Төв аймгийн Эрдэнэ сум. 2019-02-12
АНУ-д хэт хүйтэрч, халуун дулаан Хавай мужид нь хүртэл түүхэндээ анх удаа цас оржээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ийм үзэгдлүүд Монгол орныг ч тойроогүй, өвөл хэт хүйтэрч, зундаа хэт халах үзэгдэл ажиглагдах болсныг олон нийт мэдэж буй биз ээ. Азаар өнгөрсөн өвөл харьцангуй дулаан байсан ч цас бараг унасангүй. Цас орохгүй хэрнээ маш их хүйтэрч, малын өвс тэжээл хомсдохыг харын зуд хэмээдэг. Харьцангуй дулаан байсан нь харын зуд нүүрлэх аюулаас аварч, ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй өвөлжсөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Гэсэн ч хаврын эхэн сар гарч, мал төллөхтэй зэрэгцэн цочир хүйтэрч, зарим аймгийнхныг сандаргаад эхэллээ.
Бэлтгэсэн: М.ОЧ
Мал усгүйдэж, хаваржилт хүндрэх төлөвтэй байна
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн тэргүүтэй холбогдох байгууллагынхан хамтран өнгөрсөн арванхоёрдугаар сард зудын эрсдэлийн зураг боловсруулсан. Уг зургаар нийт нутгийн 20 хувьд зуд болох магадлалтай, бусад газарт өвөлжилт, хаваржилт хэвийн байна гэсэн дүн гарсан юм. Энэхүү 20 хувьд хамаарсан Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг баруун бүсийн зарим аймгийн нутагт өдгөө хаваржилт хүндэрч, 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Үүнээс Увсын Зүүнговьд 24, Улаангом, Хяргас, Малчинд 20, Баруунтуруунд 19 см цас тогтсон нь дээд үзүүлэлтэд тооцогдож буй юм байна. Энэ нь хаваржилтад сөргөөр нөлөөлж байгааг орон нутгийнхан хэлсэн.
Гэтэл нөгөө талд бусад аймаг, сумын нутаг огт цасгүй байгаагаас мал өлдөж, ойрын хугацаанд хур тунадас унахгүй бол сүргээ усаар хангаж чадахгүйд хүрэх аюул нүүрлэжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нийт нутгийн 50 хувьд нь цасан бүрхүүл тогтсон байсан. Цас нэмж ороогүйгээс эл тоо улам уруудаж, өдгөө 30 хувьд ч хүрэхээргүй болжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газрынхны хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиход зарим айл малдаа ус зөөж байжээ. Орон нутгийн удирдлага, малчид, иргэд худаг, уст цэгийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг салбарын яаманд ирүүлэх болсон аж. Тиймээс дээрх яамнаас зарим аймаг, сумд ундны ус, зөөврийн автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрийг хангах саналыг Улсын онцгой комисст уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Эл асуудлын талаар албаныхан “Дорвитой арга хэмжээ авч, худаг, уст цэгийг хангалттай хэмжээнд хүртэл олшруулах ёстой, цаашлаад мал аж ахуйгаа цаг агаарын нөхцөл байдлаас хараат болгох шаардлага тулгарлаа” хэмээж буй юм. Харин ойрын хугацаанд ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Цас орж, мал ундлаасай хэмээн тэнгэрт найдахаас өөр аргагүй бололтой.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Эрдэнэ сумынхан бэлтгэлээ сайн хангажээ
