1941 оны аравдугаар сард Гитлерийн арми “Тайфун” (Хар шуурга) нэртэй байлдааны үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь ЗХУ-ын нийслэл Москва хотыг эзлэхэд оршиж байв. Дайны эхний жилүүдэд Германы арми зэр зэвсгийн хувьд ч, цэргийн тооны хувьд ч улаан армиас хэд дахин илүү байлаа. Тэд Вязьмын ойролцоо Оросуудын бэхлэлтийг цөмлөн Зөвлөлтийн таван армийг бүслэлтэд авсан аж. Краснодар нутгийн 150 ам км газарт бүслэгдсэн Зөвлөлтийн дайчид эцсээ хүртэл тэмцсэн авч хүч тэнцүү бус тулалдааны төгсгөл тодорхой байв. Түүхэнд эл тулалдаан Брянскийн бүслэлт нэртэй үлдсэн юм. Бүслэлтэд орсон улаан армийн 5,0 сая цэрэг амь үрэгдэж, 500,0 мянган нь олзлогдсон бол ердөө 85 мянган хүн л тэр бүслэлтээс гарсан байдаг. Тэр азтай хүмүүсийн тоонд Антонина Макарова гэдэг сувилагч бүсгүй ч багтаж чаджээ.
Антонина Мазаровагийн жинхэн овог нь Панфилова гэж байжээ.
Фашистууд бүслэгдсэн газрыг зогсоо зайгүй бөмбөгдөж байв. Ээлжит бөмбөгдөлтөд ухаан алдсан Антонина сэргээд хартал эргэн тойронд нь амьд хүн үлдээгүй аж. Эхэндээ бүсгүй өөрийгөө нас бараад, тамд ирчхэж гэж боджээ. Гэтэл ойролцоо хэн нэгний ёолох чимээ гарав. Окопонд шархадсан цэрэг байхыг хараад амьд байгаагаа ойлгон, өөрийгөө азтайд тооцсон гэдэг. Хөнгөхөн шархадсан цэрэг Николайд ч аз гийсэн гэж болно. Ингээд тэр хоёр хамтдаа бүслэлтээс гарахаар шийджээ. Брянскийн ойд өлсөж үхэхгүйн тулд модны холтос, хуурай навчис чанаж идэн, өдөртөө галын дэргэд дулаацаж, шөнөдөө хоёр биенийгээ тэврэн хонодог байв. Антонинагийн хувьд аймшигт зовлон ард нь үлдэж, аврал мөн гэр бүлийн жирийн амьдрал өмнө нь хүлээж байна гэж бодно. Гэтэл түүний мөрөөдөл биелэх учиргүй байж. Брянскийн ойролцоо ирээд Николай “Эхнэр хүүхэдтэй, тэдэн рүүгээ явлаа” гэх нь тэр. Антонина түүнийг үлдэхийг гуйн, уйлж, дуулаад ч нэмэр болсонгүй. Бүсгүй ойд орь ганцаараа үлджээ. Дайсны бөмбөгдөлтөөс дутахааргүй аймшигт урвалтаас ухаан санаа нь самуурах шахсан бүсгүй нэг хэсэг тосгоноос тосгоны хооронд сажилж явах болов. Ингэж явж байгаад Локоть хэмээх хотхонд ирсэн аж. Тосгоныг Германууд хэдийнээ эзэлсэн байв. Тэрбээр тосгоны захад явж байгаад цагдаа нарт баригджээ. Фашистуудад эзлэгдсэн хот, ялангуяа тосгодын цагдаа нарын үүргийг дайсны талд урвасан хүмүүс гүйцэтгэдэг байв. “Чи хэн бэ? Хаанаас явж байна?” гэж оросоор асуухад нь бүсгүй гайхаад “Намайг Антонина Макарова гэдэг. Москвагаас ирсэн” гэж зөөлхөн дуугарчээ. Фашистууд Локоть хотхонд Автономит бүгд найрамдах улс байгуулах эрх олгохдоо нутгийн ард иргэдийн дэмжлэгийг авна гэж тооцоолсон аж. Зөвлөлтийн засгийн үед хөрөнгөө хураалгасан хүмүүст хөрөнгийг нь буцааж, газрыг тариачдад нь хувааж өгсөн хэдий ч бүгдийн дэмжлэгийг авч чадаагүй нь мэдээж. Дайснуудад эх орноо худалдах хүсэлгүй хүмүүс ой руу гаран партизаны бүлэг байгуулан фашистуудтай тэмцэж байв. Партизануудтай Брянскийн бүслэлтээс гарч чадсан цэргүүд ч олноор нэгдсэн байдаг. Ингээд Локоть нутгийн хүмүүсийн хооронд ширүүн тулаан эхэлсэн байна. Локоть хотын даргаар нутгийн архины үйлдвэрийн инженер байсан Бронислав Каминский гэгчийг томилсон байв. Тэрбээр партизанууд болон тэднийг дэмжигчидтэй өршөөлгүй тэмцдэг байсан бөгөөд үй олноороо нь хоморголон устгадаг байв.
