- Европын парламентын сонгууль ойртохын хэрээр Франц, Италийн харилцаа муудсаар байна –
Италийн Ерөнхий сайдын орлогч, Эдийн засгийн хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд бөгөөд “Таван од” хөдөлгөөний удирдагч Луижи Ди Майо Францын шар хантаазтануудын төлөөлөгчидтэй уулзаж, ирэх тавдугаар сард болох Европын парламентын сонгуулийн үеэр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн тухай Францын хэвлэлүүдэд бичжээ.
Энэ уулзалтын дараа Италийн улстөрч тэрбээр твиттер хуудсандаа “Өөрчлөлтийн салхи Альпыг давав” гэж тэмдэглэсэн байна. Үүнийг Францын эрх баригчид мэдээж эрс эсэргүүцжээ. “Тухайлбал, Ди Майогийн дээрх уулзалтыг тус улсын ГХЯ-ны төлөөлөгч хүлээн зөвшөөрөмгүй шинэ өдөөн хатгалга” гээд, Францын дотоод хэрэгт хөндлөнгөөс цаашид оролцохгүй байхыг анхааруулав.
Үнэн хэрэгтээ, Италийн Засгийн газрын өндөр албан тушаалын төлөөлөгчид шар хантаазтануудыг дэмжсэн нь Парис, Ром хоорондын харилцааг хурцатгаж буй цорын ганц хүчин зүйл биш юм. Өөр хүчин зүйл ч бий бөгөөд тэдгээрийн нөлөөгөөр үүссэн хурцадмал байдал Европын сонгуулиуд ойртохын хэрээр хүчээ авах бололтой.
ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИ ХААНААС ДЭГДСЭН БЭ
Улирсан оны намар Францад эхэлсэн, Засгийн газраа эсэргүүцэгч шар хантаазтануудыг дэмждэгээ Ди Майо өнгөрсөн сарын эхээр илэрхийлсэн юм. “Бүү бууж өг!” хэмээн тэрбээр хөдөлгөөнийхөө цахим хуудсанд тэр үед бичээд, шар хантаазтануудын ажиллагааг эхний өдрөөс нь Италиас ажиглаж буйгаа, Францын хотуудын гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэн гарсны шалтгааныг маш сайн ойлгож байгаагаа тэмдэглэжээ. Шаардлага гарсан тохиолдолд шар хантаазтануудыг “Таван од” дэмжихэд бэлэн гэдгээ Ди Майо илэрхийлсэн байна.
Тэгэхэд Ерөнхий сайдын бас нэг орлогч, Дотоод хэргийн сайд, эрх баригч эвслийн “Лига” намын тэргүүн Маттео Сальвини шар хантааз тануудыг дэмжиж буйгаа мэдэгдээд, аливаа хүчирхийллийг эрс, шийдвэртэй зэмлэн буруушаахаа илэрхийлсэн юм. Италийн Засгийн газрын эвслийн удирдагчдын мэдэгдлийг Францад анзааралгүй өнгөрөөгүй бөгөөд эхний удаад их хүлээцтэй хандсан аж.
Харин саяхан Францын ГХЯ-нд Европын хэрэг эрхэлдэг Натали Луазо твиттер хуудсандаа “Франц улс Италийг сургаад өгч болохыг анхааруулж байна. Сальвини болон Ди Майо улсынхаа дотоод хэрэгт анхаарч сурах хэрэгтэй” гэж бичжээ. Францын талын энэ удаагийн хариу их хатуу бөгөөд нухацтай байсан учир Ди Майо цахим хуудсандаа үүнийг бичээд зогсохгүй, Парисын ойролцоо шар хантаазтануудын төлөөлөгчидтэй уулзав.
Үүнд түүний намын хамтран зүтгэгчид, “Иргэний санаачилгын бүх нийтийн санал хураалт” хөдөлгөөнийхөн оролцжээ. “Иргэний санаачилгын бүх нийтийн санал хураалт”-ынхантай шар хантаазтанууд хамтран Европын парламентын сонгуульд оролцож магадгүй. “Le Figaro” сонинд бичсэнээр үйл ажиллагаагаа харилцан зохицуулах асуудлыг тэд хэлэлцсэн гэнэ. Тэрчлэн ойрын хугацаанд Ромд дахин уулзахаар тохиролцжээ.