“Хургыг нь тавьж өгчихөөд байхад энэ хэдэн хонь майлалдаж гэр рүү хошуураад байх юм” гэсээр Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн малчин Б.Лхагвасүрэн биднийг угтлаа. Түүний хадам ээж М.Лхамжав гуай 1985 онд сум, нэгдлийн, 1989 онд улсын аварга малчин болж байжээ. Өдгөө 93 настай М.Лхамжав хүү, бэр хоёртойгоо хоёр гэрээр өвөлжин, хавартай золгосон аж. Тэрбээр Улаанбаатараас 100 орчим км-ийн зайтай уулын энгэр, нар ээвэр, дулаахан эл өвөлжөөнд 1981 оноос нутагласан гэнэ. Аргал, хорголоор дүүрч, малын хөлөөр борлож бараантсан хот, хашаа хороо, пүнз, саравч, илүү гэр, машин, мотоцикл, нарны зай хураагуур, сансрын антен зэрэг орчин үеийн малчдын нийтлэг төрхтэй эдний хот айл 60 орчим үхэр, 10 гаруй адуу, 300 богтой. Одоогоор бог, хээлтэй үнээгээ хариулж, бусад үхэр, адуу нь ууланд байгаа гэлээ. Өнгөрсөн зун бороо их орж, хөрс чийг сайн авсан тул намар орой болтол газар ногооноороо байсан аж. Цас багатай, харьцангуй дулаахан өвөл болжээ. Тиймээс ч одоо хүртэл мал идэх өвстэй байж, тарга сайтай онд орж, жилбэтэй байгааг хэлсэн. Тэднийх цөөвтөр малынхаа тоонд тохируулж өвс, тэжээл базаасан бөгөөд эрт төллөсөн хонио бэлчээлгүй тэжээж байгаагаа дуулгасан юм. Одоогоор 10 орчим хонь нь хургалжээ. Мал төллөөд эхэлчихсэн, эсэхийг асуухад гэрийн эзэгтэй “Уг нь төллөх болоогүй. Гуравдугаар сараас эхэлдэг юм. Зун “золиг”-ийн хурган хуц харайснаас болж аль арванхоёрдугаар сарын эцэст хэдэн хонь хургалчихаад байгаа нь энэ. Төлийг нь гэрт хонуулж, нэмнэж байж торниуллаа. Хонио ч тэжээж байна. Хургыг нь хашчихаар энэ хэд нэхээд сүйд болдог юм” гэлээ.
Ер нь, сүүлийн жилүүдэд малчид малаа бэлчээрлүүлж идүүлэхээс гадна тэжээдэг болсныг тэрбээр хэлсэн юм. Аль ч малчных намартаа өвс хадаж, тэжээл бэлтгэж, заримдаа сумын нөөцөөс худалдан авдаг гэнэ. Дулаахан өнтэй өвөл болсон тул одоогоор хүн, мал зутраагүй сайхан байна. Өнгөрсөн 3-4 жил малаа тарга тэвээрэгтэй онд оруулахаар өвөлдөө отор хийн аймгийнхаа зарим сум, багаар нутаг сэлгэж өвөлждөг байсан бол энэ жил нүүдэл хийгээгүй аж. Өөрийнх нь хэлснээр насаараа мал дагасан М.Лхамжав эмээ зүгээр суухгүй орж,
гарч, мал ахуйдаа хамжилцан бэрдээ нэмэр болж буй. Түүний хүү буюу гэрийн эзэн өвөл ачааны машинаараа “халтуурт” явчихдаг тухай тэрбээр дуулгасан юм. Ерөнхийдөө цөөн малтай тул хүн хүчгүйдэх зовлонгүй, зун болон гуравдугаар сар гарч мал төллөх үеэр сургуулийн хүүхдүүд нь амраад гэртээ ирчихдэг учраас нэмэр болчихдог гэдгийг ч хэлж байв. М.Лхамжав “Энэ өвөл төдийлөн хүйтэрсэнгүй, сайхан байлаа. Цас их ороогүй ч газар тарлан, чийгтэй байж бог цангасангүй. Үхрээ худгаас усалчихдаг. Цаг агаарын мэдээ сонсоход ойрд дулаахан байх бололтой. Олон хоног хавсарга тавьчихгүй бол сайхан хавар болох төлөвтэй. Цөөн малтай болохоор санаа зовох юм бага, хүүхдүүдтэйгээ нийлээд болгодог. Хаврын бэлтгэл, хаваржилтаас илүү бэлчээр хомсдож буй нь асуудал болоод байна. Мал нутаглах газаргүй болж байна шүү дээ. Эргэн тойрон жуулчны бааз. Том хэмжээтэй хашаа хатгаж, хүн, мал зүглүүлэхгүй хөөж тууна. Төрөл бүрийн, гадаад нохой тэжээнэ. Тэд нь мал мэдэхгүй, барьчих гээд хэцүү юм. Энэ янзаараа амралт, зочид буудлын тоо нэмэгдсээр байвал мал бэлчээргүй, малчид амьдрах газаргүй л болох байх” хэмээн халаглав.
