ОХУ-д анхныхад тооцогдох, Чингис хаанд зориулсан хөшөөг Халимаг улсын Яшкульск дүүргийн Привольный сууринд байрлуулжээ. Тус сууринд дурсгалын цогцолбор байгуулах гэж буй Халимагийн “Улан-Хееч” үйлдвэрээс энэ тухай мэдээлэв.
Энэ хавар эхлэх хоёр дахь шатны ажлын үеэр их хаанаа өргөж байгаа мэт харагдах дөрвөн дайчны хөшөөг суурилуулснаар цогцолбор бүрэн болох гэнэ. Хөшөөг нээх ёслолыг цогцолборыг барьж дууссаны дараа хийнэ. Уг хөшөө нь 2.5 тонн жинтэй бөгөөд суурин дээр монгол бичигт суурилан зохиосон тод бичгээр Чингис хааны нэр, амьдарсан жилийг сийлжээ.
Чингис хааны хөшөөг тойруулан дөрвөн дайчны хөшөө суурилуулж, түүнийг их хаанд өргөмжилсөн монгол овог, аймгуудын туг, далбааг байрлуулах аж. Тэдний дотор торгуудууд байсан бөгөөд үр удам нь дурсгалын цогцолбор байгуулах гэж буй Халимагийн энэ дүүрэгт одоо ч амьдарч байна.