Ди Майо твиттер хуудсандаа дээрх уулзалтад оролцогчдын зургийг тавьсан байна. “Өөрчлөлтийн салхи Альпыг давав” хэмээн бичсэн нь хоёр утгатай байж болох. Юуны түрүүнд, Италид шар хаантаазтануудыг бэлгэдлээ болгосон өөрчлөлтийг дэмжиж буйн илрэл, нөгөөтээгүүр өнгөрсөн зун төрийн эрхэнд нь Европын Холбоонд үл итгэгч популистууд гарсан Италийн жишгээр Францад өөрчлөлтийн салхи дэгдсэн байж болохын нотолгоо гэлтэй.
Ташрамд хэлэхэд, Францын эрх баригчдад эдгээрийн аль нь ч таалагдаагүй нь мэдээж. “Энэ шинэ өдөөн хатгалгыг Европын Холбооны хөрш хийгээд түнш орнууд хүлээн зөвшөөрөмгүй байсан” гэж Францын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ. “Засгийн газрынхаа бүрэн эрхэд дулдуйдсан Ди Майо Итали, Францын эрх ашгийн төлөө болж буй үйл явдлыг ажиглаж, өөрийнх нь удаа дараагийн хөндлөнгийн оролцоо хоёр талын харилцаанд хор хохирол учруулахгүй байхад анхаарах нь зүйтэй” хэмээн зөвлөсөн байна.
ЦАГААЧЛАЛ БА БУСАД АСУУДАЛ
Францын Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Эмманюэль Макрон Сен-Назер гэдэг боомт хотод болсон арилжаанд оролцохыг Италийн усан онгоцны концернд хориглосон 2017 оны зунаас Парис, Ром хоорондын харилцаа муудсан юм. Э.Макрон дампуурч буй үйлдвэрийг улсын болгохыг илүүд үзэхдээ тийм шийдвэр гаргажээ. Энэ нь Италийн эрх баригчдыг их гомдоосон аж. Тэр тусмаа худалдан авагчийн үүрэг гүйцэтгэж байсан концерны 70 хувь нь төрийн өмч юм.
Өнгөрсөн зун Парис, Ром дахин түнжин хагарч, энэ удаа цагаачлалын асуудал хөндөгдөв. Африкийн цагаачдыг суулгасан усан онгоцыг өөрийн эрэгтээ зангуугаа буулгахыг зөвшөөрөөгүй Италийн эрх баригчдын үйлдлийг Францын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Бенжамен Гриво ичгүүртэй, хариуцлагагүй болохыг тэмдэглэжээ.
Итали улс ийм сургаал хүлээж авахгүй хэмээн Ерөнхий сайд Жузеппе Конте хариуд нь мэдэгдээд, Парисыг уучлалт гуйхыг шаардсан. Италийн Дотоод хэргийн сайд ч ийм шаардлага тавьсан билээ. Тэгэхэд Италийн Ерөнхий сайдын Парист хийх айлчлал цуцлагдах аюултай болсон юм. Ямартай ч Конте, Макрон нар хэлэлцээ хийсэн ч цагаачдын асуудлаарх санал зөрөлдөөн арилаагүй, хоёр талаас хурц мэдэгдэл хийх зэргээр удаа дараа эсэргүүцлээ илэрхийлжээ.
Харилцаагаа олны өмнө тодруулах дараагийн алхмыг өнгөрсөн сард Италийн Ерөнхий сайдын орлогч Ди Майо шар хантаазтануудыг дэмжсэнийхээ дараа хийж, цагаачлалын асуудлаар ээлжит удаа мэтгэлцэхдээ Африкаас өдий болтол гараагүй, урьдын адил тус тивийг колоничилсоор буй улсад хориг арга хэмжээ авахыг санал болгосон байна. Түүний хэлснээр цагаачдын тасралтгүй үргэлжлэх цуваа нь бидэнд сургамж өгөхийг оролдож буй зарим орны үйл ажиллагааны үр дүн юм гэв.
Ди Майо ийм мэдэгдэл хийгээд зогсохгүй, хуруугаараа Парисыг заан, “Франц колонийн зоосон франкаа цутгадаг хэдэн арван улс байсаар буй бөгөөд эдгээр орныг мөлжих замаар гадаад өрөө барагдуулдаг” хэмээжээ. Ерөнхий сайдын орлогч Маттео Сальвини ч дуугүй өнгөрөөгүй бөгөөд “Францын ард түмэн тийм Ерөнхийлөгчтэй байх ёсгүй” гэж мэдэгдсэн байна.
Энэ бүхний дараа Францын эрх баригчдын тэвчээр барагдаж, Парист суугаа Италийн Элчин сайд Тереза Кастальдог “Италийн эрх баригчид хүлээн зөвшөөрөмгүй, ор үндэсгүй мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан” ГХЯ-ндаа дууджээ. Энд тэмдэглэхэд, ийм дипломат эсэргүүцэл нь Европын Холбооны орнууд хоорондын харилцаан дахь маш ховор тохиолдол юм. Тус холбооны гишүүд бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг ямагт хичээдэг.
