Серб теннисчин Н.Жокович “Австралийн нээлттэй тэмцээн”-д долоо дахь удаагаа түрүүлж дээд амжилт тогтоосноос гадна сүүлийн гурван “Их дуулга”-д тэргүүлэв. Тиймээс түүнийг теннисний түүхэн дэх хамгийн шилдэг эрэгтэй тамирчин гэж дүгнэж болох уу хэмээн асуух цаг иржээ. Энэ асуултад “Тийм”, эсвэл “Үгүй” гэж хариулж болох баримтуудыг доор жагсаав.
ҮГҮЙ
• “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн тоогоор Н.Жокович (15 түрүү) гуравдугаар байрт бичигддэг. Түүний өмнө Р.Надаль (17), Р.Федерер (20) буй.
• “Мастерс” ангиллын тэмцээнд Н.Жокович 32 удаа түрүүлсэн бол Р.Надаль 33 удаа тэргүүлж дээд амжилт тогтоосон.
• Серб теннисчин нийт 73 цом хүртээд буй нь мэргэжлийн эрэгтэй теннисчдийн түүхэнд долдугаар байрт орох үзүүлэлт юм. Нэгдүгээр байрт 109 түрүүтэй Ж.Коннорс, дэд байрт Р.Федерер (99) ордог.
• Нийт ялалтын тоогоор (846) Н.Жокович наймдугаарт бичигддэг бол эхний хоёр байрт мөн л Ж.Коннорс, Р.Федерер нар заларч буй. Серб залуу ялалтын хувиар (82.8) Р.Надаль (83.0), Б.Боргийн (83.1) дараа бичигддэг.
• Жилийн турш бүрэн давамгайлсан теннисчин бол Р.Федерер. Тэрбээр нэг жилд болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний финалд гурван удаа (2006, 2007, 2009 он) шалгарч гайхалтай амжилт үзүүлсэн. Харин Н.Жокович 2015 онд л ийм амжилтын эзэн болж байв. Түүнчлэн швейцар теннисчин 2004, 2006, 2007 онд дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь түрүүлсэн бол серб теннисчин 2011, 2015 онд л гурвалсан “цохилт” хийжээ.
• Дэлхийн чансааг тэргүүлсэн долоо хоногийн тоогоор (235) Новак тавдугаар байрт ордог. Түүний өмнө Ж.Коннорс (268), И.Лендл (270), П.Сампрас (286), Р.Федерер (310) бий. Эдгээр дээд амжилтыг эвдэх боломж серб теннисчинд байгаа боловч чансааг дараалан тэргүүлсэн долоо хоногийн тоогоор Р.Федерерийн амжилтад (237) хүрэх нь бараг боломжгүй. Н.Жокович 122 долоо хоног дараалан чансааны тэргүүн байрт бичигдсэн.
ТИЙМ
• “Их дуулга”, “Мастерс” ангиллын тэмцээн, оны сүүлчийн “Мастерс” зэрэг дээд ангиллын тэмцээнийг оруулж тооцвол цомын тоогоор Н.Жокович зөвхөн Р.Федерерийн дараа бичигдэнэ. Гэхдээ зөрүү нь ердөө ганцхан цом (52 болон 53).
Түүнээс гадна серб теннисчин нийт цомынхоо 71 хувийг (73 тэмцээний 52) дээр дурдсан топ тэмцээнээс хүртсэн бол Р.Надаль болон Р.Федерерийн хувьд энэ үзүүлэлт дөнгөж 63 болон 54 хувь байна. Өөрөөр хэлбэл, Н.Жоковичийн ялалтууд арай “чанартай” гэж үзэж болно.
• Н.Жокович анх “Их дуулга”-д түрүүлсэн 2008 оноос хойших үзүүлэлтийг авч үзвэл тэрбээр 15 удаа, Р.Надаль 14, Р.Федерер найман удаа тус тэмцээнд ялжээ. Серб теннисчин эдгээр 15 түрүүг хүртэхдээ 11-т нь Рожер эсвэл Надалийг хожсон юм.
•2015-2016 оны улиралд Н.Жокович дараалж дөрвөн “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн. Теннисний түүхэнд ийм амжилтад түүнээс гадна Р.Лэйвер л хүрсэн билээ. Гэхдээ австрали тамирчныг ид байхад тус цуврал нь ердөө зүлэг, шороон талбайд болдог байсан бол Новак хард, зүлэг, шороо гэсэн гурван өөр төрлийн талбайд тоглож, аварга болж байлаа.
• “Австралийн нээлттэй тэмцээн”-д аваргалснаар Новак нэг “Их дуулга” тэмцээнд гурав дараалж түрүүлсэн цор ганц эрэгтэй теннисчин болов. Түүний дараа Р.Федерер (хоёр удаа), Р.Лэйвер, П.Сампрас, Р.Надаль (тус бүр нэг) бичигддэг.
•Зөвхөн Н.Жокович л нэг жилд АТР-ийн 14 гол тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн. Тэрбээр өнгөрсөн жил уг амжилтад хүрсэн билээ.
• Новак бол универсаль теннисчин. Тэрбээр гурван өөр төрлийн гадаргуутай талбайд байгуулсан ялалтын хувиар эхний 10-т ордог цорын ганц тамирчин юм.
• Өнгөрсөн улиралд дэлхийн тэргүүн теннисчин болохдоо Новак дөрвөн дээд амжилт тогтоосон. Улирлын турш эхний 20 байрт бичигдээгүй, “Уимблдон”-оос өмнө нэг ч тэмцээнд түрүүлээгүй, оны эхний 10 тоглолтын тавд нь ялагдсан атлаа тэрбээр дэлхийн тэргүүн теннисчин болж байв. Мөн чансааны эхэнд бичигдсэн хамгийн ахмад теннисчин (31 нас, 223 өдөр) болсон юм.
• Гол өрсөлдөгч болох Р.Федерер, Р.Надалийг ялахдаа серб залуу гаргуун. Тэрбээр испани теннисчнийг 28 ялж, 25 ялагдсан бол швейцар өрсөлдөгчөө 25 хожиж, 22 удаа хожигджээ.
Р.Манлайбаатар