Хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 24-ний өдөр Лос-Анжелес хотод кино ертөнцийн хамгийн алдартай, нэр хүндтэй үйл явдлын нэг Оскарын шагнал гардуулах ёслол болно. 91 дэх удаагийн эл арга хэмжээ хөтлөгчгүй байх нь. Анхандаа ёслолыг хошин шогийн жүжигчин Кевин Харт хөтлөх төлөвлөгөөтэй байсан ч түүний өмнө нь бэлгийн цөөнхийг доромжилсон хошигнолд олон нийт дургүйцлээ илэрхийлсний дараа жүжигчин эр эл үүргээсээ татгалзжээ. Мөн Кино академи уг арга хэмжээний дүрэмд зарим өөрчлөлтийг оруулжээ. Жишээ нь ёслолын арга хэмжээг гурван цаг л цацах аж. Үүнийгээ зохион байгуулагчид цацалтын үнэлгээ сүүлийн хэдэн жил байнга унасантай тайлбарлаж байна.
Үүнээс гадна өндөр орлоготой кино бүтээлүүдийг шалгаруулан хамгийн олонд хүрсэн кино гэсэн шагналын шинэ төрөл нэмэгдсэн авч шүүмж, судлаачдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан тул Кино академи энэ жилдээ тус шагналыг түдгэлзүүлсэн аж.
Нэр дэвшигчид өнгөрсөн сард тодорсон бөгөөд нийт 18 бүтээл 25 нэр төрөлд өрсөлдөж байна. Энэ жилийн Оскарыг хэд хэдэн бүтээл зуузай холбон өнгөлж байгаа ч тэдэн дундаас Мексикийн “Roma” (Мексик орны нийгэмд 1970-аад оны үед гарсан үйл явдлыг жирийн нэг дундаж гэр бүлийн амьдрал дээр харуулсан эл бүтээл Венецийн кино наадмын гол шагнал “Алтан арслан”-г хүртсэн) болон Английн уран бүтээлчдийн “The Favourite” (Ивээгдсэн хүн) кинонууд 10 нэр төрөлд дэвшээд байна.
Холливудын од жүжигчин Брэдли Куперын найруулж, гол дүрд нь Лэди Гага тоглосон “A Star Is Born” (Од төрлөө) кино америкчуудын хувьд их найдвар төрүүлээд байгаа бөгөөд дээрх хоёр бүтээлийн араас нэхэн 8 нэр төрөлд дэвшжээ. “Vice” (Эрх мэдэл) хэмээх инээдмийн кино Бредли Куперийн бүтээлтэй адил 8 нэр төрөлд дэвшсэн байна. Инээдмийн кино ийнхүү шагналын олон нэр төрөлд дэвшсэн тохиолдол цөөн байдгаараа онцлог гэж болно.
Харин Монголын үзэгчдийн байлдан дагуулсан “Bohemian Rhapsody” (Богемын аялгуу) кино 5 нэр төрөлд өрсөлдөж байна. Энэ жилийн гадаад хэл дээрх шилдэг кинонд Польш, Герман, Мексик, Япон дөрвөн улс сойгджээ.