1990 оноос өмнө мал эмнэлгийн үйлчилгээ сайн, хашаа хороо барьж, худаг гаргахад улсаас дэмжиж тусалдаг байсан ч малчид цаг наргүй хөдөлмөрлөж багаар бодоход 1-2 суурь мал (нэг суурь 600-700 малтай) малладаг байсан талаар тэрбээр ярив. Мөн малаас авах төлийн тоог хувиар тооцдог байсан бөгөөд 100 эх малаас 95-аас дээш тооны төл бойжуулсан амжилтыг 3-5 жил дараалан үзүүлснээр улсын аварга малчин болсноо ч дурссан юм. Түүнчлэн тэднийх сүүлийн жилүүдэд малынхаа тоонд бус, чанарт анхаарал хандуулж сүүний чиглэлийн эрлийз үхэр өсгөж буй бөгөөд цаашид цөөн тоотой, чанартай малтай болохыг зорин, төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ орон нутгийнхаа удирдлагад удаа дараа гаргасан гэлээ.
Тэднийхтэй саахалтын зайтай газарт аймгийн аварга малчин С.Батмөнхийнх хаваржиж байв. Тэрбээр энэ жил хотод өвөлжсөн бөгөөд хүү Б.Мөнхбаатар нь мал маллаж буй аж. Эднийх 600 орчим бог, 100 үхэр, цөөнгүй адуутай. Хаваржилтын бэлтгэлээ хэрхэн базаасан талаараа тэрбээр “Манайх 800 боодол өвс, 10 орчим “Портер” тэжээл бэлтгэсэн. 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад газрын гарц муу, өвс шимгүй болсныг олон хүн хэлэх байх. Тиймээс малчид бүх малдаа нэмэлт тэжээл өгдөг болсон. Өнгөрсөн өвөл өнтэй сайхан байлаа. Хаваржилт төдийлөн хүндрэхгүй болов уу” гэсэн юм.
Төв аймгийн Эрдэнэ сумд 686 малчин өрх 195 000 гаруй малтай өвөлжсөнөөс 92 000 нь хээлтэй мал аж. Мал хараахан төллөж эхлээгүйг сумын удирдлага хэллээ. Малчид өвөлжилтийн бэлтгэлээ 91 орчим хувьтай хангаж 8000 тонн өвс бэлтгэжээ. Одоогоор сумын аюулгүйн нөөцөд 70 тонн өвс бий гэлээ. Цаг агаар хүндрээгүй тул он гарсаар зургаан айл л өвс худалдан авсан юм байна.
Бэлтгэсэн: С.ЦЭРЭНДУЛАМ
ИНФОГРАФИК
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
М.АЛТАНЦЭЦЭГ (Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Аймгийн хэмжээнд 10 сумд хаваржилт хүндэрсэн. Шинийн нэгнээс хойш цас орж, нийт нутгаар хүйтэрлээ. Өнгөрсөн зун, намар бэлчээрийн гарц муутай байсан. Үүн дээр цас орж, улам хүндрүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газраас баг гарган ажиллаж эхэллээ. Хаваржилт хүндэрсэн 10 сумд дөрвөн ажлын хэсэг гарч, нөхцөл байдалтай танилцахаар явж байна. Би Өлгий, Өмнөговь, Тариалан сумд очоод ирлээ. Сум, баг, аймгийн Онцгой байдлын газраас өвс, тэжээлийн нөөц гаргаад бараг дууссан. Үлдсэн цөөхөн тонн өвс, тэжээл хаанаа ч хүрэлцэхгүй боллоо. Манай аймаг 19 сум, 3.1 сая малтай. 1000 давсан малтай айл нэг багт л гэхэд 30-40 байгаа тул өвс, тэжээлийн нөөц хүрэлцэхээргүй. Бог мал төллөж буй ч ямаа хээл их хаях болсон. Бод мал дөрөвдүгээр сарын 8-10-нд төллөж эхлэх байх.