“Энэ бүхэн сонирхол татахгүй байгаа” учир Италийн улстөрчидтэй олны өмнө мэтгэлцэх бодолгүй байгаагаа Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэхдээ “Италийн ард түмэн бидний анд нөхөр бөгөөд түүхийнх нь өндөрлөгт нийцэх удирдагчидтай байх ёстой” хэмээн тэмдэглэжээ.
СОНГУУЛИЙН ӨМНӨ
Ром, Парис хоорондын харилцааны өөр нэг хөндүүр зүйл нь Италийн төсвийн тухай асуудал байхыг үгүйсгэх аргагүй аж. Эрх баригчид нь хямралаас улсаа гаргаж, эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх найдлага тавихдаа зардлаа нэмж, угаас асар их буй улсын өрөө багасгах талаар санаа тавихгүй байгаа юм.
Үүнийг нь Европын комисс эсэргүүцэн, төсвийг нь батлахаас татгалзаж, төсвийн сахилга зөрчсөн хэмээн хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байна. Гэтэл Ром энэ бүхэнд Францыг буруутгадаг. Учир нь Францын хөрөнгө оруулалтын банкууд Италийн облигацуудын бараг л гол эзэмшигч аж. Францын Ерөнхийлөгч Европт алдартай Ротшильдуудын банкны хөрөнгө оруулалтын ажилтан байсан нь Италийн эрх баригчдын дургүйцлийг улам хөдөлгөдөг юм байна.
Сонирхуулахад, Цагаан ордны тэргүүн Дональд Трампын зөвлөх асан Стив Бэннон огцорсноосоо хойш Европт барууны популизмын үзэл санааг хөгжүүлэхэд төвлөрч ажилладаг болжээ. Францын долоо хоног тутмын “L’Ex-press” сэтгүүлд өнгөрөгч долоо хоногт өгсөн ярилцлагадаа тэрбээр Э.Макроныг утсан хүүхэлдэй гэсэн байв. “Иймэрхүү хүмүүсийг би сайн мэднэ.
1980-аад онд “Goldman sachs” банкны хөрөнгө оруулалтын олон ажилтныг таньдаг байлаа. Тэд хийсвэр сэтгэж, хүн яаж амьдардгийг, урд хормойгоороо хойдхоо арай гэж нөхдөгийг ойлгохгүй” хэмээн тэмдэглээд, Макрон маягийн хүмүүсийн хувьд 5000 хүн халах нь “Power point” дээрх тоо төдий, өөр юу ч биш” гэж хэлжээ.
Өнгөрсөн онд С.Бэннон үзэл санаагаа дэлгэрүүлэн Европын орнуудаар аялсан бөгөөд энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр дахин аялахаар төлөвлөж байна. “L’Express”-т бичсэнээр тэрбээр Италид Ерөнхий сайдын орлогч Маттео Сальвини, Францад “Үндэсний нэгдэл”-ийн удирдагч Марин Ле Пен, Унгарт Ерөнхий сайд Виктор Орбантай уулзах гэнэ.
Ташрамд дурдахад, С.Бэннонгүйгээр дээр дурдсан удирдагчид Европын парламентын сонгуулийн өмнө хоорондоо идэвхтэй холбоотой байж, тус байгууллага дахь гол франкцуудын нэгийг бүрдүүлэх найдлага тавьж буй. Тийм замаар цагаачлал, төсвийн бодлого болон Европын орнууд, Европын Холбооны өмнө тулгамдсан бусад асуудлаар ярилцах шинэ аргыг хайж байна.
Үүгээр замнахдаа тэд Францын шар хантаазтануудыг татах, тэдэнтэй үйл ажиллагаагаа нэгтгэхээр тохиролцох оролдлого мэдээж хийхгүй. Тийм арга сонгох нь Францын эрх баригчдад, хүн амын хамгийн өргөн олны дэмжлэгийг авах найдлага тавьсан нийт үндэстний цуврал мэтгэлцээн явуулж буй Ерөнхийлөгчийнх нь санаанд нийцэхгүй. Төрийн эрхэнд гарсан эхний саруудаасаа Э.Макрон Европын шинэ удирдагчийн байр суурь эзлэхийг эрмэлзэж буйгаа нуугаагүй. Гэвч хөрш Италид өөрийн гэсэн төлөвлөгөө бий нь тодорхой тул Европын сонгууль хүртэл үлдсэн хугацаанд Ром болон Парис сөргөлдсөөр байх бололтой.