Локоть хотхоны эрлэг Тонька пулемётчин
1943 оны зун Брянск нутгийг фашистуудаас чөлөөлөх тулалдаанууд эхэлжээ. Дайснууд болон урвагсад баруун зүгт ухрах болов. 1943 оны есдүгээр сарын 5-нд улаан арми Локоть хотхоныг чөлөөлсөн байна. Дайны хатуу хуулиар эх орноосоо урвагсдыг шууд л буудан алах ял оноож, эсвэл олон жил маш хүнд ажил хийлгэн хорьдог байв. Локоть тосгонд пулеметчин Тонька гэдэг аймшигтай яргачин эмэгтэй бараг домог болтлоо алдаршсан байлаа. Харин тэр урвагч ор сураггүй алга болсон байв. 1944 оны намар фронтын хээрийн цэргийн эмнэлэгт 422-р цэргийн ангиас нэгэн сувилагч бүсгүй шилжин иржээ. Дуу цөөнтэй, даруухан бүсгүй шархадсан цэргүүдэд бүгдэд нь хүрч сувилахыг хичээнэ. Тэр сувилагч манай өгүүллэгийн баатар Антонина Макорова байлаа. Антонина дайныг тэр эмнэлэгтээ цэргүүдийг асарсаар дуусгасан байна. Тэндээ ирээдүйн нөхөр Валентин Гинзбургтай танилцан гэрлэжээ. Хосууд дайны дараа Валентины төрөлх нутаг Лепельд ирж суурьшив. Лепель хотод 30 гаруй жил амьдрахдаа Антонина хоёр сайхан охин төрүүлж, хотынхоо оёдлын үйлдвэрт чанар шалгагчаар олон жил ажиллаж, хөдөлмөрийн гавшгайч болж хамт олондоо төдийгүй хотынхоо хүндтэй иргэний нэг болжээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа фронтод байлдаж явсан тул тэдэнд улсаас байр өгч, жил болгон ялалтын баяраар шагнуулдаг байжээ. Гэтэл 1978 оны хавар ахмад дайчин, хөдөлмөрийн гавшгайч Антонина Макароваг гэртээ харих замд нь хослол өмссөн гурван хүн хэнд ч, юу ч тайлбарлалгүйгээр хар машинд суулгаад аваад явчихжээ. Гурван цагийн дараа мужийн ДЯЯ-аас үйлдвэрийн боловсон хүчин руу утастаад Макарова эргэж ирэхгүй бөгөөд хувийн эд зүйлс нь үйлдвэр дээр үлдсэн бол гэр бүлийнхэнд нь өгч болохыг хэлжээ.
Антонина Макарова-Гинзбургийн нөхөр эхнэрийгээ баригдсны дараа тулгаж буй ялыг эндүүрэл гэж бодон олон улсын хүний эрхийн байгууллагуудад удаа дараа хандаж байжээ
Фашист цагдаад нарт туугдаад явж байхдаа Антонина тэдэнтэй яриа өджээ. Эхлээд аар саарчхан зүйлийн тухай ярьж байснаа сүүлдээ зөвлөлт засгийг харан зүхэж эхэлжээ. Түүний үзэн ядалт урвагч цагдаа нар хүртэл гайхшран ямар ч байсан хотын даргад үзүүлэхээр шийджээ. Хотын дарга Каминский өмнөө зогсох 19 настай залуухан царайлаг бүсгүйтэй хэдэн хором ярилцахдаа коммунистууд яаж ханддаг талаар нь асуухад Антонина үзэн яддаг гэж хариулсан байна. “Тэдний нэгийг ч болов алж чадах уу” гэхэд бүсгүй шууд л “Арвыг ч алж чадна” гэж. Антонинад алсангүй харин ч морин заводын байранд нэг өрөө гаргаж өгчээ. Бүсгүй Локоть хотын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэсэн орон тоон дээр ажилд орж, сарын 30 герман маркийн цалин авдаг болов. Ажлынх гэж нэг пулемёт хүлээлгэн өгсөн байна. Энэ нь алах ялд заагдсан хүмүүсийг буудан хороох ажил байв. Бүсгүй амиа их л өндөр үнээр олж авчээ. Локоть хотхонд Антонина сайн дураараа ирсэн. Хэн ч түүнийг тийшээ явахыг хүчлээгүй, хэн ч түүнд бусдыг ал эс бөгөөс чи өөрөө үхнэ гэсэн