Б.БАТСАЙХАН (Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Манай аймагт хаваржилт хэвийн байна. Сар шинийн өмнө багахан цас орсон ч явган шуурга шуураад, эргээд цасгүй болчихлоо. Цагаан-Уул, Баяндун сумын хэсэг багт зурвасхан цастай байгааг эс тооцвол нийт нутгаар цасгүй өвөлжлөө. Бод мал төллөж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жилд байгаагүй сайхан зун болсон учраас өнгөрсөн намар хадлан, тэжээл сайн базаасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан уралдаанд Баяндун сумын Түргэн баг хадлан тэжээлийн бэлтгэлээр улсдаа тэргүүлсэн. Одоохондоо нөөцийн өвсөө гаргаагүй, мал төллөх үеэр бог мал, үхэрт бага зэрэг тэжээл өгөх байх.
Б.СОЛОНГО (Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Тосон-цэнгэл, Тэлмэн зэрэг сумд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Өнгөрсөн өвөл цас орж дагтаршсан, мөн сар шинийн үеэр нэмж орлоо. Энэ сарын 20-ноос мал төллөж эхэлнэ. Өвс, тэжээлийн нөөц хүрэлцэхүйц байна. Хаваржилт хүндэрсэн сумуудаас өвс, тэжээлийн захиалга авна. Мөн малчдын бэлтгэсэн хадлан, тэжээл ч бий. Өнгөрсөн зун оройтож бороо орсон тул газрын гарц муу байсан. Үүн дээр цас орсноос хаваржилт хүндрэх төлөвтэй боллоо.
А.ТОГТАУ (Баян-Өлгий аймгийн Мал үржлийн албаны дарга):
-Сүүлийн хоногуудад цас их орлоо. Өнгөрсөн зун зуншлага тааруу, газрын гарц муу байсан. Одоогоор Толбо, Алтай, Буянт, Цэнгэл, Сагсай, Баяннуур зэрэг сумд хаваржилт хүндэрсэн. Он гарснаас хойш 9676 мал зүй бусаар хорогдож, 15 500 эх мал хээл хаясан дүн бий. Ялангуяа гүү, ямаа хээл хаях нь элбэг байна. Малчид 63.4 мянган тонн хадлан, 7848 тонн гар тэжээл бэлтгэснээс 70-80 хувийг нь зарцуулсан. Сумын аюулгүйн нөөцөд 530 гаруй тонн өвс, 145 тонн тэжээл бэлтгэсэн ч дууслаа. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, хаваржилт хүндэрсэн сумуудад аймгийн нөөцөөс өвс, тэжээл өгөх шийдвэр гаргасан. Цаашид улсын нөөцөөс авах шаардлагатай тул Засгийн газарт хүсэлт гаргасан байна. Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц сумын нутагт цас бага, бусад сумын нутгаар битүү цасан бүрхүүлтэй. Тал газартаа 1-21, уулархаг нутаг, гуу жалгаар 60-70 см цас хунгарласан. Манай аймаг уулархаг нутаг учраас өвс тачирхан ургаж, ялимгүй цас ороход л бэлчээр хомсоддог.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
-Нийт нутгаар дулаан, цас багатай өвөлжлөө. Харин Цагаан сарын үеэр хүйтний эрч нэлээд чангарч, одоо ч сулраагүй байна. Энэ нь хаваржилтад сөргөөр нөлөөлөв үү?
