүрэлцэн иржээ
- “Бүх оддын тоглолт”-ын уралдаан, тэмцээнд 14 улсын 18 легионер оролцож буй нь дээд амжилт боллоо.
- 1991 оны “Оддын тоглолт”-ын MVP болсон Ч.Баркли “34” дугаартай тоглож байснаас гадна “Turner sports” суваг 34 дэх жилдээ уг наадмыг сурвалжлав.
- “Оддын тоглолт”-ын явцад NBA, WNBA-ийн тоглогч, амьд домгууд олон нийтэд чиглэсэн 35 арга хэмжээнд оролцоно.
- Тус наадмын үеэр болдог “Basketball without border global camp” арга хэмжээнд 31 улсын 63 хөвгүүд, охид хамрагдав.
- Залуу оддын тоглолтод оролцсон “Дэлхийн баг”-ийн 10 тоглогч бүгд өөр улсыг төлөөлсөн.
- “Даллас”-ын домог Д.Новицкий “гурван онооны шидэлт”-ийн тэмцээнд анх оролцох үед тус тэмцээнд өнгөрсөн жил түрүүлсэн Д.Букер гурван настай байжээ.
- “Леброны баг”, “Яннисийн баг”-ийнхан шагналын сангийн 500 мянган доллароо Шарлотт хотын буяны байгууллагуудад хандивлана.
- “Сан-Антонио спөрс” баг “Оддын тоглолт”- од 21 жил дараалан тоглогчоо илгээж, дээд амжилт тогтоов.