сонголтыг тулгаагүй. Фашист дэглэмийг дэмжүүлэхийг хүссэн вермахтын удирдлага Локоть хотхоныг нэн чухал хэрэгтэй бараагаар хахтал нь хангадаг байсан гэдэг. Хотхоны иргэд өмсөх зүүх, идэж уухын гачигдлыг мэддэггүй байв. Антонинад ойр руу гарч партизануудтай нэгдэх боломж байсан. Гэвч тэрбээр сонголтоо хийсэн. Антонинаг хоёр өдрийн дараа хотхоны захад байдаг оршуулгын газар хүрч ирэхийг тушаажээ. Түүнийг очтол том ухсан нүхний ирмэг дээр хорь гаруй хүнийг эгнүүлэн зогсоосон байлаа. Тэдний эсрэг бүсгүйд хүлээлгэж өгсөн пулемётыг зоожээ. Эхний буудан алах цаазаа Макарова шал согтуу үйлдсэн гэдэг. Учир нь бүсгүй өөдөөс нь цоо ширтэх хөгшид эмэгтэйчүүд хүүхдүүдийн өөдөөс гал нээж чадахгүй уджээ. Хажууд нь зогсож байсан нэг фашистын цэрэг Антонинад шилэн аяга дүүрэн архи хийгээд өгөхөд бүсгүй нэг амьсгаагаар хөнтөрч орхисон байна. Хэдэн хормын дараа Антонинагийн бүх эргэлзээ хийсэн одоход пулемёт буу тачигнаж гарчээ. Буудлага болгон дээрээ Антонина 27 хүнийг алдаг байв. Яг л ийм тооны хүн нэг камерт хоригддог аж. Амин газар нь оноогүй шархадсан хүмүүсийг Антонина гар буугаар нүд рүү нь буудаж алдаг байв. Аллага үйлдсэнийхээ дараа Антонина тэвэр дүүрэн олзтой ирдэг байв. Тэрбээр үхсэн хүмүүсийн гайгүй гэсэн гутал хувцас, зүүлт ээмгийг тайлж аваад гэртээ авчран угааж арчин, зарахыг нь зарж, өмсөж болохыг нь өөрөө өмсдөг байжээ. Цусны толбо, сумнаас үлдсэн нүх бүсгүйг огт айлгадаггүй байлаа. Эхэндээ Антонина хэдэн цагаар ч хамаагүй орон дээрээ нэг цэг рүү гөлрөн суудаг байж. Тэгээд оройдоо герман цэргүүдийн хамт уушийн газар орж ухаанаа алдталаа архи уудаг байв. Сүүлдээ хүн алахыгаа ажил гэж үздэг болжээ. Хоёр жил Локоть хотод яргалал үйлдэхдээ 19 настай Антонина Макарова 1,5 мянган хүнийг өөрийн гараар буудан хороосон байдаг. Ингэж Антонина Макарова Тонька пулемётчин болсон түүхтэй аж.
Антонина Макаровагийн зураг хотын хүндэт иргэдийн самбарт өлгөөстэй байдаг байжээ.
ДЯЯ-ны байцаагчдад өөрийн түүхээ өгүүлэн суух нас тогтсон эмэгтэйн ярианд харамсаж, гэмшсэн шинж огт байхгүй байсан гэдэг. Антонина Макаровагийн байцаалтын протоколоос үзвэл “Хожим чамайг хүний мөс чанар чинь зовооно гэдэг ёстой тэнэг зүйл. Алсан хүмүүс чинь зүүдэнд ирж хар дардаг гэдэг ч би нэгийг нь ч зүүдлээгүй. Миний хувьд бууны хараанд хэн байх нь огт хамаагүй байсан. Тэд намайг танихгүй би тэднийг танихгүй. Буудахад эхний, за яахав хоёр дах удаад л хэцүү. Дараа нь энэ бүхэн зүгээр л хүнд ажил болж хувирдаг” гэж урвагч эмэгтэй мэдүүлсэн байдаг. Дайны дараа Тонька пелемётчинг ЗХУ даяар эрэн сурвалжилсан ч олж чадаагүй аж. Хэдэн зуун Макоров овогтуудыг шалгасан ч шижигтэй хүн илрээгүй байна. Тонька пелемётчингийн хэргийг хэд дахин архивд буцаасан ч хаагаагүй аж. Яагаад гэвэл дэндүү хүнд хэрэг байв. Урвагч яргачинг тун санамсаргүй барьсан байдаг. Тэрбээр өөрийгөө хэзээ ч баригдахгүй гэж бодон ах дүү нартайгаа уулздаг болсон байв. 1977 онд Тонькагийн дүү гадаадад