-Өвлийг өнтэй давлаа. Энэ нь 2018 онд малчид, холбогдох байгууллагууд өвөл, хаврын бэлтгэлээ сайн базаасны үр дүн. Ялангуяа малчид хадлан, тэжээлээ маш сайн бэлдсэн. Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай ярихад сумуудын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг саяхнаас л малчдад худалдаж эхэлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийнхан нөөцөлсөн өвс, тэжээлээ өдий хүртэл ашиглаагүй байснаа одоо л гаргаж буй юм. Үүнтэй холбоотойгоор зах зээлд өвс, тэжээлийн үнэ нэмэгдээгүй. Өмнөх жилүүдэд орон нутгийнхан бүх нөөцөө дуусчихсан, яамныхан өвс, тэжээлийн үнэ зохицуулах гэж маш хүнд асуудалтай тулгардаг байлаа шүү дээ. Гэхдээ хаваржилт хэвийн гэж хэлэхэд учир дутагдалтай. Хэд хэдэн асуудал бий. Жишээ нь, Баян-Өлгийнхөн гэхэд аймгийнхаа нөөцийн өвс, тэжээлийг худалдаж эхэлсэн. Хүйтний эрч нэлээд чангарсан гэх мэдээлэл ч ирлээ. Увс аймагт Цагаан сарын өмнөх хоёр хоногт цасаар шуурч, 500 гаруй мал хорогдсон.
-“Цас бараг унаагүйгээс мал усгүйдэж байна” гэж малчид ярих боллоо. Үүний эсрэг арга хэмжээ авч байгаа юу?
-Монгол мал өвөлдөө ихэвчлэн цасаар ундалдаг. Гэтэл энэ өвөл хур тунадас бага унасан учраас усгүйдэж, өлдөж байгаа. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхантай ярихад цас тун бага, гуравхан сумын нутаг л цастай гэлээ. Бэлчээр, ус гэдэг хоёр хүчин зүйл хаваржилтад шууд нөлөөлдөг. Гурав дахь хүчин зүйл нь үлийн цагаан оготно. Манай улс бэлчээрийн болон хадлангийн 112 сая га талбайтай. Үүний 45 сая га-д нь үлийн цагаан оготно, царцаа тархсан. Нийт талбайн 40 гаруй хувь гэсэн үг шүү дээ. Үүнээс болж бэлчээрийн даац нэлээд муудсан. Бид жилд 700-800 мянган га талбайн үлийн цагаан оготно, царцааг устгадаг. Гэсэн ч энэ бол маш бага тоо.
Нөгөө талаар цас орохгүй, хуурай байвал хөрс их элэгдэнэ. Бид Цагаан сарын өмнөхөн Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахад маш их шуурсан. Түвшинширээ, Мөнххаан, Уулбаян сумд хүчтэй шуурсны улмаас хөрс нэлээд суларсан гэсэн мэдээлэл авлаа. Орон нутгийнхан “Намар цас орж, ургамлын үндсийг дараагүй учраас хүчтэй салхи шуурганд өвс үндсээрээ хийсэж, хөрсний үржил шим алдагдлаа” гэж ярьж байна. Ховд аймгийн Мөнххайрхан ууланд бас Цагаан сарын өмнөхөн хүчтэй шуурсан. Малчид болон яамныхан бидний хүч хүрэхээргүй хүндрэлтэй асуудлууд тулгарч буй. Уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуйн үйлдвэрлэлд ихээхэн эрсдэл учруулах болсон. Цаашид дээрх асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ чиглэлээр бид даацтай томоохон ажлууд хийж чадахгүй байгаа нь үнэн.
-Улсын хэмжээнд хэчнээн худаг байдаг вэ. Нийт малынхаа хэдэн хувийг услах хүчин чадалтай юм бол?
-Монгол орны хэмжээнд инженерийн хийцтэй худаг 13 600 бий. Үүнээс гадна иргэдийн эзэмшлийн 30 000 гар худаг байдаг. Эдгээр худгаас 30 орчим сая мал л услах боломжтой. Гэтэл манай улс одоо 66.5 сая орчим малтай. Ийм учраас цаашид цас орохгүй бол мал усаар дутагдаж, хаваржилт хүндэрнэ. Манай яамныхан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс “Малчин лавлах-109” утас ажиллуулж байгаа. Дөрвөн оператортой. Уг утсанд иргэдээс ирүүлсэн мэдээлэл болон орон нутгийн удирдлагын ярьснаар зарим айл 3-5 км явж, нэг хэсэг нь худгаас ус зөөж малаа усалж байна. Үүнийг Засгийн газар, УИХ анхаарах шаардлагатай. Уг нь манай улс 40 сая малаа усаар тогтвортой хангах зорилтыг 2003 онд тавьсан юм. Эл зорилтоо биелүүлэхийн тулд ойрын хугацаанд багадаа 5000 худаг гаргах ёстой. Манай яамнаас 2019 оны улсын төсвийн төсөлд 21 аймгийн 330 сум тус бүрт дор хаяж нэг худаг гаргах санал боловсруулж өгсөн. Гэхдээ батлагдаагүй байна лээ.
-Хэрэв цас орохгүй бол яах вэ?
-Өнгөрсөн оны долдугаар сарын 24-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд орон нутгийнханд зөвлөмж хүргүүлсэн. Тухайн үед Монгол орны хэмжээнд 84 сая мал бэлчиж байлаа. Нэгдүгээрт, мал, махаа зах зээлийн эргэлтэд оруул гэдгийг зөвлөмжид тусгасан. Бэлчээргүй, дээр нь үлийн цагаан оготно олширсон, бас худаг ус хүрэлцэхгүй байгаа учир малаа цөөрүүлж, цаашид нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэхэд анхаар гэсэн юм. Үүний дагуу малчид ч малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, 66.5 сая орчимд хүргэлээ. Одоо орон нутгийнхан, малчид ашиглахгүй байгаа, инженерийн хийцтэй худгуудыг шуурхай засаж, ажиллуулах шаардлагатай. Инженерийн хийцтэй худгийг хайгуул, судалгааны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гаргадаг. Харин сэргээн засах, тохижуулах ажлыг нь орон нутаг, малчид хариуцах ёстой. Гар худаг цөөнгүй бий ч олон мал услах боломжгүй.
-Зарим аймагт мал төллөж байна гэж дуулдсан. Хэчнээн аймгийн малчид шинэ төлөө хүлээн авсан бэ?
-Дөнгөж л эхэлж байна. Дорнод аймагт мал төллөж эхэлсэн мэдээ сая ирлээ. Нарийвчилсан тоон мэдээллийг хараахан гаргаагүй.
-Цаашид тэнгэрийн ааш ямар байхыг цаг уурын байгууллагаас танайд мэдээлсэн үү?
-Цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээллийг байнга авч байгаа. Шороон шуургатай, хуурайшилт ихтэй байна гэсэн. Агаарын температур харьцангуй дулаарах юм билээ. Хур тунадас ч орох төлөв гарсан.
Бэлтгэсэн: Ч.МӨНХ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Умард хөршийн цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ жил хавартай эрт золгосон ч салхи ихтэй байхын сацуу удаан үргэлжилнэ. Энэ байдлаараа өнгөрсөн оны хавартай төстэй байх нь. Гэхдээ өнгөрсөн оны гуравдугаар сараас цаг агаар дулаарсаар зунтай золгосон бол энэ жилийн хоёр, гуравдугаар сард цаг агаар тогтворжихгүй бололтой. Тодруулбал, эл сарын сүүлч, ирэх сарын эхээр бага зэрэг дулаарах боловч гуравдугаар сарын дундуур эргээд хүйтрэх төдийгүй ирэх дөрөвдүгээр сараас нааш хаврын урь орохгүй хэмээн мэдээлжээ. Ирэх тавдугаар сард өнгөрсөн оныхоос нэлээд сэрүүхэн байх төлөвтэй аж. Үүнийг Япон тэнгис орчимд газар хөдлөлт идэвхжихтэй холбон тайлбарлажээ. Тэгвэл өмнөд хөршийн хойд нутгаар Сибирийн хүйтэн агаарын урсгалын улмаас нэлээд хүйтрэх төлөв ажиглагдсан байна.
Бэлтгэсэн: З.ГАЛ