явах болж тэр үеийн журмын дагуу иргэний бүртгэл мэдээллийн төвд анкет бөглөжээ. Гэтэл нэг сонин зүйл гарч ирсэн байна. Гадаад явах этгээдийн бүх төрөл төрөгсөд нь Панфилов хэмээн овогтой байтал нэг эгч нь Макарова гэсэн овогтой байв. Ингээд анкетын эзнийг дуудаж тодруултал Антонина хэмээх түүний эгч нь сургуульд орохдоо удмын овгоо хэлж чадахгүй байсанд ангийнх нь хөвгүүд “Наадах чинь Макоровын охин” гэж өмнөөс нь хашхирсанд багш нь сургуулийн журналд охиныг Макарова гэж биччихжээ. Гэтэл охины эцгийн нэрийг Макар харин овгийг нь Панфилов гэдэг байж. Ингээд сургуульд бүгд түүнийг Макаров гэж дуудсаар, охин ч тэр нэрэндээ дасаж, хожим нь бичиг баримтаа ч хууль дүрмийн дагуу Макорова болгожээ. Энэ л түүнийг олон жил аварсан байлаа. Дээрээс нь тэрбээр нөхрийнхөө Гинзбург овгийг авсан нь эрлийг улам мухардуулсан аж.
Панфиловын эгч болох Антонина Макароваг судалтал бичиг баримтаас ноцтой зөрчил илэрсэнгүй. Хотын хүндэт иргэн, ахмад дайчинд нотлох баримтгүйгээр ял тулгаж болохгүй тул дайны үед Локоть хотод амьдарч байсан, Тонька пелемётчинг мэдэх гэрч нараар таниулах л арга үлджээ. Эхлээд нэг эмэгтэйг нууцаар Лепель хотын оёдлын үйлдвэрт аваачин Макароваг зайнаас харуултал эмэгтэй таньжээ. Гэхдээ олон жил өнгөрсөн тул гэрч андуурч болох магадлалтай. Тиймээс дахин өөр гэрчүүдээр таниулахаар шийджээ. Тонька пулемётчинг таних хэрэгтэйг сонсоод өөр хоёр гэрч бүсгүй үхтлээ айсан гэдэг. Урвагч яргачин тэгж л бусдын зүрхэнд орсон байлаа. Хоёр гэрчийн гадаад төрхийг өөрчлөн нэгийг нь Лепель хотын эмэгтэйчүүдийн байгууллагын даргын өрөөнд бичээчийн дүрээр суулгаад Макароваг худал шалтгаанаар дууджээ. Хоёр дахь гэрч гадаа үүдэнд зогсож байв. Хоёр гэрч хоёулаа Антонина Макароваг Тонька пулемётчин мөн гэж таньжээ. Антонинаг баривчлахад тэрбээр маш тайван байсан бөгөөд, юу ч асуулгүй машинд суусан гэдэг. Дотоод яамныхан түүнийг аймшигтай ичгүүрт унаж байгаадаа сэтгэлээр унан амиа хорлож магадгүй гэж үзэн өрөөнд нь хоригдлын дүрээр өөрийн хүнийг суулгасан аж. Антонинад үхэх хүсэл огт байхгүй байлаа.
Локоть хотын иргэдийг буудан хороож байсан газраа зааж байгаа нь
Тэрбээр өрөөнийхөө хөршид ярихдаа “Дайн байсан юм чинь одоо яалтай билээ. Надад сайндаа л гурван жилийн ял өгнө биз” гэж ярьж байсан төдийгүй шоронгийн эмэгтэй харгалзагч нараас ажлынх нь талаар сонирхож байсан гэдэг. Шоронгоос гараад харгалзагчийн ажлыг хийж, шинэ амьдралаар амьдарна гэж бодож байжээ. Тэрбээр шоронд байх хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ уулзъя гэж нэг ч удаа хүсээгүй байна. Шүүх түүнд буудан алах ял оноосон байна. Антонина Макарова эцсийн мөч хүртлээ амьд явахыг хүсэж байв. Тэрбээр Коммунист Намын төв хороонд өршөөл үзүүлэх өргөдлийг удаа дараа гаргасан ч түүний гуйлтыг бүгдийг нь буцаажээ. Урвагч яргачин Тонька пулемётчинг дайны дараа 34 жил, найман сар, таван өдөр хайсны эцэст олж баривчлан 1979 оны наймдугаар сарын 11-нд ялыг гүйцэтгэсэн байна.